Сүүлийн жилүүдэд манай улсад шүдний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь  Монголын нүүр, ам, эрүүл ахуйн холбооноос хийсэн судалгаанаас харагдаж байна. Тодруулж хэлвэл, насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь шүдний ямар нэг өвчлөлтэй болохыг тогтоожээ.

Түүнчлэн 40-өөс дээш насныхан хиймэл шүд хийлгэх болсоныг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Манай улсад одоогоос 20-30 жилийн өмнө шүдний өвчлөл бараг байдаггүй байж. Учир нь бид сүү, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг байсан тул ийнхүү шүд эрүүл байсан аж. Гэтэл  өдгөө хот суурин газрын иргэд цагаан идээ хэрэглэх нь багасч, амны хөндийн ариун цэвэр буруу сахиснаас болж энэ төрлийн өвчлөл нэмэгдэх болсон гэдгийг албаны хүмүүс хэлж байна.  

            Түүнчлэн бага насны хүүхдүүд зөөлөн чихэр, чипс, печень, гурилан бүтээгдхүүн ихэвчлэн идэж байгаа нь сүүн шүд нь унахгүй дараагийн шүд нь давж ургах зэрэг гажигууд үүсч байгаа гэнэ.

  Тиймдээ ч шүдний гажиг заслын асуудал өнөөдөр ихээр яригдах болсон. Тэр дундаа хүүхдүүдийн шүдний гажиг заслын асуудал шүдний эмч, мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Ялангуяа арван нас хүрсэн хүүхдийн шүдний гажгийг засахад хүндрэлтэй  байдаг аж.  Хэрэв гажгийг нь засахгүй том болгосон тохиолдолд тухайн хүүхдийн сэтгэхүйд муу­гаар нөлөөлдөг байна. Шил­жилтийн насны хүүхэд  үүнийгээ хүндээр хүлээж аваад нийгэм болон  хүнтэй харьцах харьцаа нь мууддаг аж. Тэрчлэн өөртөө итгэлгүй шинж тэмдэг илэрдэг гэнэ. Тиймээс ийм өвчлөлийг аль болох бага дээр нь эмчлэх хэрэгтэйг эмч нар сануулж байна. Мөн гажгаас болоод хоолоо сайн боловсруулж ча­дахгүй ходоод гэдэсний өвчлөл үүсэх шалтгаан болж байдаг гэнэ. Ер нь амны хөндий эрүүл байх нь  дотор эд эрхтэн эрүүл байхын үндэс. Тиймээс дэлхийн хөгжилтэй улс орнууд шүдний өвчлөл, шүдний эмгэгээ нэн тэргүүнд шийддэг байна.

Бид шүдний өвчинг аминд хү­рэх өвчин биш гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ харин ч эсрэгээрээ шүдний өвчин бүх өвчний үн­дэс суурийг тавьдаг аж. Шүдний өвчлөлийн бас нэгэн шалтгаан нь шүдний угаалтаас шалтгаалдаг бөгөөд өдөр тутмын шүд угаал­таас шалтгаалж цоорол, чулуужилт үүсдэг байна. Шүдийг зөвхөн өглөө орой угаах ёстой гэсэн нийтлэг ойлголт бидний дунд байдаг.  Тэр ч үүднээсээ бид орой шүдээ угааж унтаад өглөө босонгуутаа угаагаад хоол цайгаа уудаг. Гэтэл орой унтахдаа угаасан бол өглөө босоод амаа зайл­чихаад хоол цайгаа уусныхаа дараа шүдээ угаах хэрэгтэй гэнэ.

Хоол унд идсэний 10-15 минутын дараа шүдээ заавал угаах ёстой. Учир нь энэ  хугацаанд хоол нь физик химийн шинж ча­нараа алдаагүй байдаг. Харин үүнээс хойш задраад хү­чиллэг үүсч шүдний паланг уусгадаг зүйл үүсдэг гэнэ. Ингэснээр паланг уусгаж цоорол үүснэ. За­рим хэсэг нь үнгэр үүсгэж шүдэнд чулуу үүсдэг.

Бид шүдний эмчид тэр бүр хандаад байдаггүй. Хандсан ч зөвлөгөө авч, шүдээ арчлах талаар бус цоорсон шүдээ, хорхойтсон шүдээ авахуулахаар шүдний эмчийг зорьдог. Мөн эмчид хандахгүй байгаа дараагийн шалтгаан нь шүдний эмчилгээний төлбөр өндөр байдаг тул иргэд тэр бүр шүдний эмчид хандаж чаддаггүй.

Б.Хорлоо