Дуучин Э.Болор-Уянга нэгэн үе өөрийн гэсэн хүрээлэлтэй байсан гэдэг. Харин өдгөө эргэн олны танил болоод буй билээ. Олон улсын харилцааны чиглэлээр БНХАУ-д суралцаж одоо мэргэжлээрээ ажиллаж буй дуучин-ажилчин бүсгүй. Түүний аав хөгжимддөг, дуулдаг урлагийн мэргэжилтэй, бас боксын шүүгч, явган аялал, уулын спортын мастер цолтой хүн байсан гэдэг. Аавынх нь зохиосон дуунууд радиогийн алтан фондод хадгалагддаг ажээ. Удамд нь дуулж хуурддаг, хөгжим тоглодог хүмүүс байсан болохоор ийнхүү дуучин мэргэжлийг сонгож, урлагтай амьдралаа холбосон байх.

 

Өдгөө ганц би ээжийн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж яваа. Түүнийг дөнгөж төрөөд гурав дөрвөн сартай байхад нөхөр нь салсан гэдэг. Энэ тухайгаа "Би зуун хувь тэр хүнд буруу өгөхгүй. Мэдээж тодорхой хэмжээгээр би буруутай. Ер нь аливаа юм хоёр талтай. Үнэхээр болохгүй болоод л салсан. Хардалт сэрдэлтээс болж салаагүй. Хамгийн гол нь хоорондоо ойлголцохгүй, хүндлэл, итгэлцэл байхгүй болчихсон. Би хэдий чинээ хүнийг хайрлаж хэдий чинээ хүндэлнэ тэр чинээгээрээ надад тэгж хандана гэж боддог. Би өөрийгөө зөвтгөж байгаа ганц юм нь хангалттай тэр хүнийг хүндэлсэн, халамжилсан, хангалттай тэр хүнд нээлттэй хандаж, ойлгох гэж хичээсэн. Үүнийг тэр мэдэрч чадаагүй. Мэдрүүлж чадаагүй нь миний буруу байж ч мэднэ л дээ. Эсвэл тэр надад хайргүй байсан байх" хэмээн нэгэн ярилцлагадаа онцолжээ.

 

О.Ариун