Монголын нүүрсийг “хэлэлцэх” хамгийн том чуулга уулзалт маргааш болох гэж байна. Нийт экспортын 40 хүртэлх хувийг дангаар эзлэх чулуун нүүрс экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлэх болсон.

Гэсэн ч нүүрснээс хүртэж буй Монголын орлогод ахиц дэвшил алга гэх хүн олон байна. Монголын нүүрсний нийт нөөц 173.3 тэрбум тонн боловч зах зээл нь ганц. Худалдан авагч нь БНХАУ. Урд хөршөөс хамааралтай Монголын нүүрс шинэ  зах зээлийн эрэлд мордох цаг болж. Зөвхөн Хятадын эрэлт хэрэгцээнд түшиглэж нүүрсээ зөөх бус үнэд оруулъя. Байгалийн баялгаа үнэ цэнэтэй капитал болгон хөрвүүлье. Монголоос нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж буй Япон, Өмнөд Солонгос, Германтай түнш болцгооё. Зөвхөн нэг зах зээлд, нэг гүрний эрхшээлд автах цаг одоо лав биш. Тиймээс улс төрөөс үүдэн гацаж буй төмөр замын бүтээн байгуулалтаа яаравчлая. Дотооддоо нүүрс угаах, коксжуулах аж үйлдвэрийн цогцолборын ажлаа түргэвчлэе. Нүүрснийхээ тодорхой хувийг дээр өгүүлсэн орнуудад арилжаалж болох гарцыг нээе.

Монголын нүүрс “зэрэг нэмэх”-ийн өмнө

“Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч тус улс дэлхийн суурь металлын зах зээлд гол тоглогч хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, металлын хэрэглэгч, боловсруулагч, импортлогч хэмээх орон зайгаа авч үлдэж чадна” хэмээн Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд “Дэлхийн металлын зах зээлийн чиг хандлага: Монгол Улсын эдийн засаг дахь нөлөөллийг үнэлэх нь” судалгаандаа онцолжээ. Түүний хэлснээр БНХАУ-ын эдийн засгийн түрэмгий өсөлт бага зэрэг цуцсан ч, урд хөршийн байр суурь ганхсангүй. Хятадын эдийн засаг сүүлийн 30 жилд дунджаар 9.9 хувиар тасралтгүй өссөн. Энэхүү амжилтаа энэ онд бататгах эсэхийг таамаглахад эрт байж болох юм. Хятадын аж үйлдвэрийн өсөлтөөс Монголын нүүрсний зах зээлийн үнэ тогтож, түүнээс хамаарч төсвийн орлого бүрдэх эсэх нь шалтгаална. Өөрөөр хэлбэл, Хятадад буй гангийн үйлдвэр сэргэсэн тохиолдолд Монголын нүүрс “зэрэг нэмнэ”. БНХАУ-ын хувьд энэ жил 70-100 сая тонн хатуу коксжуулсан нүүрс импортолно гэж буй. Гэхдээ Хятадын коксжих нүүрсний эрэлт нь гангийн эрэлтээс ихээхэн шалтгаалдаг.

Дэлхийн коксжих нүүрсний хэрэгцээ өснө

Судалгаанаас харахад дэлхийн гангийн хэрэгцээ өсөх хандлагатай байна. Үүнд, БНХАУ, Энэтхэг зэрэг орнуудын эрэлт өсөлтийн дийлэнх хувийг эзлэх аж. Дэлхийн нүүрсний хүрээлэнгийн тооцоолсноор, дэлхийн чулуун нүүрсний гадаад худалдаа 2008 онд 951 сая тонн байсан бол 2030 онд 1.51 тэрбум тонн хүрч нэмэгдэхээр байна. Харин коксжих нүүрсний гадаад худалдааны хэмжээ энэ онд 290 сая тонн хүртэл нэмэгдэх төлөв гарчээ. Дэлхийн нүүрсний эрэлт нийлүүлэлт нь сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй. Тухайлбал, 2009 оны байдлаар нүүрсний нийт эрэлт 6.7 тэрбум тонн байсан бол энэ онд 7.55 тэрбум орчим тонн болох ажээ. Ази-Номхон далайн бүс нутгийн нүүрсний зах зээл дэлхийн нүүрсний зах зээлийн 56 хувийг эзэлж байна. Энэ нь манай улсын хувьд таатай боломж.

Б.Алтай