Холливүүдийн нэрт жүжигчин Леонардо Ди Каприо саяхан Монгол оронд хийх адал явдалт аялалын багт багтахын тулд $95 мянгыг төлөхөөр болсон хэмээн цахим ертөнцөд шуугиад байгаа билээ.

Ням гарагт Их Британий кино урлагийн BAFTA наадмын шагналыг “The Revenant” бүтээлээрээ хүртсэн 41 настай жүжигчин маань Хөвсгөл нууранд 10 хоногийн аялал хийхээр болсон аж. Энэхүү аялалыг удирдан зохион байгуулах Шведийн аялагч Иохан Эрнст Нильсон “Би энэ аялалыг хийхдээ хүмүүсийг дадсан амьдралаас нь гаргаж, урьд нь хийж үзээгүй зүйлсийг нь бодитоор үзүүлнэ. Хэрвээ чи хил хязгаараа давж чадвал шагнал нь маш өндөр байх болно. Энэ бол гайхалтай туршлага байх юм” хэмээн New York Post сонинд ярьжээ.

Леонардо Холливүүдийн одын хүлээснээсээ гарч, гэрт амьдарч, шонхроор ан ав хийж магадгүй гэнэ. Тэр “The Revenant” кинонд зураг авахуулахдаа ч зэрлэг байгальд, хүнд нөхцөлд ажиллаж байснаа ярьж байсан юм. Тэгвэл Ди Каприо энэ удаа бодит амьдрал дээр өөрийгөө сорино гэж олон нийт үзэж байна.