Монголчуудын 70 жил барьж байгуулсан социализмын материал техникийн бааз 1990 оны ардчилсан хувьсгалаар нуран унаж, өнгөрсөн 23 жил та бид капитализмыг байгуулах гэж нэг хэсэг шар махтайгаа хатсан бол саяхнаас хоосон хонохгүй, хоёр идэхтэйгээ болоод байгаа билээ.
 
Өнгөрсөн 23 жилд эзэн Чингисийн үр сад, монголчууд ёстой юу эсийг үзсэн гэх вэ.1990-ээд оны дунд үеэс хөх толбот монголчууд урьд өмнө үзэж харах нь битгий хэл, сонсож дуулж яваагүй орц хонгил, траншейгаар амьдрагч хэдэн зуун тэнэмэл хүүхэдтэй болсон.
 
Траншейны хүүхдүүд захаасаа нас биед хүрцгээж хоёр дахь удмын траншейны арми гарч ирэх нь хэмээн нийгэм даяар аймшигт хүлээлт үүсээд байтал өнөө траншейны хүүхдүүд op мөргүй алга болцгоочихдог юм байна. Хэн ч тэднийг үгүйлж, хаашаа алга болсныг нь тодруулан эрэл сурал болсонгүй.
 
Тэгтэл траншейны хүүхдүүд зарим нь гадаад, дотоодын хүүхэд асрах төвд очдог бол тодорхой хэсэг нь хэний ч санаагүй хөдөлмөрийн талбарт хүргэгдэж зарим нэг нь түүнийхээ төлөөсөнд насаараа «одой» явах нэг төрлийн гэсгээл хүлээдэг ч байж магадгүй болоод явчихлаа.
 
Өнгөрсөн наадмаар Хүй долоон худагт нэгэн уяачтай хөөрөлдсөн юм. Бидний яриа унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын тухай эхлээд эцэст нь ам халсаар энэ сэдэв рүү нэг л мэдэхэд орчихеон байв.
 
Уяач ах над руу ноцтой харснаа «Траншейнд одоо нэг ч хүүхэд байхгүй болсныг мэдэх үү» гэв. «Нээрээ харагдахгүй болчихоо юу даа. Ер нь тэр хүүхдүүд хаашаа алга болчихов оо» гэвэл, «Бүгд морь унаач болсныг дуулаагүй юу» гэдэг юм байна. 
 
Манай нөгөө алдарт уяачид тэдгээр хүүхдүүдийг бүгдийг нь өөд татаж, морио унуулдаг болсон юм байх. Би ч баярлаад ашгүй дээ, тэр хэдэн хүүхдүүд траншейнаасаа гарч нийгэмжин, аминд халтай ажил эрхэлдэг ч гэсэн гайгүй баталгаатай амьдралтай болж байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн.
 
Би дотроо тэдгээр баячуудыг овоо доо, ганц ч болсон хүүхдийг харанхуй амьдралаас салгаж хурдан морины нуруун дээр гаргаж хэмээн үнэн сэтгэлээсээ баярласан юм даг. Тэгсэн чинь төд удалгүй нөгөө уяач маань надад нэгэн аймаар мэдээ дуулгалаа шүү.
 
Монгол Улсын тод манлай, алдар цолондоо даруулах шахсан уяачид тэдгээр хүүхдүүдийг элдэв гормоны бэлдмэлээр хооллож, өсөлтийг нь хүчээр зогсоодог гэнэ шүү.
 
Алдар нэр, баян тарганаа магтан дуудуулахын тулд траншейны ч гэсэн бяцхан хүүхдүүдийн ирээдүйгээр тийм аймаар тоглодог орчин цагийн маньякууд монголчууд бидний дотор байдаг юм биш байгаа. Би арай ч үгүй байлгүй гэж бодоод түүний энэ ярианд тэгтлээ итгээгүй.
 
Хүмүүс ээ, та бүхэнд энэ тухай дуулсан мэдсэн зүйл байна уу. Уяачид та бүхний дунд үнэхээр ийм бузар юм хийдэг чулуун зүрхтэнүүд байгаа бол бид нийгмээрээ энэ адгууснуудтай хатуу тэмцэх хэрэг гарч ч магадгүй.
 
Тэгээд ч жилийн жилд мориноос унаж эрэмдэг, зэрэмдэг болсон олон хүүхдийн ар гэр, аав, ээжийн зүгээс алдар гуншинтай уяачидтай хэл ам, хэрүүл зарга хийлгүй тэгсгээд замхардаг нь сэжигтэй л санагддаг. Арай траншейны хүүхдүүд морь унаач болж тусгай бэлдмэл уучихаад «одой» хүмүүс болчихдог юм биш байгаа.
 
Ер нь ингэхэд нэгэн цагт өглөөн нарнаар тарвага шиг траншейнаасаа суга үсрэн гараад нарлацгаадаг байсан тэр хүүхдүүд хаашаа алга болчихов оо. Бүгдээрээ Хүүхэд асрах төвийн харьяат болчихно гэж баймгүй л юм. Хачин юм аа. Траншейны хүүхдүүд хаана явна вэ.