Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг хос болгох ажлыг энэ онд эхлэх юм. Уг ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж буй учир заавал хятадын компани барилгын ажлыг гүйцэтгэх аж.

Энэ талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэвлэлийн хурал зарлан дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, “2011 оны Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрээр Улаанбаатар хотын гүүрэн гарцуудад 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай шийдвэр гарч, УИХ-аар соёрхон баталсан. Энэ ажил үргэлжлээд 4-5 жилийн хугацаа өнгөрч байна.

2015 оны долдугаар сард гарсан МУ-ын Засгийн газрын тогтоолоор Баянзүрх, Сонсголонгийн гүүрийг хос болгох ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэр гарсан. Энэ нь 20 жилийн хугацаатай жилийн хоёр хувийн хүүтэй нөхцөлөөр авсан хөнгөлөлттэй зээл. Хоёр улсын хооронд хэлэлцэж, тохиролцсон асуудал.

Хятадын Засгийн газраас үзүүлж байгаа зээл тусламж, аливаа хөрөнгө заавал хятад гүйцэтгэгчтэй байна гэсэн нөхцөлөөр зээл, тусламжийг авдаг. Тиймээс Хятад компани барих ёстой, нэр нь ирчихсэн байна. Тун удахгүй ямар компани барих нь тодорхой болно” гэлээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр монголын компаниуд дээрх үнээс хоёр дахин хямд өртөгөөр барьж болно гэсэн мэдээлэл гарсан. Үүнд Д.Нанзаддорж дарга “Манай дээр энэ талаарх санал хүсэлт ирээгүй. Тэглээ ч хоёр улсын Засгийн газар тохирсон асуудал учраас ажлаа гүйцэтгэхээс өөр арга байхгүй” гэсэн юм. Үнэндээ Сонсголонгийн замыг “Гудамж” төслийн санхүүжилтээр барьж өнгөрсөн жил ашиглалтад орсон билээ. Нийт дөрвөн эгнээ замтай ч Сонсголонгийн гүүр нь хоёр эгнээ замтай учир тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байдаг юм.

Т.Буянаа