С.Молор-Эрдэнэ: Монгол гэр бүлийн хямрал Монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй

Хоёр хос салж нийлэхэд амархантай адил бас гэр бүл амархан салж нийлдэг жишээ олон. Нэгэнт тангарга дээр болон Бурханы өмнө андгайлсан ёс суртахуун дээр суурьгүй хурим хийх болон гэрлэж буй гэрлэлтүүд зөвхөн хувийн сонирхлууд тул салах ч гэсэн сонирхлоор л явагдах жишээтэй. Бурхантай орнуудад гэр бүл болоход Бурхны өмнө андгайлж нэг нэгэндээ бөгж зүүж өгдөг. Тийм оронд салах амаргүй ажилдаа. Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих ёстой болсон шинэ цаг үед эмээ өвөөгийн үеийн зүйр цэцэн үгнүүд хүчингүй болжээ. Ээж аавын хэлэх амьдралын туршлагууд өнөөдөр биелэгдэхгүй яагаад гэвэл хоцрогдсон. Найз нөхдийн зөвлөгөөнүүд тус болохоосоо ус болно. Цаанаасаа зурсан зураг эсвэл хувь тавилан яриад нэмэргүй. Хэрэгтэй хэрэггүй хүмүүсийн бичсэн дөрвөн мөрт эсвэл яруу найраг шүлэг нэртэй доод түвшний үгийн цуглуулгууд орчин үеэс хол хоцорч дээ.

21-р зууны гэр бүлийн тухай ойлголт цоо шинэ иргэншил болон нийгэмшлийг шаардах болжээ. Үүнд Монгол хүн бэлэн биш харагдана. Ягаад гэвэл нэгэнт бүтээсэн орчин үеэ хөгшчүүд устгаж гадаадаас орчин үе авчрах чадваргүй залуусаар дүүрсэн хуучинсаг хоцрогдсон зөвхөн үгээр л тоглодог юу ч хийж бүтээдэггүй хөдөлмөрийн биш олон нийт цаг үеийг эзэлжээ. Өнөөдөр зөвхөн зүйр цэцэн үгс шүлэг яруу найраг хоцрогдсон биш бас улстөрийн нам, төрийн бодлого, боловсролын ном зохиол цаашлаад их дээд сургуулиуд хоцрогдсон. Ардчилал нэртэй сүүлийн 20 гаруй жилийн улстөрч, төрийн сайд, ерөнхийлөгч, ерөнхий сайдаас авхуулаад доктор профессор нэр хочтонгууд цаашлаад төрийн олон медаль шагнал гуншин цолнууд болон албан тушаалууд хоцрогдож утга агуулгаа алдаж ямар ч зорилгогүй хэвээрээ. Тэр ч бүү хэл наадам цагаан сар хүртэл Улаанбаатар хотод тохирохгүй хэтэрхий бүдүүлэг цаг үеэс мултарч үлдсэн инээдэмт хошин жүжиг шийнүүд болжээ. Профессор цолтой хүмүүс Нарантуулын захын найманчингаас ямар ч ялгаагүй хомсхон сурч мэдсэн зүйлтэй гэхүү дээ. Яагаад ялгаагүй вэ гэхээр профессор гээд буй хүн ихэнхдээ л худлаа мэдлэг буруу боловсролоор цол хэргэмтэй болчихсон. Тэд яруу найраг хоосон шүлэг хоцрогдсон үлгэр домгоо мэдлэг боловсролтой андуурах жишээтэй.

Нарантуулын захын наймаачин мөнгө төлөөд доктор болох гэвэл маш амархан байх боломжтой. Гэр бүлийн эрх чөлөө ярина гэдэг эхнэрийн эрх чөлөө, нөхрийн эрх чөлөө болон хүүхдүүдийн эрх чөлөө ярина шүү дээ. Эхнэр мэдлэг боловсролтой болж иргэнших хир эрх чөлөөтэй вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нөхөр хир эрх чөлөөтэй болон гэр бүлдээ хир нэр хүндтэй хэлэх үг харуулах боловсрол ёс суртахуунтай вэ гэсэн асуултууд тавигдах жишээтэй. Хүүхэд хичээл номдоо шамдан суралцаж сурган хүмүүжил сахилга бат дэг журам гээд хүн ёсны төлөв чанаруудыг эзэмших эрх чөлөө хир вэ гээд л цаашлаад ээж ааваасаа хамааралгүй мэргэжил сонгох болон хэнтэй нийлж амьдрахыгаа сонгох эрх чөлөөтэй юу гээд олон зүйлийг асуух боломжтой гэхүү дээ. Гэр бүл гэхээсээ ам бүл гэж ярих бол хүүхэдтэй хосуудад илүү тохирох болов уу. Гэр бүл хэд вэ гэж асуухаасаа илүү ам бүл хэд вэ гэж асуудаг. Социализмын үед анх удаа үүссэн гэр бүл гэсэн ойлголт олон улсын "фамили" гэх ухагдахууныг орчуулсан байдаг. Мэдээж анх удаагаа гэр бүл гэсэн ойлголттой танилцсан Монгол хүний гайхширал их л төөрөгдөл эндүүрэл авчирсан. Бөөнөөрөө эсгий гэрт ханаран унтдаг Монгол хүн гэнэт орон сууц байранд орж унтлагын өрөө, зочдын өрөө, хоол хийх тусдаа өрөө гээд л цаашлаад ариун цэврийн өрөө, халуун усанд орох боломж гээд л 70 хүрэхгүй жилийн өмнө ирсэн социалист амьдрал Монгол хүнд өнөөдөр утга агуулгаа алджээ.

"Фамилигийн нэр" гэсэн гадаад ойлголт бол гэр бүлийн нэр буюу гэр бүл ямар нэрээр нийтэд танигддаг вэ гэсэн ойлголт. Нэгэнт Монгол хүн гэр бүлийн зохион байгуулалтад социализмын үед л орсон тул эхний үед гэр бүлийн нэрийг эцгийн нэрээр овоглож эхэлсэн. Эндээс л овог чинь хэн бэ гэхээр эцгийнхээ нэрийг хэлдэг болсон. Мэдээж эцэггүй хүүхдүүд ээжийнхээ нэрээр буюу эхийнхээ нэрээр овоглож эхэлсэн. Ингэж гэр бүл гэсэн цоо шинэ ойлголт Монгол хүний нэр төрийг дээгүүр тавьж эрх чөлөө авчирсан хэдий ч ардчиллын үед гэр бүлийн нэр устаж овгийн нэртэй Монгол хүн үүссэн. Хамаатан садан эсвэл нутгаараа нийлэн овог болцгоож эртний хоцрогдсон хуучны амьдралын хэв маяг овог нэрийн дор буцаж ирсэндээ. Сүүлдээ нэг эхийн хүүхдүүд хүртэл өөр овогтой болох жишээтэй хошин шог үйл явдлууд нийт нийгмийг бүрхсэн. Тиймээс эхийн овог ч хүчингүй болж дээ.

Өнөөдөр нийгэм биш, үндэстэн биш ердөө л овгуудын цугларал болжээ. Индиан овогтой адил овгууд үүсэж овгийн ахлагчтай хүртэл болцгоожээ. Ингэж орчин үе өөрөөр хэлбэл ирээдүй устсан. Өнөөдөр гэр бүлд учирч буй ялангуяа залуу гэр бүлүүдэд дарамттай хоцрогдсон уламжлалт ёс нэртэй доромжлол болон хаа ч байхгүй бүдүүлэг хэв маягууд залуус өөрийгөө аварч тасарч хувийн эрх чөлөөгөө эдлэх эрх чөлөөг шаарддаг. Шорон мэт зан заншил мухар сүсэг болон ёс уламжлалууд гэр бүл цэвэр оршин тогтнох боломжгүй болгожээ. Гэр бүл эрх чөлөөтэй болж чадвал хувийн эрх чөлөөгөө гэр бүл дотор илүү хэрэгжүүлэх боломжтой.

Гэтэл өнөөдөр гэр бүлийн гадна болон доторх эрх чөлөө ямар билээ. Цэвэр хайр дээр тогтсон хосуудын хамтран нэг нэгийгээ хайрлах тэр түүх домог 300 гаруй жилийн түүхтэй гэж ярьдаг ба Монголчууд энэ хайр дээр тулгуурлан хосууд болсон түүхийн боломж ердөө л социализмын үед орж ирсэн Орос болон Зүүн Европын соёлуудаас эх үндэстэй байдаг. "Би чамд хайртай" гэж хэлсэн цаг үе ердөө л 50-аад оноос гадны соёл орж ирэхэд эхэлсэн. Үүнээс өмнө "Би" гэсэн ойлголт нүүдэлчин ард түмэнд байсангүй. Манайхан танайхан гэсэн эсгий гэрт олноороо оршихуйн үндэс хийж өглөөнөөс орой хүртэл нартай уралдан мал маллах аж ахуй тийм ч эрх чөлөөт биш түүхтэй. Эцсийн эцэст хайр дурлал гэдэг нийгмийн үнэт зүйл гэдгийг хүмүүс ойлгосонгүй.

Хамгийн анхны гэр бүлийн эрх чөлөө Улаанбаатарт баригдсан Хуримын ордноос эхлэлтэй. Хуримын ордны ойлголт Орос болон Европын Христийн шашинтай орноос орж ирсэн. Хосуудын бөгж Бурханы өмнө тангараглаж буй гинжин хэлхээс шүү дээ. Нэгэнт Бурханы өмнө тангарагласан тул салж сарнихад ёс суртахууны маш том хүндрэл учирдаг. Гэтэл Бурханы өмнө тангараглана гэсэн ойлголтгүй Монгол гэр бүлүүд салж сарнихад ямар ч асуудалгүй байдаг. Хуримын ордон анх байгуулагдахдаа нийгэм өөрөөр хэлбэл улс орон хөгжиж дэвшихэд гэр бүл түүний цаана олон үр хүүхэд хэрэгтэй гэсэн зорилготой. Үүнээс шалтгаалан социализмын үед олон хүүхэдтэй гэр бүлүүд салахад нийгмийн өмнөх хариуцлагын асуудал яригдаж салж сарниж дайжин одох эр нөхөрт эцэг хүний хариуцлага ноогддог байсан.

Өнөөдөр гэр бүлийн эрх чөлөө ярих цаг үеийн шалтгаантай. Яагаад гэвэл гэр бүл болж буй нийгмийн ойлголт тодорхой биш хэвээр. Нэгэнт социализм байхгүй болсон тул Хуримын ордны анхны зорилго хүчингүй болсон. Тэгэхээр өнөөдөр Монгол хүмүүс хурим хийх эсвэл салах бол юунаас ч шалтгаалахгүй юунд ч хамаагүй юуны ч өмнө буруутай биш. Хэнд ч гэмшиж уучлалт гуйх тийм бурханлаг ёс суртахууны хэм хэмжээ бас байхгүй шүү дээ. Ердөө л нийгэмшсэн болон иргэншиж чадсан арай гайгүй ээж аавтай байсан эхнэр нөхрүүд салж сарнихдаа ёс суртахууныг эрхэмлэж гэмшиж үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай хэвээр үлддэг. Сүүлийн 20 гаруй жилийн дотор гэр бүлийн дотоод цөмд ан цав гарч өөрчлөлт явагдаж нэрлэх нэрлэгээгүй болж сүүлдээ гэр бүлийн хүчирхийлэл эсвэл феминизм гэх шиг ямар ч тохироогүй ойлгоогүй нэр нэрлэгээнүүд гарч ирсэн байх жишээтэй. Эхлээд Герман дараагаар Орос оронд 20-р зууны эхээр үүссэн феминизмийн тухай ойлголт бол ажил хөдөлмөр мэргэжил боловсролтой эр нөхрүүдийн эсрэг эмэгтэйчүүд арчаагүй байдлаасаа гарах гэсэн тэмцэл дээр суурилсан. Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адилхан эрх чөлөөтэй болгохын тулд хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгийг "Kindergarten" нэртэйгээр байгуулжээ. Энэ Герман үг Англи хэлтэй орнуудад орчуулагдахгүй хэрэглэгддэг.

Монгол хүмүүсийн феминизмийн тухай ойлголт буруу явагдаж буйгийн шалтгаан гэвэл Европт гэрийн эзэгтэй нар дэндүү дээгүүр түвшний эр нөхрүүдийн эсрэг тэмцэж арчаагүй байдлаасаа салж адилхан эрх чөлөөтэй болсон бол Монгол эмэгтэйчүүд өөрөөсөө доод түвшний эр нөхрийнхөө эсрэг зөрчилдөж нөхрийгөө арчаагүй байдлаас гаргах гэж цөхрөнгөө бардаг. Ихэнхдээ энэ тэмцэл бүтэлгүйтдэг. Яагаад гэвэл эрчүүд хулчгар заль мэхтэй үнэнч шударга биш тул эмэгтэйчүүд нэг бол хурдан салж эсвэл яаж ийгээд нөхрийгөө хажуудаа авч явах асуудал гардаг. Энэ хачин сонин байдалд орсныгоо Монгол эмэгтэйчүүд феминизм гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүд хэт давамгайлсан нийгмийн энэ онцгой байдал дотор эрэгтэйчүүд арчаагүй хэвээр аар саар зүйлээр л хөөцөлдөж өдөр өнгөрөөх жишээтэй. Тэдний ганц хийж чадах зүйл бол машин барих эсвэл уулзалттай хуралтай байна гэж юу ч хийхгүй цаг нөгцөөх жишээтэй. Эрэгтэйчүүдэд хүсэл эрмэлзэл чин зориг дутагддаг. Ийм арчаагүй амьдралын хэв маягуудаа ойлгохгүй өөрөө шийдэж өөрөө асуудлаа ялан дийлэхээс зугтааж далай лам руу эсвэл мухар сүсэгтэй үздэг хардаг гэх хүмүүс рүү хуйларч буй арчаагүй байдлууд Монголын дүр зураг болжээ. Ийм үед хичнээн эр хүнийг магтаж дуу дуулж шүлэг зохиогоод буй цаашлаад гоёж гоодож энэ тэр үнэтэй хөөрөг жийп машин авч өгөөд байдлыг улам л муутгана.

Өнөөдөр ямар ч эр нөхрийг өөр хэнээр ч орлуулах боломжтой болсон биш үү. Нэгэнт бүгдээрээ ялгарах ялгаагүй тул ганц бие эмэгтэйчүүд ганцаараа амьдрахаар шийддэг байх жишээтэй. Эндээс л эмэгтэйчүүд гэр бүл толгойлох шаардлага гарсан. Сэхээтэн үүсэх боломжгүй тул эрэгтэйчүүд яг адилхан. Эрэгтэйчүүдийн мэдлэг боловсрол устсан. Дуртай хоол эсвэл өмссөн хувцас цаашлаад хобби нэртэй залхуурал авчирсан мөрийтэй тоглоом болон анд явах л давамгайлжээ. Монгол гэр бүлийн хямрал бол Монгол эрчүүдийн хямралаас үүдэлтэй. Хаа ч байхгүй тэр үлгэр жишээ эрчүүдийг зохиолын дуундаа л хий хоосон дуулж гунихрах жишээтэй. Аавын тухай дуунууд ч цаг үеэс хоцорчээ. Боловсролын түвшин улс орон даяар доод хэмжээнд очсон тул өнөөгийн эрчүүд дотор элит болохоор өндөр түвшинд ярьж хүний мэдэхгүйг сурч мэдлэг боловсролоор ханасан хүмүүс байхгүй бүгд мэдлэгийн хомсдолтой. Зөвхөн албан тушаал болон авсан шагнал медалуудаараа л ялгарах төдий эр хүмүүсийн орон болж дээ.

Эр нөхрүүд "everybody" буюу хэн хэнээс ялгаагүй болцгоож "somebody" буюу хэн нэгэн болж чадсангүй. Цаашид сайжрах төлөв харагдахгүй л байна. Хэнийг хэнээр ч солих тийм адилхан бага хэмжээний сурч мэдсэн зүйлтэй тул даргаасаа албан хаагч ялгарахгүй бас сайдаас оюутан залуус ялгаагүй байх бүрэн боломжтой. Өнөөдөр төвөгтэй болсон ажил хөдөлмөр устсан бүх зүйл найр наадам покер чононд явж ан хийж баясаж энд тэнд хөрөнгө мөнгө нууж дарцгааж түүний хажуугаар хий дэмий залуу насаа улстөрөөр хөөцөлдөж өнгөрөөдөг эрчүүд гэр бүлийг яагаад ч авч явж чадахгүй. Эрчүүдийн хямралд орсон энэ цаг үе гэр бүлийн эрх чөлөө ярих байтугай гэр бүлийн хомсдол үүсжээ. Хэдийгээр бие хаа том булчин шөрмөс зангирсан хэдий ч мэдлэг боловсролын хомсдолтой ухааны хөгжил явагдах боломжгүй болсон эрчүүд яаж айлын хүндэт эр нөхөр хүүхдүүдийн эрхэм эцэг болж чадах вэ дээ.

Үнэт зүйл устаж хошин шог ичмээр заль мэхүүд давамгайлсан шашингүй ламаар дүүрсэн зөвхөн Монголд явагддаг ийм нөхцөл байдалд жинхэнэ гэр бүл ярих шаардлага байхгүй мэт. Яагаад гэвэл орчин үед өөрөөр хэлбэл 21-р зуунд тохирсон сурган хүмүүжил болон боловсролын үйл ажиллагаа бүрэлдэж чадаагүй. Түүнийг хажуугаар хүүхэд сургах зорилготой сурах бичиг устсан. Ухамсартай ажил хөдөлмөр үүсэн бий болох төр улс болон засаг төрийн ямар ч бодлого байхгүй харагдана. Хүний нөөц гэсэн нэрийн дор үүдэнд суух охид хайсан боссоос авхуулаад дарга нэртэй боловсролгүй эрчүүд нийт улс орныг хөгжиж дэвжих боломжгүй болгосоор л. Чухал шийдвэр гаргаж ирээдүйн Монголыг төлөвлөх чадвартай эрэгтэй хүмүүс байхгүй.

Америкийн Харвардийн дипломуудаас авхуулаад чамин гоё дипломуудтай залуус хаа сайгүй л гайхуулагдана. Гэтэл жинхэнэ сурч мэдэж ирсэн өндөр боловсролтой эрэгтэйчүүд даан ч алга даа. Худлаа яваад худлаа сураад худлаа буцаж ирцгээж дээ. Америкийн Харвардад суралцаж Англи хэлтэй болсон гэх хүмүүсээс ядаж нэг роман Англи хэл дээр уншсан уу гэж асуухад ганц ч үг хэлж хариулахгүй эргэж хараад л хатируулан зугтаах жишээтэй. Зүгээрээ одоо уншаад нөхөж авч болно шүү дээ гэж хэлээд ч сонсохоосоо өнгөрсөн харагддаг. Хаа сайгүй л дуртай газар луугаа давхин оддог хээр моринууд. Гэр бүл эрчүүдийн хямралд орсон энэ байдал түүхэн шалтгаантай. Ердөө социализмын үед эрэгтэй хүн буюу гэрийн толгойлогч гэсэн ойлголт гарч ирсэн. Түүнээс өмнө гэр бүл гэсэн ойлголт байхгүй хуримын ордны талаар төсөөлөл ч байхгүй байсан шүү дээ. Монгол хүмүүст нийгмийн өмнө хариуцлагатай эрэгтэй хүн өөрөөр хэлбэл эцэг хүний ойлголт байсангүй. Сүй тавих богтлох гэх мэт гэр бүлийн биш овгийн болон нутаг усны шинжтэй залуу хүмүүсийг нэг гэрт оруулдаг зан заншил 20-р зуунд хямралд орсон.

Эрт дээр үед нутаг бэлчээрээс шалтгаалан хүүхдүүдээ эрт сүй тавьж суулгадаг байсан ба харц ард нэр хочтой мал хариулж малчин хэв маягтай хүмүүс хоорондоо дэр нийлүүлж хэн хэндээ ханиуд болцгоосон тэр үе өнөөдөр дүр төрхөө өөрчилсөн болов ч зарим хүмүүсийн дунд хэвээр үлджээ. Хүн хэрэггүй мөнгө хэрэгтэй гэх социализмын дараах амьдралын хэв маяг оюуны доод түвшинд Монгол хүнийг оруулжээ. Эрхэм биш эрчүүд зурагтаар л өөрсдийгөө хоосон магтахаас өөрөөр харуулах зүйлгүй болждээ. Олны өмнө уйлдаг эрчүүдийг харахад үнэхээр л гэр бүлүүд эр хүний хямралд орж дээ. Социализм гэж тусдаа нэг зүйл байгаагүй шүү дээ. Монгол хүмүүсийн хамтын амьдралын хэв маягийг л социализм гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр социализмын онцлог бол мэргэжилтэй Монгол хүмүүсийн эв хамт амьдрал байсан. Дэлхийн мэдлэг боловсролоос хэдэн зуун жил хоцрогдсон Монгол хүн шинэ амьдралтай золгож гэр бүл гэж ойлголттой анх танилцаж хуучин зан заншилт амьдралаас салсан. Социализмын үед гэрийн нөхөр ч бас эхнэр ч яг адилхан инженер, эмч, багш гээд мэргэжилтэй болцгоосон. Нөхөр болон эхнэр гэсэн шинэ ойлголттой зэрэгцэн хүүхэд гэсэн шинэ ойлголт бас л Монгол хүнд хүндрэл авчирсан. Морь унадаг эсвэл мал малладаг хүүхэд гэнэт сургуульд сурч боловсролтой болж аав ээжийн туршлага үзсэн харсан хүчингүй болж эхэлснээр хүүхэд нийгмийн бие даасан гишүүн болсон. Социализмын үед яг аав ээжтэйгээ адил өглөө эртлэн босож гэрээс уралдан гарч сургууль руу гаа явдаг бие даасан хүүхдийн ойлголт цоо шинэ байлаа.

Энэ л сүрхий хүүхдүүд сүүлд насанд хүрсэн хойноо ардчиллыг булингартаж мэдлэг чадвараар дутагдахад аварсандаа. Хүүхэд гэдэг ойлголт шинээр үүссэн социализмын үед эхнэр, нөхөр, хүүхэд гурав гурвуулаа эрх чөлөөтэй болж чадсан. Яагаад гэвэл хүүхдийг нийгэмд зориулж хүмүүжүүлсэн болохоос биш зөвхөн гэрийнхэндээ зориулж өөрөөр хэлбэл өнөөдөр шиг ээж аавууд өөрсдөдөө зориулж өсгөж хүмүүжүүлээгүй. Хүүхэд өнөөдөр хувийн өмч мэт л болж дээ. Ингээд аавынхаа үгээр амьдрах хөвгүүд ихсэж ээжийнхээ хэлснээр аж төрөх охид хаагдмал боогдмол хачин сонин хэв маяг шинээр үүсжээ. Аз болж сэтгэлтэй аавын хөвгүүд гайгүй сэтгэлтэй мөн ёс суртахуунтай ээжийн охид л гэр бүлийн тухай баримжаатай байх жишээтэй. Мөнгөний гэр бүлүүд харин хүүхдүүдээ хүн болгох биш хүн биш болгоцгоох жишээтэй.

Социализмын үед анх удаагаа зөвхөн өөрийн эхнэртэй эсвэл эр нөхөртэйгээ амьдрах тэр ойлголт эхний үед хэцүү л байсан. Хөдөөнөөс ирсэн ээж аавыгаа хамт амьдруулах шаардлага анхнаасаа Монголчуудад цэвэр гэр бүл гэсэн ойлголтыг авчирч чадаагүй тул ам бүл гэсэн ойлголт дээр тогтсон болов уу. Эрт дээр үед бол хүүгийнхээ эхнэрийг өөр хүний хүүхэд төрүүлэхгүй гэж хамт амьдарч сахидаг байсан. Харин охиныхоо нөхрийг гадуур хамаагүй тэнүүлэхгүй гэж ээжүүд бас хамт амьдардаг байсан тул хадам гэсэн ойлголт анхнаасаа сайн нэр авчирсангүй бололтой. Өнөөдөр гадаад орнуудад гэр бүл болохоос олон хүн татгалзаж ганцаараа амьдардаг кино филмүүд олон гардаг. Яагаад гэвэл тэд тэр их том үүрэг хариуцлагаас татгалзаж Бурханы нэрийн өмнөөс тангараг тавихаасаа айж эмээдэг. Хэрвээ гэр бүл боллоо гэхэд салах гэдэг маш том ёс суртахууны асуудал гарч ирдэг тул анхнаасаа хуримаа хийхдээ олон зүйлийг тохиролцдог.

Социализмын үед "Хань" нэртэй кино филм гарч Монгол хүмүүст залуу хүмүүс гэж хэн бэ гэсэн орчин үеийн ойлголтыг харуулсан байдаг. Хөдөөнөөс ирсэн аавынхаа зан заншил уламжлалт ёстой залуу гэр бүл зөрчилдөж хоорондоо салахад хүрдэг. Энэ хоёр хосуудын найз фото зурагчин эмэгтэй бол бүр ч орчин үеийн амьдралын хэв маягтай. Тэр найз эмэгтэй ганцаараа амьдардаг бас хувийн машинтай байх жишээтэй. Өнөөдөр залуу нас гэсэн ойлголт устсан харагддаг. Хөгшчүүдээс илүү залуу хүмүүс хуучинсаг болж мухар сүсэгт амархан дурладаг болжээ. Яагаад гэвэл ном уншихгүй толгойгоо хөгжүүлэхгүй худлаа сурч худлаа ярьсаар нийт залуу үе боловсролын хямралд автагдсан тул залуу гэр бүлүүдийн ирээдүй үүл манантай л харагдана. Зөвхөн секс хийх гэр бүлийн баталгаа биш бас сексээр далимдуулан гэр бүл болох ч цаашид явцгүй. Хайр гэдэг үнэт зүйлийг мартаж болохгүй.

С.Молор-Эрдэнэ