Ардчилсан нийгэмтэй болсноос хойш монголчууд хоёр гол ажил хийсэн юм. Нэг нь хотын иргэдэд орон сууцыг нь үнэгүй хувьчилж өгсөн. Нөгөөх нь хөдөөгийн малчдад малыг нь үнэгүй хувьчилсан явдал байлаа. Энэ хоёр ажил маш амжилттай явагдсан байдаг.

Хэдийгээр 1990 оны эхээр төрийн өмчийг хувьчилсан олон ажил өрнөсөн ч гэлээ дээрх хоёр шиг ард түмэнд асар их үр өгөөжтэй хувьчлал байгаагүй. Тэр үед л монголчууд өөрсдийн гэсэн хөрөнгөтэй болж байсан юм. Нэгэнт хөрөнгөтэй болсон хүмүүс түүнийгээ барьцаалж зээл аваад амьдрал ахуйгаа их ч дээшлүүлсэн дээ. Нэг хэсэг ганзагын наймаачид бөөн бөөнөөрөө хоёр хөрш рүү гарч худалдаа хийж байсан нь өмч хувьчлалтай л холбоотой. Өөрийнхөө хөрөнгийг барьцаалж мөнгө босгоод түүгээрээ амьдрал ахуйгаа өөд татахаар наймаа хийж байсан нь тэр. Арай овсгоотой зарим нь үйлдвэр, үйлчилгээний салбар руу орж байсан байх. Иргэд хөрөнгөтэй болохоос өмнө хотын төвд “Туул”, “Бамбарууш” , “Баянгол” гээд хуруу дарж тоолмоор хэдхэн ресторантай байлаа. Харин өмч хувьчлал явагдсаны дараа байраа дэнчинд тавиад шинэ үйлчилгээний төв эрхэлдэг хүн олон болсон. Тэр бүхэн өнөөгийн бидний амьдарч байгаа орчин үеийн нийгмийн эхлэл байж. Социализмын үед хотын өнгө төрх ямархуу байлаа даа. Ямар ч л байсан өнөөдрийнх шиг баян, чинээлэг байгаагүй. Шал өөр байсныг тэр үеийн кино, дүрс бичлэгээс харж байгаа. Одоо тэгвэл бид барууны хотуудад байдгаас дутахааргүй үйлчилгээг авч чадаж байна. Энэ бүхнийг дээрх хоёр төрлийн хувьчлал бий болгосон юм. Хүмүүс хөрөнгө мөнгөтэй болохын хэрээр түүнийгээ дагаад эрх чөлөөтэй болсон байдаг. Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөтэй болсон. Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол аль ч цаг үед, ямар ч нийгэмд хүний нэн чухал хэрэгцээ байдаг. Ийм эрх чөлөөнд хүрэх боломжийг орон сууц, малын хувьчлал олгосон гэж үздэг.

Одоо харин зуслангийн газрыг хувьчлах ажил явагдах гэж байна. Хүмүүсийн хамгийн дуртай байршил болох Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх 26 байршилд газар өмчлүүлэх юм билээ. Нийслэлийн зүгээс иргэддээ 18216 нэгж талбарыг өмчлүүлнэ гэж байгаа. Энэ нь ойролцоогоор 20 гаруй мянган айлыг газартай болгож байгаа гэсэн үг. Ингэж зуслангийн газрыг иргэдэд хувьчилж өгснөөр дээр дурдсан шиг үр өгөөжтэй ажил болох учиртай. Улаанбаатарын газар үнэтэй. Тэр дундаа хотын хойд талд байдаг зуслангийн газар асар үнэтэй үл хөдлөх хөрөнгө. Тэнд газар хувьчлаад авчихна гэдэг бол дурын банкинд барьцаалж болох хөрөнгөтэй болж байгаа хэрэг юм. Мэдээж хэрэг нэгэнт барьцаатай болсон хүмүүс эдийн засгийн хоёр дахь давалгааг үүсгэнэ гэж бодож байна. Газраа барьцаалаад зээл авчихна. Авсан зээлээрээ өвөл, зунгүй амьдарч болох хоёр давхар сууц барьчих хэрэгтэй. Байшингийнхаа нэг давхарт жижигхэн хүнсний дэлгүүр ажиллуулаад өөрсдөө хоёр давхартаа амьдраг л дээ. Угаасаа зуслан хавьд дэлгүүрийн байршил заавал зам дагасан байх албагүй. Уулын бэлд хэдэн айлынхаа дунд тов хийсэн бараатай, жижигхэн ч хамаагүй дэлгүүртэй болчихсон байхад банкны зээлээ төлөөд л байна. Ер нь анзаараад байхад хотын хойд захад зуслангийн байшинтай хүмүүс тэндээ жилийн дөрвөн улиралд амьдраад байх шиг байгаа юм. Тэгэхээр дэлгүүрээс гадна үйлчилгээний төвүүд байх хэрэгтэй. Нүхтэд байдаг шиг хориод хүний суудалтай кино театр, караоке, түргэн хоолны газар, үсчин, халуун ус гээд бизнес эрхлэх боломж зөндөө бий. Өвөл салхинд гарангаа зуслан руу явахаар халуун хоол идчих газар лав олддоггүй юм байна лээ. Одоо тэгвэл газраа өмчлөөд авчихсан айлууд зүгээр суухгүй байх. Бас Хандгайтад спортын томоохон цогцолбортой болсон болохоор өвлийн хэдэн сарын амралтын өдрөөр ирж, буцах хүний цуваа тасрахаа байсан. Энэ бүхнийг ашиглаад зуслангийн газраа хувьчилж авсан иргэд олон зүйл хийж эдийн засгийн хоёр дахь тэсрэлт хийж болохоор байна. Бүр аялал жуулчлалын бүс шиг болгож болохгүй гэх газаргүй шүү дээ. Мэдээж хэрэг зай талбай хомс л доо. Гэхдээ өвөл Тэрэлж рүү явахаар холдоод, зуслан руу явахаар хонох байр, идэх хоолгүй болчихдог гэдгийг олон хүн мэднэ. Харин зуны гурван сар тэртэй тэргүй хүний хөдөлгөөн тасрах биш. Ингээд бодоод байвал нэгэнт үл хөдлөх хөрөнгөтэй болсон хүмүүс мөнгө босгож бол чадна. Харин түүнийгээ зөв зүйлд зарцуулаад овойж оцойсон их ашиггүй ч гэлээ боломжийн амьдраад байж болох гарц харагдаад байгаа юм.

Барьцаалж зээл авахаа байг гэхэд хэдэн үеэрээ өмчлөөд суучихаж болох өөрийн гэсэн газартай болж байгаа юм. Он цаг улирах тусам нийслэлтэй ойрхон газрууд улам үнэд орно. Тэнд газартай хүмүүс хүүдээ, охиндоо гээд хэдэн өрөө орон сууц бэлдэх ч хэрэг гарахгүй. Амьдарч байсан газраа үлдээхэд л дараагийн үе нь санаа амар аж төрж болно. Хувьчилсан газар гэдэг орон сууц, эсвэл машин унаа шиг хуучрах тусам үнэ цэнээ алдаад байхгүй. Харин ч яваандаа улам чулуу болох учиртай. Тэгэхээр зуслангийн газрыг хувьчлах ажил нүдээ олсон, иргэдэд үр өгөөтэй ажил болжээ.