Өчигдөр МАН, МАХН-ын ахмад гишүүд болох төр, нийгмийн ахмад зүтгэлтэн Т.Рагчаа, Д.Гомбожав, П.Дамдин нар МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарт МАН, МАХН-ыг нэгтгэх мэдэгдлийг гардуулсан байна.

Мөн Ц.Балхаажав, Х.Цэвлээ, З.Цэрэндондог, Ц.Адъяа, Ш,Сүрэнжав зэрэг 10 гаруй МАН-ын ахмад гишүүд ч өчигдөр МАХН-ын төв байранд ирж , намын дэд дарга Д.Тэрбишдагвад    уриалгаа гардуулан өглөө.

МАН, МАХН-ын ахмадууд : " Салж, бутраад амжилтанд хүрдэггүйг өнгөрсөн цаг хугацаа харууллаа. Өнгөрөгч онд хоёр ч сонгууль болсон бөгөөд өөр хоорондоо өрсөлдсөөр байгаад бусдад байр сууриа булаалгачихлаа  Иймд дахин алдаагаа давтахгүйн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэж орох учиртай. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэх үгийг өмнөтгөлөө болгож, гар барилцан нэгдэх хэрэгтэй.  Түүнчлэн намаа цэвэрлэж, олигархиудаасаа ангижрах болсон. Нам цэвэршиж байж, урагшаа алхаж, амжил гаргана"  хэмээн өгүүлж байв.


МАН, МАХН-ын ахмадуудын мэдэгдэлд
“Хариуцлагагүй зарим улстөрчдийн харгайгаар манай намд харамсаж баршгүй хагарал үүссэн. Энд намын жирийн гишүүд ямар ч буруугүй. Энэ хагарлын уршгаар намын хүч суларч, нөлөө нь буурсныг амьдрал харуулав. Нөгөө талаар, төрийн бодлогын чухал чухал шийдвэрийг АН дангаар гаргаж, тооцоо бодох, хонзогнох байр сууринаас асуудалд хандаж, ажлаа мэддэг мэргэжлийн олон тооны хүмүүсийг хоморголон ажлаас халж улсын ажлыг цалгардуулах зэргээр нэгэн намын дарангуйлал тогтоож байгааг учир мэдэх хүн бүр ойлгож ярих болов. Ийм нөхцөлд МАН, МАХН-ын гишүүн та бидэнд хүчээ нэгтгэхээс өөр сонголт одоо нэгэнт үгүй болжээ. Иймээс бусниулсан эв нэгдлээ эргэн сэргээхэд хүн бүр хүчин зүтгэл гаргахыг бид журмын нөхөддөө уриалж байна. "Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай хүчтэй" гэсэн ардынхаа цэцэн үгийг санацгаая” гэжээ.

 

 МАН-ын дарга Ө.Энхтүвшин тэдний яриаг анхааралтай сонссоны эцэст  “Миний хувьд хоёр нам нэгдэх асуудлыг  талархан дэмжиж байгаа. Тиймээс ч бид МАХН-ын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулсан билээ . Тэр ч бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай хүртэл уулзсан. Бидний хувьд гуравдугаар сарын 25-н хүртэл бүх намын үүрээр санал асуулга явуулах бөгөөд хамгийн өндөр рейтингтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болно. Ер нь хоёр нам нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой гэж үзэж байгаа” гэсэн хариу өгсөн юм.

П.Энхмандах