Өрийн асуудлаар хийсэн Ерөнхий сайдын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна
2016/04/15
УИХ-ын дэд, дарга, эрхэм гишүүд ээ,
Сүүлийн үед өрийн асуудлаар улс төржих болж, цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтийн дунд Засгийн газар, Улсын нийт гадаад өртэй холбоотой буруу, сөрөг ойлголтыг төрүүлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаатай холбогдуулж өрийн тухай асуудлаар цаг үеийн энэхүү мэдээллийг хийж байна.
1. Өрийн удирдлагын эрх зүйн орчны талаар
Өмнө нь 10 гаруй хууль, тогтоомж, журмаар зохицуулагдаж ирсэн өрийн удирдлагын бодлого, зохицуулалтыг нэгтгэж Өрийн удирдлагын тухай цогц хуулийг УИХ-аас 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Өрийн удирдлагын тухай хуультай болсноор Засгийн газар өрийн удирдлагын бодлого, стратегийн дагуу макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн юм.
Энэхүү хуулиар Засгийн газрын өр, төлбөртэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэгтэй бөгөөд харин хувийн хэвшлийн гадаад, дотоод өр төлбөрийн асуудал нь энэ хуулиар зохицуулагдахгүй болно.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Улсын төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын өрийн статистик мэдээлэл, бүртгэлийг Сангийн яам бүртгэж, мэдээлэх, тайлагнах үүргийг хүлээдэг.
Төвбанкны тухай хуулийн дагуу Монгол Улсын гадаад секторын статистик буюу Монгол Улсын Засгийн газрын, хувийн хэвшлийн, банкны системийн өрийн бүртгэл, статистик мэдээллийг Монголбанк хариуцан бүртгэж, тайлагнах үүргийг хүлээж байгаа болно.
Дээрх хуулиар хүлээсэн үүргийн дагуу Сангийн яам Засгийн газрын өрийн тойм гэсэн тайланг жилээр боловсруулан гаргаж байгаа, Монголбанкны хувьд Монгол Улсын нийт гадаад, дотоод өрийн бүртгэлийг хөтөлж, улирал, жилээр тайлан мэдээг гаргаж байна. Дээр дурьдсан тайлан мэдээлэл нь олон нийтэд хүртээмжтэй, ил тодоор Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд тавигдаж ирсэн болно. Иймээс улс төрийн намууд, улс төрчид болон бусад сонирхсон иргэд, судлаачид Монгол Улсын гадаад, дотоод өрийн асуудлаар ямар нэгэн мэдээлэл, судалгаа хийхээр бол дээрх албан ёсны тоо мэдээллийг ашиглаж байх нь ойлголтын зөрүүтэй байдал үүсэхгүй байхад тустай гэдгийг зориуд анхааруулъя.
Олон улсын түвшинд Дэлхийн банкнаас эрхлэн улс орнуудын нийт өрийн дэлгэрэнгүй статистик мэдээлэл, тайланг жил бүр боловсруулан гаргаж ирсэн. Хамгийн сүүлд 2014 оны жилийн эцсийн статистик мэдээлэлд тулгуурласан улс орнуудын гадаад, дотоод өрийн тайланг боловсруулан гаргаад байна.
УИХ-ын эрхэм гишүүд та бүхэнд Сангийн яамнаас бэлтгэн ирүүлсэн 2015 оны жилийн эцсийн байдлаарх Засгийн газрын өрийн статистик мэдээллийг урьдчилан хүргүүлсэн тул та бүхэн албан ёсны тоо мэдээлэлтэй танилцсан гэдэгт найдаж байна.
Засгийн газраас өрийн статистик мэдээллийг боловсруулах, бүртгэл хийхдээ бусад улс орнуудад нийтлэг мөрдөгдөж байгаа ОУВС-аас батлан гаргасан Засгийн газрын санхүүгийн бүртгэлийн аргачлалын дагуу тооцож, бүртгэж байгаа болно.
2. Эдийн засгийн нөхцөл байдлын талаар
Олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байх үед манай гол нэр төрлийн экспортын орлого нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулагчид томоохон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулсны дүнд эдийн засгийн бодит өсөлт өсч байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан, Хятадын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, өсөлтийн хурд саарсан, олон улсын зах зээлд зэс, нүүрс, алтныүнэ жил бүр буурсан зэрэг үйл явдал, түүхий эдийн экспортоос хамааралтай манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон.
Монгол Улс 2012 онд бага орлоготой орноос дунд орлоготой оронд шилжсэнээр олон улсын зах зээлээс хөрөнгө босгох улмаар эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдэж эхэлсэн нь өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгож, өрийг зохистой удирдах, зээлийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх боломж нээгдсэн.
Олон улсад эдийн засгийн хүндрэлтэй үед төрөөс зээллэг хийх замаар хөрөнгө бүрдүүлж бодит эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалах, дэд бүтэц, нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтыг дэмжиж, иргэдийн орлоготой байх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг авч хэрэгжүүлдэг туршлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу Засгийн газраас өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор гадаад орон, олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл, тусламжийг авахын зэрэгцээ олон улсын зах зээлд үнэт цаас гаргаад байна.
Хэдийгээр эдийн засаг богино хугацаанд хумигдсан байдалтай байгаа ч энэ оны 2, 3 дугаар сараас эхлэн олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ эргээд сэргэх хандлага ажиглагдаж байгаа, макро эдийн засгийн өсөлтөд огцом нөлөөлөхүйц мега төслүүдийг урагшлуулж эхэлсэн, хуримтлал урамшуулсан тогтолцоонд шилжсэн зэрэг үйл явдал нь дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, улмаар эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөө үзүүлэх болно.
3. Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар
Монгол Улс гадаад өрийн статистикийг олон улсын стандартын дагуу олон нийтэд ил, тод мэдээлж байна. Улс, орнуудын бүртгэлийн систем, өрийн удирдлагын хууль эрх зүйн хамрах хүрээ харилцан адилгүй. Зарим улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэгийг улсын нийт гадаад өрийн статистиктаа тусгадаггүй бол манай улсын хувьд тусгаж ирсэн.
Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Хувийн салбарын гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог бөгөөд Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээдэггүй. Хувийн салбарын зээллэгийг Монголбанк төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүдийг тооцох, төлөвлөх зорилгоор бүртгэдэг болно. Дэлхийн банкны мэдээллээс харахад эдийн засгийн онцлог байдлаасаа хамаарч улс орон тус бүрийн улсын нийт гадаад өрийг ДНБ-д нь харьцуулсан харьцаа өөр өөр байна.
Тухайлбал, 2014 оны жилийн эцсийн гадаад өрийн үлдэгдлийг ДНБ-д нь харьцуулсан харьцаагаар Люксембург - 5,661 хувь, Сингапур улс – 574 хувь, Франц улс – 194 хувь, Хонгконг – 607 хувь, Швейцарь улс – 228 хувьтай байна.
Төсвөөс буюу татварын орлогоос эргэн төлөгддөг өр бол Засгийн газрын өр бөгөөд энэхүү өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.
4. Улсын нийт гадаад өрийг хүн амд харьцуулсан харьцааны талаар
Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.
Нийт гадаад өрийг хүн амын тоонд харьцуулсан үзүүлэлтийг өндөр хөгжилтэй зарим улсуудын жишээн дээр авч үзвэл Люксембургийн нэг иргэнд 6.6 сая ам.доллар, Исландын нэг иргэнд 298.6 мян ам.доллар, Хонгконгийн нэг иргэнд 243.9 мянган ам.доллар, Сингапурын нэг иргэнд 322.9 мянган ам.доллар, Швейцарийн нэг иргэнд 195 мян ам.доллар, АНУ-ын нэг иргэнд 142 мянган ам.доллар өр ногдох мэт, тухайн улсын иргэн төлж барагдуулах мэт буруу ойлголтыг төрүүлж байна.
Олон улсын хөрөнгө оруулагчид, үнэлгээний байгууллагууд аливаа улсыг хэр их өртэй вэ гэхээс илүүтэйгээр тухайн улс авсан зээлээ эргүүлээд төлж чадах эсэхэд анхаарлаа хандуулдаг. Ингэхдээ Засгийн газрын өрийг ДНБ, экспортын орлого, Засгийн газрын орлого, Засгийн газрын өрийн үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүдтэй харьцуулдаг нь тухайн улсын төлбөрийн чадвар, өрийг барагдуулах боломжийг тодорхойлж, түүнд үндэслэн зээл олгох болон хөрөнгө оруулах шийдвэрээ гаргадаг. Иймээс нэг хүнд ногдох орлого, ДНБ-ий бодит өсөлт, ажилгүйдлийн хэмжээ, бүтээмж зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдэд илүү ач холбогдол өгдөг байна.
5. Өрийн дарамтад орсон эсэх талаар
Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улсын гадаад секторын өрийн тогтвортой байдлын 5 шалгуур үзүүлэлтийг тогтоож, эдгээр үзүүлэлтээр улс орнуудыг өрийн дарамтанд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлдог.
Өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлт, 2014-2015 он
№ |
Үзүүлэлтүүд |
2014 |
2015 |
1 |
Гадаад өр (ӨҮЦ) / ДНБ - /шалгуур 40%/ |
46.3% |
52.1% |
2 |
Гадаад өр (ӨҮЦ) / Экспорт - /шалгуур 150% / |
99.1% |
129.0% |
3 |
Гадаад өр (ӨҮЦ) / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 250%/ |
162.6% |
201.9% |
4 |
Гадаад өрийн үйлчилгээ / Экспорт - /шалгуур 20%/ |
4.9% |
5.0% |
5 |
Гадаад өрийн үйлчилгээ / Төсвийн тэнцвэржүүлсэн орлого - /шалгуур 30%/ |
8.1% |
7.8% |
Олон улсын жишгийн дагуу эдгээр 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг бөгөөд дээрх тооцооллоос харахад манай улс дээрх 5 үзүүлэлтийн 1 -ээс бүрэн хангаж, өрийн дарамтад ороогүй байна .
6. Засгийн газрын зүгээс цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд Улсын Их Хурлаас баталсан Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тулгуурлан өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэхээр төлөвлөн, ажиллаж байна. Үүний хүрээнд дараах зарчмыг баримтална.
· Төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх;
· Гадаад валютын албан нөөцийг бууруулахгүй байх;
· Төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх;
· Дахин санхүүжилтийг бага зардлаар хийх;
· Зээлжих зэрэглэлийг сайжруулах;
Үүний хүрээнд гадаад зээл авах, Засгийн газрын үнэт цаас гаргах замаар 1) өрийг дахин санхүүжүүлэх, 2) эргэн төлөлтийн хугацааг уртасгах, 3) нэг жилд ногдох ачааллыг бууруулах, 4) Засгийн газрын гаргасан үнэт цаасны тодорхой хэсгийг буцаан худалдан авах зэрэг өрийн удирдлагын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, өрийн үйлчилгээний ачааллыг дунд хугацаанд жигдлэнэ.
Нөгөө талаар эдийн засгаа солонгоруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, том төслүүдээ хөдөлгөх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Дараагийн үндсэн том чиглэл нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц арга хэмжээг авч явуулах явдал юм.
Өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал, ташаа мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого, зорилтууд хэрэгжүүлэх боломжгүй болгох эрсдэл байгааг хаана хаанаа анхаарч, ажиллахыг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа
- See more at: http://zasag.mn/news/view/13060#sthash.tVe2U6y3.dpuf
Эргүү пизда ... · 2016/04/16
Япон, Сингапур, Щвейцарь зэрэг орнуудын өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа, нэг хүнд ноогдох өр зэргийг хараад, үүнтэй Монголыг харьцуулаад байх шиг байна. Эдгээр орнууд төсвийн болон өрийн маш сайн менежмент хэрэгжүүлдэг, маш сайн сахилга баттай эдийн засгийн хөгжлийг хэдэн 10 жилээр төлөвлөж, хийж хэрэгжүүлэх ажлаа хийдэг улс орнууд. манай орны хувьд төсвийг яаж удирддагийг зах цухаас нь мэдэж байна. Ядаж л зах зээлийн эдийн засгийн мэдлэггүй, социалист э/з-чид удирдаж байгаа шүү дээ
Зочин · 2016/04/15
Япон, Сингапур, Щвейцарь зэрэг орнуудын өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа, нэг хүнд ноогдох өр зэргийг хараад, үүнтэй Монголыг харьцуулаад байх шиг байна. Эдгээр орнууд төсвийн болон өрийн маш сайн менежмент хэрэгжүүлдэг, маш сайн сахилга баттай эдийн засгийн хөгжлийг хэдэн 10 жилээр төлөвлөж, хийж хэрэгжүүлэх ажлаа хийдэг улс орнууд. манай орны хувьд төсвийг яаж удирддагийг зах цухаас нь мэдэж байна. Ядаж л зах зээлийн эдийн засгийн мэдлэггүй, социалист э/з-чид удирдаж байгаа шүү дээ