МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн "Итгэлийн Танхим” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулах ажилд 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон хувь хүмүүс оролцож, нийт 88,963,033 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийж олон хүний талархалыг хүлээсэн билээ. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөн, 78.5 сая төгрөгний өртөгтэйгөөр засварлаж, тохижуулсан.

Тэгвэл тэрбээр ээлжит эмнэлгийн тохижуулалтаа Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болжээ. Жүжигчин Г.Ундармаа өөрийн хөрөнгөөр Баянхошууны хуучирч муудсан эмнэлгийг Францийн стандарттай болгохоор ажиллах юм байна. Тэрбээр өөрийн бүтээсэн дэлгэцийн бүтээлээ тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулан гаргаж байгаа билээ. Энэ үеэрээ Францын хүүхдийн эмнэлэг орж үзжээ. Баянхошууны эмнэлгийг ийм л болгоно хэмээв. Тус амбулатороор СХД-ийн 7, 8, 9, 10, 11, 24, 25, 28 дугаар хорооны харьяа 30,000 гаруй хүүхэд үйлчлүүлдэг гэнэ.

Ийнхүү сайн үйлсийг дэлгэрүүлж яваа уран бүтээлчдээ уншигчдынхаа өмнөөс баярласанаа илэрхийлье.