УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт нар нутгийнхаа Ховд голд анхаарлаа хандуулах цаг болжээ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Тавалтайн хавцалд Ховд гол дээр усан цахилгаан сганц барих талаар сүүлийн өдрүүдэд хүчтэй яригдаж эхэллээ.

Туркийн “ZТМ” компанийн санхүүжилтээр барихаар төлөвлөсөн энэ ажил 248 сая ам.долларын өртөгтэй. Усан цахилгаан станц нь 92.8 МВт-ын хүчин чадалтай байх ажээ.

Туркүүд энэ төслийг Концессийн хуулийн дагуу өөрсдөө хөрөнгөө гаргаж “Барих-ашиглах-шилжүүлэх” гэсэн шалгуур нөхцөлтэй хийхээр төлөвлөжээ. Хэвлэлд гарсан мэдээллээр тус компани усан цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийг 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр авчээ. Гэхдээ энэ талаархи албан ёсны мэдээлэл алга. Албаныхан ажлаа хийхгүй байна уу, эсвэл Туркийн “ZТМ” компанийнхан мэдээллээ нуугаад байна уу тодорхой бус.

Уг нь аливаа бүтээн байгуулалтыг эхлэхэд техник, эдийн засгийн үндэслэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ заавал бай ёсгой. Албан бус мэдээллүүдийг харахад Туркийн компани техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн юм шиг байна. Тэгээд Эрчим хүчний яаманд танилцуулж батлуулсан бололтой. Усан цахилгаан станц бол орон сууцны барилга биш. Голын усыг боож томоохон усан сан үүсгэдэг, байгальд шууд “гар хүрдэг” гэдэг утгаараа судалгаа сайтай, хэн нэгний явцуу эрх ашгийг шингээгээгүй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй байхыг шаарддаг.

Хуульд зааснаар мэргэжлийн байгууллага үүнийг хийх ёстой бөгөөд яамны Үнэлгээний зөвлөл хянаж батлах эсэхийг шийддэг. “ZTM” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд илгээсэн бөгөөд Үнэлгээний зөвлөлөөр өнгөрсөн сард хэлэлцжээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар нөлөөлөх байдлын үнэлгээ бүхэлдээ тооцоо муутай байсан бөгөөд ялангуяа усны судалгаа нь шаардлага хангахгүй байсан тул буцаасан юм байна. Тавалтайд барихаар төлөвлөж байгаа усан цахижаан станцыг тойрсон сүүлийн үеийн “хаалттай” мэдээлэл ийм байна. Монгол Улсын төрөөс онцгойлон анхаарал тавихгүй, олон нийт мэдэхгүй байгаа энэ төсөлд монголчууд бид яагаад болгоомжтой хандах ёстой вэ. Энд маш чухал хоёр асуудал байна. Нэгдүгээрт, Ховд голын хувь тавилан.

Монгол орны баруун хэсэг өвс ургамал тарчиг ургадаг, гол ус цөөтэй, эмзэг экосистемтэй нутаг. Хэдий Сэлэнгэ мөрөн шиг цэлэлзсэн их усгүй ч цөөн хэдэн гол нь амьтан ургамал, хүн, малдаа хүрэлцээд л ирсэн түүхтэй. Өөрөөр хэлбэл, тэнд илүүчлэх ус байхгүй. Үүний нэг бол Ховд гол. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Экологийн ач холбогдлын хувьд нэлээд жин дарна. Ховд гол усны шувуудын диваажин гэгддэг цэнгэг устай Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Олон төрөл, зүйлийн шувуу цуглардаг, экологийн хувьд үнэлж баршгүй ач холбогдолтой, гайхаж биширмээр үзэсгэлэнтэй сайхан нуур. Тиймдээ ч төв Азийн ус намгархаг газрын гол төлөөлөл болдог энэ нуурыг Рамсарын конвенцид бүртгэж олон улсын хамгаалалтад авсан билээ.

Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө их гүехэн. Хөвсгөл 234 метр, Хяргас нуур 80 метр гүн. Тэр хэрээр усны нөөц ихтэй. Харин Хар-Ус нуур тийм биш. Хамгийн гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарч цутгахаа больвол нуур ширгэх аюулд орно. Тэртэй тэргүй нуурын усны тэнцвэрийн төвшин жилд есөн см-ээр доошилж байгаа энэ үед Тавалтайд усан цахилгаан станц барьвал говь хээрийн бүсэд орших Хар-Ус нуурт ийм аюул гарцаагүй нүүрлэнэ гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна.

Усан цахилгаан станц нүүрсээр ажилладаггүй, тухайн голыг далангаар хааж томоохон усан сан үүсгэж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг өвөрмөц обьект. Нүүрсний цахилгаан станц шиг утаа гаргаж байгаль бохирдуулдаггүй ч голын усыг хаадаг учраас тухайн сав газарт сөргөөр нөлөөлдөг талтай. Үүний тод жишээ бол Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Дуунд мөнхөрсөн Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүй болж олон зуугаараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр усан цахилгаан станц барьсны гор одоо ч арилаагүй хэвээр. Завхан голын ус татарснаас болж үзэсгэлэнг Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам буурч эргийн бүс дотогшилсоор. Гэтэл Завхан голын усыг боож “Гэгээн” нэртэй нуур үүсгээд ч Тайширын усан цахилгаан станц өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байна. Яагаад гэвэл, станцыг 100 хувь ашиглах хэмжээний усыг хуримтлуулж чадахгүй байгаа юм. Завхан голын нийт усыг 10 литр гэж зүйрлээд таван литрийг нь далангаар хашаад авчихаар голын ус хэвийн төвшинд байж чадах уу. Мэдээж үгүй.

Дөргөний усан цахилгаан станц байна. Загас дамжин өнгөрүүлэх байгууламж нэртэй төөрдөг байшин байгуулснаас болж монгол хадран загасны үржлийн нүүдлийг тасалчихаад цөөнгүй хэдэн жил өнгөрөв. Бас Чонохарайхын голд техникийн тос хөвж, өмхий үнэртэх боллоо гэж нутгийн малчид ярьж байна. Тэнд өдрөөс өдөрт ямар нэг “но” нэмэгдэж илэрсээр. Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэглээ гээд байгалиа золионд гаргаж болохгүй нь бас үнэн юм.

Яг үнэндээ Дөргөн, Тайширын хувьд бид усгүй нутагт усан цахилгаан станц барьж олон хүний чихийг дэлдийлгэсэн гашуун, сургамжтай түүх бичсэн билээ. Нэгэнт хийчихсэн алдаагаа давтахгүйн тулд эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зүтгэлээр “Ус” үндэсний хөтөлбөрт “Монгол орны гол, мөрний эрчим хүчний нөөц, сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төлөвлөлтийг Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын сургамж, ашиглалтын үеийн хүндрэлүүдтэй уялдуулан дахин сайжруулах арга хэмжээг авах” гэсэн заалт оруулж чадсан юм. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр станцын алдаа, оноонд тулгуурлаж шинээр усан цахипгаан барих эсэхийг шийдэх ёстой гэсэн үг. Даан ч үүнийг мөрдөхгүй байна.

Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин үнэхээр буурсан уу, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу, хадран загасны тоо буурсан уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Тэгээгүйгээс нутгийн иргэд, станцын удирдлагын дунд чи буруутай, би буруугүй гэсэн үл ойлголцол гарсаар байх нь аргагүй. Хуульд зааснаар ийм судалгааг мэргэжилтнүүдээс бүрдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний комисс хийх ёстой бөгөөд БОНХАЖ-ын сайдын тушаалаар байгуулдаг ажээ. Харамсалгай нь, ийм комисс байгуулж ажиллуулсан тохиолдол өдийг хүртэл алга. Тэгэхээр Ховд гол дээр усан цахилгаан станц барих шийдвэрийг өнөөдөр хууль эрх зүйн хүрээнд гаргах боломжгүй, хаалттай байгаа гэж тодорхойлж болно.

Хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барих нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг олон талаас нь харж, судлах шаардлага гарч байна. Монгол бол тусгаар тогтносон улс. Хэдийгээр алдаатай зүйл цөөнгүй бий ч эрчим хүчтэй холбоотой төлөвлөлтөө нарийвчилж хийсээр ирсэн. Бодлогын баримт бичгүүдийг харахад Ховд гол дээр усан цахилгаан станц барих талаар тусгажээ. Хаана барих боломжтойг нь ч тодорхой дурдсан байна. “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.20-т “Эрдэнэбүрэнгийн 64 МВт усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хянан үзэж, боломжтой тохиолдолд бусад усан цогцолборуудтай уялдуулж гүйцэтгэх” гэж заажээ. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 6.3-т “Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын усан цахилгаан станцыг барьж байгуулах бэлтгэлийг хангах, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, төслийн нэгж ажиллуулах” гэж тодорхой бичжээ. Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барина гэсэн нэг ч үг, өгүүлбэр алга.

Аливаа төлөвлөлтийг олон талын судалгаанд үндэслэж байж гаргадаг, тэр нь төрийн бодаого болж явдаг. Тэрхүү бодаогыг бүгд хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Туркийн нэг компани гэнэт гарч ирээд үндэстний цөөнх амьдардаг Баян-Өлгийд усан цахилгаан станц барина гээд өрөм тавьж ажлаа бараг эхэлж байхад төр анхаарлаа хандуулахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлэлээр гарсан мэдээллээс харахад Туркийн “ZТМ” компани төслөө холбогдох албан тушаалтнууд болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд болох А.Бакей, А.Тлейхан нарт голчлон таниlцуулж дэмжлэг хүсчээ. Тэд ч энэ төслийг ажил хэрэг болгох гэж ихэд зүтгэж байгаа бололтой. Хоёр гишүүн сонгуулийн оноо авах гээд Баян-Өлгийдөө Туркийн мөнгийг татах гэсэн байж болох. Тэгвэл Эрчим хүчний яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам яагаад чимээгүй байна вэ. Туркүүд үнэхээр л хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа юм бол усан цахилгаан станцыг төрийн бодлогод туссан Эрдэнэбүрэнд яагаад барихгүй заавал Баян-Өлгийд гээд байгаа нь гарцаагүй анхаарал татаж байна. Төрийн бодлогоо хамгаалж, алдааг нь засч хэрэгжүүлэх нь яамны үүрэг шүү дээ.

Тавалтайн хавцалд усан цахилгаан станц барих нь үнэн үү, зөвшөөрөл өгсөн эсэхийг Эрчим хүчний яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодруулахад энэ талаар мэдэж байгаа, тоймтой хариулт хэлэх хүн олдсонгүй. Ховд голыг хамгаалах үүрэгтэй Хар нуур, Ховд голын сав газрын захиргааныхан ч мэдээлэл муутай байна. Тус захиргааныхан “Усан цахилгаан станц барина гэсэн мэдээлэл яамнаас ирээгүй. Туркийн компани өрөмдлөгөө эхэлсэн гэж сонссон. Уг нь хуулиараа бидэнд мэдэгдэх ёстой ч өрөмдлөг хийх тухай албан бичиг ирээгүй байна” гэсэн хариулт өгөв. Эх сурвалжийн мэдээлснээр туркүүд хэдхэн хоногийн өмнө судалгааны өрөмдлөгөө эхэлсэн ажээ.

Тавалтайн усан цахилгаан станцын төслийн “хаалттай” дүр зураг ийм байна. Энэ станцын тухай бодитой мэдээлэл өгчих албан тушаалтан алга. Эсвэл туркүүд өөрсдийн хөрөнгөөр барьж өгнө, Монголоос нэг ч төгрөг зарцуулахгүй юм чинь барьж л байг гэсэн сэтгэлээр хандаж байгаа юм уу. Хэрвээ тийм бол харамсалтай. Дэлхий даяаршиж байгаа нэрийдлээр бохир мөнгө угаах хэрэг олон улсад цөөнгүй гарч байгаа билээ. Улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа компани өөрийн хөрөнгөөр хийх ажлыг хяналтын олон шүүлтүүрээр оруулсны дараа л зөвшөөрөл өгдөг болоод байгаа. Ялангуяа “Исламын улс” бүлэглэлийн санхүүжилттэй холбоотойгоор Туркийн хөрөнгө оруулалтад олон улс маш болгоомжгой ханддаг болсон өнөө цагт бүр ч их анхаарах хэрэгтэй баймаар.

Байгаль хамгаалах чиглэлээр олон улсад нэр хүнд бүхий “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын мэдээлэлд Туркийн “ZТМ” компанийн талаар дурджээ. Энэ компани Ливийн дарангуйлагч Муаммар Каддафийн дэглэмийн үед тэнд онцгой эрхтэйгээр зам барьж байсан, тэдэнтэй сайн харилцаатай байсан тухай барууны хэвлэлд өгүүлжээ. Хамгийн сонирхолтой нь, энэ компани замын төсөл хэрэгжүүлж байснаас биш хэзээ ч усан цахилгаан станц барьж байгаагүй ажээ. Гэтэл бид ийм компанид Ховд голоо “ширгээх” эрх өгөх гээд байж байдаг. Үүнийг хариуцлагагүйнх гэх үү, хувь заяаны шоглоом гэх үү.

Эрчим хүчийг тусгаар тогтнолын нэг баталгаа гэдэг. Тийм ч учраас улс орнууд энэ асуудалд маш болгоомжтой, няхуур ханддаг. Тэд “юмыг яаж мэдэхэв” гэдэг үүднээс үндэстний цөөнх амьдардаг газар станц тэр бүр барьдаггүй, стратегийн ач холбогдолтой эрчим хүчнийхээ түлхүүрээ өөрсдөө атгадаг. Тавалтайд усан цахилгаан станц барих төслийн өнөөгийн өрнөлийг харахад бид үүнийг орхигдуулаад байх шиг. Хэрвээ Туркийн “ZТМ” компанийн мөнгө “буруу гарынх” биш гэдэг нь тодорхой болоод заавал хийх ёстой гэвэл усан цахилгаан станцыг Баян-Өлгийд бариулах нь зөв эсэхийг олон талын судалгаанд үндэслэж шийдэх хэрэгтэй. Бэлгийн морины шүдийг үздэгтүй гэдэг талаас нь харж болохгүй байх.

Нөгөө талаар Ховд гол дээр усан цахилгаан станц барих эсэхийг бодитой тооцоо судалгаа, мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Ер нь усны нөөц багатай баруун аймгуудад цаашид усан цахилгаан станц нэмж барих нь зөв үү гэдэг дээр сайн ярилцаж оновчтой шийдэлд хүрэх хэрэгтэй болжээ. Өмнөх алдаа одоо ч нүдэн дээр ил хэвээр байна. Усан цахилгаан станц бариад ашиг олсон, үр ашиг нь гарсан тохиолдол Монголд бараг байхгүй. Орхоны станцыг 1950-иад оны үед барьсан ч одоо ашигладаггүй. Ховдын Манханых бараг ажилладаггүй. Яагаад гэвэл, голын урсац нь буурсан, төвийн эрчим хүчинд холбогдчихсон учраас ашиглах шаардлагагүй болчихсон. Увсын Өндөрхангайн станц эрчим хүч огт гаргадаггүй, барилга нь хаягдчихсан. Хөвсгөлийн Эрдэнэбулганых байна. Бас л төвийн эрчим хүчнд холбогдчихсон. Ховдын Үенч гэхэд усан цахилгаан станцтай мөртлөө Хятадаас эрчим хүчээ авчихаж байгаа юм. Эдгээр станцыг барих гэж тухайн үедээ улсаас багагүй хөрөнгө зарцуулсан байдаг. Гэтэл одоо хог болоод хэвтэж байна.

Хэдхэн жилийн өмнө барьсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станц ажиллаж байгаа ч маш их маргаан, хэл ам дагуулсаар. Эдгээр станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Тодорхой хэлбэл, Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан юм. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг. Ийм эмзэг нутгийг тэтгэгч хоёр том голыг хааж станц барьсан нь хэдхэн жилийн дараа харамсаад ч баршгүй байдалд хүргэж болзошгүйг ойлгох хэрэгтэй. Ийм гашуун түүх дэргэд байхад Ховд гол дээр усан цахилгаан станц барина гэдэг өөрөө экологийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагаас өөрцгүй билээ. Маш чухал энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт, Д.Батцогт нар анхааралдаа авч нутгийнхаа Ховд голыг аварч үлдэх цаг болжээ. Оройтвол Ховд гол ч байхгүй, үзэсгэлэнт Хар-Ус нуур ч байхгүй болох аюул хаалга нээгээд ороод ирнэ шүү дээ.

 

Н.ЭНХБАЯР

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/