Гурван хүүхдийн эх, 37 настай Б.Гэрэлтуяа 2015 оны 08-р сарын 08-ны өдөр нас барсан. Тэрээр нас барахдаа дөрвөн сартай жирэмсэн байсан бөгөөд түүнийг шоконд орсны улмаас нас барсан гэх дүгнэлтийг Шүүх эмнэлэгээс гаргасан байдаг. Уг нь талийгаач хууч өвчингүй, жирэмслэлт болон ургийн бойжилт хэвийн хүндрэлгүй байсан гэдгийг эмчийн хяналт нь баталдаг. Нас барахаас нь хоёр хоногийн өмнө түүний нуруугаар өвдөж эхэлсэн тул түргэн дуудаж үзүүлсэн бөгөөд өвчин намдаах эмийг 12 цагийн зайтай уухыг зөвлөөд явсан байдаг. Талийгаач уг эмийг 12 цагийн зайтай хоёр удаа уусан ч өвчин нь намдаагүй тул харъяа дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл буюу Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хэвтсэн байна. Гэвч маргааш нь сэхээнд орж улмаар төрж амжаагүй, дөрвөн сартай үрийнхээ хамт нас баржээ.

Түүний үхлийн шалтгааныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн Анафилаксийн шок энгийнээр хэлбэл түр зуурын шок болсны улмаас нас барсан хэмээн дүгнэсэн байдаг. Улмаар хэргийг Сонгинохайрхайн дүүргийн цагдаагийн 3-р хэлтэсээс шалгаж байгаад 2016 оны 01-р сард хэргийг хаасан байна.

Талийгаач бүсгүй эмнэлэгт очихдоо өөрөө явж очсон байдаг бөгөөд нас барахынхаа өмнөх өдөр нь нөхөртэйгөө банштай цай хуваан ууж, удахгүй гэртээ гарна хэмээн ярьж байсан аж. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хямрал, хүндрэлгүй байсан ч маргааш өдөр нь нас барсан байдаг нь гэр бүлийнхэнд нь хардлага төрүүлж байгаа ажээ.

Энэ талаар бид талийгаачийн гэр бүлийн хүн болох Ц.Нямдаваагаас тодруулахад: “Талийгаач Б.Гэрэлтуяатай гэр бүл болоод 3-10 насны гурван охинтой болсон. Эхнэр маань жирэмсэн болж, өнөр өтгөн айл болно гэж баярлаж явсан. Би хөдөө ажил хийж, талийгаач маань хүүхдүүдээ харан бусдын л адил амьдарч байсан. Талийгаач эхнэр маань жирэмсэн байх явцдаа нуруу нь өвдсөн гэсэн оноштойгоор СХДЭМН-д харъяалалын дагуу өөрсдөө очиж үзүүлэхэд , тус эмнэлэгийн хүлээн авах дээр хонуулаад өглөө нь сэхээний тасаг руу шилжүүлж эмчлүүлсэн боловч учир битүүлэгээр эхнэр болон хүүхдээ алдсан. Гэнэтийн энэ явдал манай гэр бүлд их л хүнд цохилт боллоо. Хүүхдүүд маань дүүтэй болно, би хүүтэй болно гэж хөөрч явсан болохоос биш эхнэр хүүхдээ зэрэг алдана гэж төсөөлж явсангүй. Урд өдөр нь хамт яриад сууж байсан, эмнэлэгээс нь эм тариа авч ир гэхэд нь асууж сураглаад авч ирсэн боловч нас барсанд, хэргийг хаасанд гомдолтой байна” гэдгийг хэлж байлаа.

Талийгаач бүсгүй өмнө нь гурван удаа ямар ч хүндрэлгүй төрж байсан юм. Түүний дөрөв дэх жирэмслэлт ямар ч хүндрэлгүй байсан бөгөөд эмнэлэгийнхэн хэрвээ шуурхай ажиллаж, эмнэлэгийн тусламжийг түргэн үзүүлсэн бол эхнэр хүүхдээ алдахгүй байсан хэмээн бодож байгаагаа Ц.Нямдаваа нэмж хэлж байсан юм.

Жирэмслэлт хэвийн явагдаж байхад эмч нар хариуцлага алдсан байж болзошгүй үйлдлийн улмаас нас барсан энэ хэргийн талаар бид СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, талийгаачийг үзсэн эмч нараас тодруулан эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа