Монголын хуулийн байгууллагын сүүлийн хэдэн жилийн үйл ажиллагааг харахад тойрч сагсалздаг хав шиг санагдах боллоо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүсийг яалаа даа.

Заримыг нь хэрэгт унагаж, эрүү үүсгэж, удаан хугацаагаар шалгаж, заримыг нь шоронд хорьсон.

Төрсөн охин, хүргэн, зөвлөх Л.Гансүх, “Цэвэр агаар” сангийнхан, “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч компанийн удирдлага, нягтлан гээд л холбоотой болгоныг нь шалгаж, барьж хорьсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, мөн хүргэн Дэнзэнг нь “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж барьж хорьсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа эхнэрийнхээ нэр дээрх компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан зэрэг үндэслэлээр шалгасан. Зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж шалгаж, шүүхийн шийдвэр гарснаар тэрээр одоо ял эдэлж байгаа. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан компанийн нягтлан Б.Мөнгөнтуяа хэмээх бүсгүй, тус компанийн удирдлага болох Даваажав нарыг барьж хорьж шалгаж үйлийг нь үзсэн. Үүний үр дүн нь юу байсан гээч. Зөвхөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах л байлаа. Санасандаа ч хүрцгээсэн.

Н.Энхбаярыг хорлохын тулд юу болов. Дүү, туслах, туслахынх нь ах, намын нөхөд гээд шалгаагүй юм алга. Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг нь интерполоор эрэн сурвалжилж, мөн шадар туслах Б.Тулгыг нь ах Б.Хуягтайгаа нийлэн нийслэлийн өмчийг завшсан хэмээн сэжигтнээр татан баривчилж байсан. Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяныг интерпол руу захиа бичсэн хэмээн шалгасан. Цаашлаад До.Чулуунбаатарыг мөн барьж, хорьж байлаа. Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдаж байсан нь тоймгүй олон.

Лу.Болдыг сайдаас нь унагахын тулд дагасан болгоныг нь шоронд хийхээ алдсан.

Одоо Х.Баттулга гишүүнийг унагахын тулд хууль, шүүх цагдаа нь дээр, доороо ороод үзэлцэж байна. Хууль хяналтынхныг гартаа атгасан манай улстөрчдийн муудалцаан иймэрхүү янзтай өрнөж байна. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй энэ технологи одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Х.Баттулгын эргэн тойронд ажилладаг, мөн ойр дотнын нөхдийг нь бүгдийг барьж шалгаж байгаагаас харагдана. Хамтран зүтгэгч А.Гансүхийг сэжигтнээр татан шалгаж, туслах, хувийн компанийг нь удирдаж байсан Г.Түвшинжаргал, Ш.Эрдэнэтуяа нарын хөхүүл нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг барьж саатуулав. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг нэг хэсэг хорьж байсан. Одоо батлан даалтад байгаа. Дээр нь П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Гадаадын иргэн, туслах, журмын нөхөд, нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг ч бүгдийг барьж хорилоо. Энэ тухай Х.Баттулга гишүүн “Батзаяаг таван сар гаран мөрдөнд суулгаж тамласан. Дөрвөн залуу Монголдоо орж ирж чадахгүй интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Энэ дандаа надтай ажиллаж байсан залуучууд. Ингээд эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна л даа. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэл байхгүй. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд тэр тусмаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нь барьж сэтгэл санаагаар дайрч байгаа юм байна л даа” гэж хэлсэн. Үнэхээр ч хууль хүчний байгууллагууд хүнээр бол өөдгүй хулчгар, тойрч гүйгээд ойртож чадахгүй байна. Нохойгоор бол хазаж чадахгүй байж, хоосон боргоод тойрч гүйгээд байдаг хав шиг л сагсалзах юм. Томхон нохдоос айх хэрнээ ойртож чадахгүй дэмий л сагсалзаж тойроод гүйдэг биз дээ, хав. Тиймдээ ч хөхүүл хүүхэдтэй хүүхнүүдийг хэнэг ч үгүй “Оргон зайлж болзошгүй” гээд хорьчихож байна.

Үнэн хэрэгтээ Х.Баттулга гишүүн ч хууль хүчнийхэнтэй нийлж Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас унагах гэж түүнтэй холбоотой гэх жаахан охиныг шоронд хийж, амьдралыг нь үрж байсныг санаж байгаа биз. Гэтэл тэр технологи дахиад л өөр дээр нь давтагдлаа.

Цагдаа, шүүх, прокурор, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн байгууллагууд нэг л ёозгүй. Цагтаа эзэн нь байсан, өөрсдийнх нь үйлчилдэг байсан өөрсдийг нь удирдан чиглүүлдэг байсан хүнээ ч эргээд барьж иддэг боллоо. Н.Энхбаярыг хаан шиг явахад үйлчилж байсан хэрнээ эцэст нь бас л барьж хорьж эргэн тойрныхныг нь шалгаад амар заяаг нь үзүүлэхээ байсан. Одоо ч дуусаагүй л байна. Энэ нь нийгмийг нийтээр нь ёс суртахуунгүй болгож байна. Хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл суларлаа. Улстөрчдийн биенээ айлгаж, сүрдүүлж, шантаажилдаг хэрэгсэл нь хуулийн байгууллагууд болчихлоо. Угтаа хууль хүчний байгууллагууд нь жаахан гүргэр, хуулиа барьдаг болчихвол энийг дагаад нийгэм гайгүй эрүүл болох юм.

Яг үнэндээ айсан хэдэн хүүхэд, хүүхнүүд цагдаад юу ч хамаагүй ярьчихдаг. Энэ нь шүүхийн өмнө баримт болж чаддаггүй. Нарийн учир начрыг нь ойлгоогүй юм чинь тэр бүр баримтаар гаргаж ирж чаддаггүй. Н.Энхбаяр “Л.Цог надаас нэг сая доллар нэхсэн гээд байгаа. Харин ч гадаад дотоодынхонтой нийлж нэг сая доллар надаас Л.Цог нэхээд байгаа. Би тэр наймаа ярих үед нь гадны улсуудтай англиар ярьсан. Цог англи хэл мэдэхгүй байж юу ойлгоод надаас мөнгө нэхээд байгаа юм. Бидний хооронд ярьсан хэлсэн юм бий” гэж ярив. Яг үүн шиг баривчлагдсан хүүхэд, хүүхнүүд юугаа мэдэхэв дээ. Даргынхаа хэнтэй юу ярьсныг мэдэх ч үгүй. Яг тулаад хэргийн эзнийг нь барьчихалгүй тойроод байх юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тодорхой юм бол хэргийн эзнийг нь шалгаад барьж хорих хэрэгтэй. Хэрэг хийгээгүй юм бол өчнөөн олон хүний амьдрал, ар гэр, цаг хугацаа, сэтгэл санаагаар наадаж, хуулиар далайлган айлгаж ичээн шантаажлах хэрэг юун. Хэдэн улстөрчдийн тоглоом болж эрх хав шиг сагсалзаж байхаар үндсэн ажлаа л сайн хий. Золиосонд нь олон айл гэр хэцүүдлээ. Олон залуус чирэгдлээ. Олон эцэг эх цөхөрч байна. Олон хүүхэд хохирч байна. Одоо наад технологийг чинь ард түмэн мэддэг болсон. Тэрнийгээ чадах гээд тэр нь ингээд байна. Тийм юман дээрээ л тохирч чадахгүй болохоор хариуг нь ингээд барьчихлаа гэлцэх болж. Ингэж ил цагаан хамаг технологи нь мэдэгдчихээд улстөрчдийн тоглоомын хүүхэлдэй болж байхад цаашид хуулийн байгууллагынханд хэн итгэх юм бэ. Иргэдтэйгээ яаж ёс суртахуун, хууль журам сахих тухай ярих болж байна.