Ирэх сараас эхлэн хөнгөлөлттэй үнээр байр түрээслэх боломжтой боллоо.

Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Өнгөрөгч онд улсын хэмжээнд 22.9 мянган өрх бусдын орон сууцыг түрээсэлж амьдардаг гэсэн судалгаа гарсан байдаг. Иймээс эдгээр өрхийг өөрийн гэсэн байртай болох хүртэл хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангахаар "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг баталсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу эхний ээлжинд 900 гаруй орон сууцыг хамруулах боломжтой болсон хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

ТОСК-ийн Буянт-Ухаа хороолол, орон нутагт баригдаж буй 1000 айлын байрнаас хамруулахаар болсон байна. 900 гаруй байрны 350 нь нийслэлд, 579 нь орон нутагт түрээслэхээр боломж олгожээ.

Уг орон сууцны метр квадратын үнэ хөдөө орон нутагт 4,000 нийслэлд 5,500 төгрөг байхаар тооцсон байгаа аж. Түрээсийн төлбөрийг сар сард нь хийх бөгөөд болзошгүй эрсдлээс сэргийлж, иргэдээс барьцаа авна. Барьцаа нь гурван сарын түрээсийн үнэтэй тэнцүү байхаар журамд тусгасан байна. Мөн байраа урт хугацаанд түрээслэн амьдарсан иргэд тухайн байрныхаа үндсэн үнийн 30 хувийг төлсөн бол банкны зээлд хамрагдан орон сууцаа өмчлөх эрхтэй болох аж.

Түрээслэх иргэдэд тавих шаардлага:

• Эрх зүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн
• Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
• Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой
• Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй.


Бүрдүүлэх бичиг баримт:


• Иргэний цахим үнэмлэхний хуулбар /Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
• Өргөдөл
• Орлого тодорхойлох баримт бичиг
• Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
• Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.


Түрээсийн сууцанд тавигдах шаардлага:


• Барилгын норм, дүрмийн шаардлагыг хангасан;
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчинг бүрдүүлсэн;
• Инженерийн иж бүрэн хангамжтай, зочны, унтлагын, гал тогоо, ариун цэврийн өрөө бүхий 30-50 м2 хүртэлх талбайтай байна.