П.Орхон: Би түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүртэл хүчгүй ирж байсан
2016/02/08
Олон улсын хэмжээний мастер П.Орхон саяхан ОХУ-ын Красноярск хотноо болсон олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Гран-При”-гаас жиндээ алтан медаль хүртсэн билээ. Тэрээр аваргын төлөө Японы бөх Каори Ичотой барилдаж ялсан юм.
Түүний өрсөлдөгч Каори Ичо 13 жил тасралтгүй амжилттай барилдаж барилдаан болгоноосоо алтан медаль хүртэж байсан бөгөөд ердөө хоёрхон мөнгөн медальтай. Үүний нэг нь Орхонд ялагдаж авсан мөнгөн медаль. Японы домогт бөхийг ялсан монгол охины талаар дэлхий нийт сонирхож байна. Ингээд “Алдар” спорт хорооны тамирчин, улсын залуучуудын шигшээ багийн тамирчин Пүрэвдоржийн Орхонтой эх орондоо ирээд байхад нь ярилцсан юм.
-Танд баяр хүргэе. Үнэхээр түүхэнд бичигдэх амжилтыг энэ удаа гаргалаа. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа.Сэтгэгдэл өндөр байна. Би шүтэж явдаг бөхтэйгөө анх удаа таарч барилдаад яллаа. Дэлхийн чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг татсан гоё барилдаан гаргасанд баяртай байна.
-Энэ удаагийн тэмцээнд ямар бөхчүүдтэй барилдав. Нутаг нэг бөхтэй хүртэл барилдаж ялсан шүү дээ?
-Эхний тойрогт Шоовдор эгчтэй барилдсан. 10:1 харьцаагаар хожсон. Шоовдор эгчтэй энэ жилийн Улсын аваргаар барилдаагүй. Бараг хоёр жилийн өмнө барилдаж байсан юм байна. Дараагийн тойрогт Оросын бөхтэй барилдаад мөн хожсон. Аваргын төлөө Японы Каори Ичотой барилдсан. Ер нь өрсөлдөгчдөө 10:0 харьцаагаар л ялна гэсэн зорилготой дэвжээнд гарсан.
-Тэмцээний үеэр гадны хэвлэлийнхэнд Каори Ичог их судалсан. Түүнд зориулж тусгайлан бэлтгэл хүртэл хийсэн гэж ярьсан байсан, та?
-Каори Ичогийн барилдааныг судалдаггүй бөх байхгүй байх. Чөлөөт бөх сонирхдог эрэгтэй, эмэгтэй бүх бөх л түүний барилдааныг судалдаг. Үлгэр жишээ авдаг. Гэхдээ би Каори Ичогийн барилдаанд тулгуурлаж, тохируулж биш өөрийнхөө барилдаанд тулгуурлаж хэрхэн түүнтэй барилдах тал дээр түлхүү бэлтгэл хийсэн.
-Та хоёрын барилдааны өмнө Монголын бөхчүүд түүнтэй барилдаж ялагдсан байсан. Энэ байдал таны сэтгэл зүйд хэр нөлөөлөв?
-Өдөр завсарлагаанаар Гантуяа, Цэрэнчимэд бид гурав Каори Ичогийн талаар ярьсан. Манай хоёр түүнд ялагдсанаа яриад ядаж оноо салгах хэрэгтэй гэж хошигнож байсан. Гэвч миний хувьд дотроо заавал ялна гэсэн зорилго тавьсан байсан.
-Каори Ичо Японд очоод хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагаас харахад нэлээд хүнд цохилтод орсон юм шиг санагдсан?
-13 жил ялагдаагүй хүн харамсалгүй яахав. Ер нь Каори Ичо нэг оноо алдахаараа их шатаж барилдаж харагддаг. 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Соронзонболдын Батцэцэг эгчтэй барилдах үеэрээ нэг оноо алдаад нэлээд бухимдаж байсан. Ялагдал хүлээх юм бол хэзээ ч мартахгүй. Хэрвээ олимпод оролцох юм бол ингэж барилдана гээд надад аль хэдийнэ мэх бэлдчихсэн л байгаа. Сэтгэлзүйн хувьд ч их дарамттай ирнэ гэж би бодож байна.
-Каоригийн сэтгэл хөдлөлийг мэддэг учраас барилдах үедээ маш сайн ажиглаж байсан уу?
-Өглөөний барилдаануудыг нь харахад Чимэдээгийн хувьд Каори Ичо руу довтолсон барилдааныг их хийж байсан. Каоригийн хөлийн хамгаалалт хамгийн сайн. Би Японд нэг удаа хамтарсан бэлтгэл хийж байхад хөлийн жийлтийг нь бүр зориуд өөрөөс нь асууж заалгаж байсан удаатай. Тиймээс хөлд нь оръё, довтолсон барилдаан гаргая гэж бодоогүй. Эхлээд өөрийнх нь барилдааныг харсан. Түрүүлж оноо авсан нь давуу тал болсон. Их оноо алдаад ирэнгүүтээ Каори хэт шатаад, хөл авалтууд нь хүчгүй ирж байсан.
-Та хоёрын барилдааныг харахад Каорийг хөдлөх бүрт хариу мэх барьж дайрч барилдсан. Өрсөлдөгчөө суларч байгааг мэдсэн учраас тийм итгэлтэй барилджээ?
-Гарын барилт их задгай. Зай их гаргаж, дараалан алдаа гаргаж байсан. Миний хувьд тайван байсан. Есөн оноотой явж байгаад сүүлийн нэг оноог би алдчихлаа гэж бодоод босоод ирсэн чинь шүүгч надад нэг оноо өгөөд арван оноогоор илт давуу байдлаар хожсон. Бидний барилдааныг хүмүүс шимтэн үзэж байсан. Хоёр багшийн яриа тод сонсогдож байсан. Заалан дахь бүх үзэгч нам гүм. Яг арван оноогоор ялах мөчид монголчуудын хашгирах нь надад сайн сонсогдсон.
-Ер нь барилдааны үеэр ямар мэхийг түлхүү сайн гаргаж чаддаг вэ?
-Манай Хосоо багшийн заадаг хөл авалтуудыг сайн гүйцэтгэхийг хичээдэг. Мөн довтолгооны мэхүүдийг сайн гаргахыг хүсдэг.
-Гадны хэвлэл мэдээлэл барилдааны дараа чамаас ярилцлага авсан гэж сонссон?
-Каори Ичогийн талаар хэзээ анх сонссон, барилдааныг нь хэзээнээс мэддэг болсон гэж ирээд л Оросын телевиз ярилцлага авсан.
-Хосбаяр багштай хэзээнээс бэлтгэл хийж эхэлсэн юм бэ?
-2007 онд Хосбаяр багшид шавь орсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багшийнхаа удирдлага дор хичээллэж байна.
-Сая багштайгаа уулзахад өөрийг тань үнсээд үг хэлж харагдсан. Юу гэж байна?
-Аваргын төлөө барилдахын өмнө багш Монголоос ээжээр дамжуулж надтай холбогдсон. Каори Ичо ингэж барилдаж байна шүү. Тэгж барилдаарай гээд зөвлөгөө өгсөн. “Башгийнхаа хэлснээр барилдаж алтан медаль авчирсанд баяр хүргэе” гэж хэлээд Хосоо багш намайг үнссэн.
-Олимпийн эрхээ аваагүй байгаа юу?
-Олимпийн эрхээ аваагүй. Удахгүй болох олимпийн эрхийн тэмцээнээс авна даа.
-Өнгөрсөн жил жиндээ дэлхийн аваргын тэмцээнд оролцож чадаагүй. Үүнд багагүй харамссан гэсэн?
-Өнгөрсөн жил намайг дэлхийн аваргад явуулаагүй. Тухайн үед гомдож л байсан.Одоо бол нэг их юм бодохгүй байна. Улсын аваргад 55 кг-д би хоёрт орсон байсан. Номио эгч түрүүлээд дэлхийн аваргад явах байсан ч тодорхой шалтгааны улмаас явж чадахааргүй болсон. Тэгээд намайг явуулах байх гэж бодож байтал өөр жингээс хүн явуулчихсан. Тэр үед намайг дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүй нь өнөөдрийн миний амжилт гаргах гол шалтгаан ч болсон байж магадгүй. Хүн юмнаас дутаж, хасагдахаараа хор шарандаа илүү их бэлтгэл сургуулилт хийдэг юм шиг санагддаг.
-Харин өнөө жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д барилдсан. Шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
-Өнөө жилийн улсын аваргын тэмцээнд жингээ хасч 58 кг руу орно гэдэг шийдвэрийг би өөрөө гаргасан. Улсын аваргын өмнө Хосоо багштай уулзаад би улсын аварга шалгаруулах тэмцээнд 58 кг-д орно, түрүүлнэ гэж хэлээд жин хасч орсон. Хэлсэндээ хүрч улсын аварга болж чадсандаа баяртай байгаа.
-Та насанд хүрэгчдийн улсын шигшээ багт багтаагүй байгаа юм уу?
-Залуучуудын шигшээ багт 2013 онд орсон. Одоо ч гэсэн байгаа.
-Францын Парис хотноо болсон “Гран при” тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Лхамгармааг өөрийн тань найз залуу гэсэн үү?
-Тийм ээ. Бид хоёр үерхээд тав, зургаан жил болж байна. Хоёр биендээ зөвлөгөө өгнө. Миний хувийн цалингүй туслах шиг л байдаг ш дээ (инээв).
-Тэмцээний дараа та хоёр утсаар ярив уу?
-Парисаас ирээгүй байгаа. Би барилдаж дуусчихаад байрласан газартаа ирээд орой нь интернэтэд ороод харсан чинь аваргын төлөө гарчихсан байхыг нь мэдээд их баярласан. Одоо болтол холбогдоогүй л байна. Харин намайг домогт бөхийг ялсан гээд ээж, ах эгч нар гэр бүлийнхэн уйлалдаж бөөн юм болсон (инээв). Миний ойр дотнын хүмүүс ер нь бөхийн спортод сонирхолтой. Өвөө, нагац ах маань барилддаг байсан. Миний төрсөн ах бас барилдаж байгаад өнгөрсөн жил хөлөө хугалаад бөхөөс хөндийрсөн.
Зочин · 2016/02/09
nice