Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, тус дүүргийн VIII хороонд байрлах Соёлын төв өргөөний Г корпус, Чингэлтэй дүүргийн I хороонд байрлах нийслэлийн ЗДТГ-ын спорт заалыг нийслэлийн өмч хувьчлалаас өнөөдөр хасав.

Дээрх гурван барилгыг өмч хувьчлалаас хасах болсон шалтгаан нь Монголын хүүхдийн урлан бүтээх төвийг хүүхэд зориулсан үйл ажиллагаа явуулах чиглэлээр нь хадгалж үлдээнэ үү хэмээн ТББ болон эцэг, эхчүүд хандах болсон. Түүнчлэн Японы Засгийн газраас дээврийн засварт шаардлагатай хөрөнгө болох 160 сая төгрөг гаргахаар тохиролцсон байна. Тус урлан бүтээх төвийн барилгын суурийг бэхжүүлэх ажлыг цаашид судлан нийслэлийн ЗД-ын нөөц хөрөнгөөс гаргуулах талаар ярилцаж тохиролцох боломжтой хэмээн үзсэн юм. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид хүүхэд сурах аюулгүй орчин бүрдүүлэх нь бид бүгдийг нэн тэргүүний асуудал ийм цаашид уг барилгыг хувьчлахгүйгээр концессын гэрээгээр газар дээр нь шинэ урлан бүтээх төв барих асуудлыг судлах нь зүйтэй хэмээн санал гаргав.

Соёлын төв өргөөний Г корпуст байрладаг шинжлэх ухааны академи, соёл урлагийн газрууд хувьчлахгүй байх хүсэлт тавьсан байна. Цаашид уг корпусыг засах, түрээсийн мөнгийг нэмэгдүүлэх талаар холбогдох газрууд анхааралдаа авахыг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зөвлөв. Тэгвэл нийслэлийн ЗДТГ-ын спорт заалыг концессын гэрээгээр спортын цогцолбор төв байгуулахаар болсон тул өмч хувьчлалаас хасахаар болжээ.

Дээрх гурван барилгыг хувьчлах балансын үнэ болох дөрвөн тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн тодотголоор хасахгүй байхаар тогтсон бөгөөд бусад өмч хувьчлалд хамрагдах барилгын балансын үнийг нэмэгдүүлэн шингээж тусгахыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга даалгасан юм.

Т.Буянаа