Дал наяад оны сар шинийн барилдааны түүхийг эргэн сөхөхөд
2016/02/12
Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ.
Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна.
Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Сонирхолтой нь цагаан сарын анхны барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарч байжээ. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан.
Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо,найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.
Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр Говь-Алтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болох Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.
Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.Цэнд-Аюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, Говь-Алтайн Ригжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай Баян-Өлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун нарын хүчтэй начингууд (одоогийн харцага) ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэх нь мэдээж.
Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга сар шинийн барилдаанд түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Наян нэгэн оны Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Адуучийн Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой эд байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барим тавим хэлдэг юм.
Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга дараалан түрүүлсэн юм. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлсэн юм. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.
Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Сүхбаатарын Чойдорын Өвгөнхүү начин цолтой түрүүлснээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.