Өнөөдөр казах түмний Наурызын баярын өдөр. Наурыз нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүтсэн гэгддэг. Монголчилбол хаврын эхний өдөр гэж хөрвүүлж болно.

Наурызын баярын өглөө казах эрчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулдаг уламжлалтай бол , эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг ажээ. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утга илэрхийлдэг юм байна.

Энэ өдрийн зоогны орцонд заавал долоон төрлийн хоолны бүтээгдэхүүн орсон байх учиртай аж. Үүнд ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорх долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Тодруулбал, баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Түүнчлэн заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэгт байдаг аж.

Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Харин Улаанбаатарт 13 мянган казакууд Наурызын баяр тэмдэглэдэг тухай статистик мэдээлэл бий.