Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо 60 хувиар илүү байгаа ч Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулж байна.

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон. Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд байгаа гэнэ.

Т.Буянаа