Сүүлийн үед залуус богино хугацаанд мэргэжилтэй ажилтан болж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх, улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болсон.

Шинэчлэлийн Засгийн газар их бүтээн байгуулалтын ажлаа эхэлж зам тээвэр, барилга байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээр онцгой анхаарал хандуулан ажиллах болсноор МСҮТ-ийг зорих элсэгчид өмнөх жилүүдээс нэмэгдээд байгаа билээ.

 Өнгөрсөн хаврын байдлаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн 23 мянган төгсөгчдөөс 80 орчим хувь нь ажлын байраар хангагдсан байдаг. Харин их, дээд сургууль төгссөн залуусаас 30 гаруй хувь нь ажлын байртай болсон судалгаа байдаг. Өнөөдрийн манай нийгэмд мэргэжилтэй ажилтны үнэлэмж дээшилж, тэр хэрээрээ цалин мөнгө нь ч нэмэгдэж байгаа.

            Нөгөө талаар манай улсын хувьд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаатай холбоотойгоор мэргэжилтэй ажилтан ихээр шаардлагатай болж байгааг Засгийн газар анхааралдаа авч “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлүүлсэн. Хурдан хугацаанд, чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх зорилготой тус хөтөлбөрийн үр дүнд эхний ээлжийн 4837 суралцагч ажлын талбартаа гарсан юм. Тэд ийнхүү эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, амжилттай ажиллаж явна.

            Мөн хөдөлмөрийн яамны зүгээс МСҮТ-ийн захирлуудад төгсөгчидөө ажлын байртай болгох үүрэг даалгаварыг өгдөг байна. Тодруулж хэлбэл, МСҮТ-ийг төгсөх төгсөгчдийн тухай мэдээллийг сургууль төгсөхөөс зургаан сарын өмнө Хөдөлмөрийн яам болон Хөдөлмөрийн биржид байршуулах шаардлагыг тавьдаг гэсэн үг гэнэ.  

2013-2014 оны жичээлийн жилд МСҮТөвд 26175 оюутан суралцахаар болжээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 15 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм. 

Энэ хичээлийн жилийн элсэл­тийн хяналтын тоо өмнөх жи­лүүд­тэй харьцуулахад багагүй хувиар нэмэгдсэн нь 2.5 жи­лээр суралцах суралцагчид нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Элсэлт авах мэргэжлүүдийг бүс орон нутгаар нь ангилахад дийлэнх хувь буюу 10530 нь Улаанбаатарт, 3978 нь төвийн бүсэд, 3915 нь баруун бүсэд, 3852 нь хангайн бүсэд, 2665 нь говийн бүс, 1235 нь зүүн бүсэд гэнэ. Суралцах мэргэжлүүдийг тэргүүлэх сал­ба­раар нь үзвэл барилгын салбарт 8945, хөдөө аж ахуйн салбарт 3749, боловсруулах үйлдвэрт 3497 элсэлт авах гэнэ. Дөрвөн жилийн турш их, дээд сургуульд суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж ча­дахгүй, өөр мэргэжлээр үргэлж­лүүлэн сурах эсвэл мэргэжил шаардахгүй ажил хийхээс өөр аргагүй болох хүндрэлтэй нүүр тулахаасаа өмнө элсэгчид сонголтоо зөв хийх нь чухал.  

Гэхдээ зарим оюутнууд маань төлөвшөөгүй байдаг хэмээн багш нар нь хэлж байна. Тиймээс энэ хичээлийн жилээс эхлэн хичээлийн сургалтын хөтөлбөртөө харьцааны соёлд төлөвшүүлэх хичээлийг нэгдсэн журмаар заахаар болсон байна.

Өнгөрөгч хичээлийн жилд МСҮТ-үүдэд нийтдээ 19607 элсэгч элсэн орсон бол “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэнээр 7764  элсэгч нэмэгдэж нийт 27 371 болж нэмэгдсэн байна. 

Б.Хорлоо