Сонгууль ойртож нэр дэвшигчид сурталчилгаагаа хууль зөрчин байж эхлүүлээд байгаа гэхэд буруутахгүй. Тэгвэл Л.Гүндалай Монголынхоо ард түмэнд зориулан "Монголоороо байгаасай" хэмээх дууг дүрсжүүлсэн нь сошал ертөнцөд нэлээдгүй шуугиан тариад байгаа билээ.

Тэгвэл энэхүү дуугаа албан ёсны зөвшөөрөлгүй дуулсан бөгөөд бусдын хийсэн байсан бүтээлийг өөрийн мэт болгон цацсан нь уран бүтээлчдийн дургүйцлийг хүргээд байна. Уг дууг одоогоос дөрвөн жилийн өмнө МУГЖ Б.Дашдондог болон “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах нар дуулан “SS entertaiment” студид клипээ хийлгэж олны хүртээл болгосон юм.

Энэ тухай Б.Дашдондог "Гүндалай энэ дууг дуулаад дүрсжүүлжээ. Их заваан юм хийсэн байна билээ. Надад дуулах гэж байгаагаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Зөвшөөрөл аваагүй хэрнээ клип хүртэл хийжээ. Тэгэхдээ бүр манай клипний дүрснээс тастчихаж. Ингэж болохгүй шүү дээ.

Энэ дууг дуулмаар байна. Танай клипнээс чиний дүрсийг авч хаяад би дуулъя гэсэн. Тэгэхэд нь зөвшөөрөөгүй. Хэлээд байхад л хийчихсэн байгаа байхгүй юу. Одоо миний хажууд дуучин Амараа хүртэл ирчихсэн наад асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд сууж байна. Ямар ч байсан эхлээд Гүндалайтай уулзана. Энэ асуудлаар над руу олон хүн утасдаж байна. Зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийнхөөрөө зүтгэж ийнхүү клип хийгээд дуулчихсныг нь ерөөсөө ойлгохгүй юм. Уг нь би энэ дууг дуулах гэж байгаа юм бол эхлээд автороос нь зөвшөөрөл ав. Дараагаар нь өөртөө тааруулаад цоо шинээр хөгжим хийлгээд, дүрсжүүл гэж хэлсэн. Ингэж хэлсээр байхад гүрийгээд хийчихэж байгаа нь янз үзэж байгаагийн нэг хэлбэр" хэмээн хэвлэлд өгсөн ярицлагадаа онцлон хатуухан хэлжээ.

 

МУГЖ Б.Дашдондог, С.Амармандах нарын хамтран дуулсан "Монголоороо байгаасай"

 

Л.Гүндалайгийн дуулсан "Монголоороо байгаасай"