БНХАУ РУУ 2.84 САЯ ТН ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛСОН ГЭЖЭЭ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани манайд “бэлэг” өгчээ. Зэрэглээ мэт жирэлзсэн зээрийн сүрэгтэй, хүн явбал төөрч орхидог хялганат Мэнэнгийн талыг хүнцлээр баяжуулж, хөрсийг нь доройтуулж бэлэг барьсан байна, тэд. Харин манайх авч орхиж.

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг одоогоос 18 жилийн өмнө АНУ-ын “Соко” компаниас шилжүүлэн авсан “Петрочайна дачин тамсаг” компани ашиглалтын талбайгаас бусад хэсгийг хүлээлгэж өгсөн нь энэ. Буцаагдсан талбайг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн Уул уурхайн сайдын зөвлөлийн хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болжээ. Хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1167 цооног өрөмдөж, хайгуул олборлолт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг салбар бүрийн оролцоотой 26 хүний бүрэлдэхүүнтэй хурлын танилцуулгад дурджээ.

“Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт орших Тамсагийн сав газрын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайг эзэмшдэг. Тэгвэл Тосон-Уул 19 дүгээр талбайн газрны тосны баталгаат нөөцийг 179.08 сая тн, үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 20.17 сая тн хэмээн 2011 онд Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Харин Тамсаг 21 дүгээр талбайн хувьд 2012 онд 127.509 сая тн баталгаат нөөцтэй, үүнээс ашиглалтынх нь 14.01 сая тн, ус шахалтын горимоор ашиглах газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 21.018 сая тн-оор тогтоосон байна. Олборлолтын хувьд 1998-2014 он буюу өнгөрсөн 16 жилийн хугацаанд хоёр талбайгаас нийт 22.69 сая баррель буюу 3.04 сая тн газрын тос олборлож, 21.32 сая баррель буюу 2.84 сая тн газрын тосыг БНХАУ руу экспортолжээ. Үүнээс 438.22 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрүүлснийг албаныхан онцолжээ.

 

ТОСНЫ 60 КМ ЗАМЫГ ЗАСМАЛ БОЛГООГҮЙ БАЙХАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЯРИЛТГҮЙ

Тосон-Уул 19 дүгээр талбайгаас 7030.03 км.кв буюу хайгуулын талбайн 91.6 хувь, Тамсаг 21 дүгээр талбайн 9430.53 км.кв буюу 97.8 хувийг буцааж өгчээ. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн тавьсан шаардлага биелүүлсэн эсэхийг 2013, 2014 он дамжин ажиллажээ.

Компанийн үйл ажиллагааны танилцуулгад дурдсан дараагийн зүйл нь орон нутагт оруулсан бүтээн байгуулалтын тухай байв. 19 болон 21 дүгээр талбайд олборлолтын ил байгууламжаас гадна хэд, хэдэн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулсан гэжээ. Компанийн бүтээн байгуулалтын хувьд замын ажлын талаарх мэдээлэл анхаарал татав. Газрын тосны холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүнд зам барих тухай асуудал хөндөгддөг. Дорнод дахь газрын тосонд ч энэ асуудал улиг болтлоо яригдсан сэдэв. Тэгвэл “Петрочайна дачин тамсаг” компани Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Бичигтийн боомт хүртэлх 139 км сайжруулсан зам барьсан тухай онцлон тэмдэглэжээ.

Үнэндээ Бичигтийн боомт хүртэлх зам сайжруулсан нэртэй ч эсрэгээрээ муужруулсан зам болсоор даруй хэдэн жилийг угтсан. Чанартай тавьж чадаагүйгээс газрын тосны тээврийн хүнд даацын автомашинууд сайжруулсан замаар бус Мэнэнгийн тал дээгүүр хэдэн арван салаа зам үүсгэн талхалсан билээ. Одоо ч Дорнод Монголын талын “шарх” аниагүй байгаа. Энэ тухай зөвхөн Дорнод төдийгүй Сүхбаатар аймгийн иргэд олонтаа гомдол гаргаж, асуудал хүчээ авч байсан удаатай. Гэвч ажлын хэсгийн тавьсан шаардлага, гүйцэтгэсэн хариу мэдээлэлд энэ тухай анхааруулга, сануулга дурдагдсангүй. Түүнээс гадна одоо ч асуудал үүсгэж нутгийн малчид малаа бэлчээрлүүлэх, амьдрах нөхцөл боломжийг нь хааж буй 21 дүгээр талбайгаас Баянхошууны боомт-Тосо-Уул 19 дүгээр талбайг холбосон замтай нийлдэг 60 км зам бий. Засмал зам битгий хэл сайжруулсан зам барихгүйгээр олон жил тос зөөсөн энэ хэсэг газар хамгийн ихээр талхлагдсан. Гэвч одоог хүртэл зам барихаар төлөвлөж байгаа гэсэн жижүүрийн тайлбараар өнгө далдалжээ.

 

АЖИЛ ХЭРЭГТ АМЛАЛТ ТОХИРОХ УУ

Газрын тосны ашиглалтын талбайгаас бусад хэсгийг хүлээж авах үйл ажиллагааны явцад “Петрочайна дачин тамсаг” компанид ажлын хэсгийнхэн хэд, хэдэн асуудлаар шаардлага хүргүүлжээ. Тус компани үйл ажиллагааны явцад хөрсний бохирдол үүсгэж байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг гурван жилийн өмнө шүүхээс тогтоож байлаа. Одоогоор манай улсад газрын тосны үйл ажиллагаанаас хамгийн их бохирддог, бохирдсоныг тогтоох боломжтой нь хөрс юм. Хэдийгээр хохирол учруулсныг тогтоож хохирлыг төлүүлсэн нь асуудал дууссан гэсэн үг биш. “Хэдийд ч өрмийн хаягдлын сан суух, цөмрөх, цооногийн амсраас тос алдагдах эрсдэлтэй. Учир нь тус компани энэ ажлаа мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгээгүй” хэмээн байгаль орчны мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Гэвч “Петрочайна дачин тамсаг” компанийнхан ийм эрсдэл гарвал хариуцна гэсэн амлалт л өгчээ. Хоёр хүн нэгэндээ амлалт өгсөн гэж ярьдаг болохоос хуулийн этгээд, тэр байтугай улс орон, төр засгийн дээд байгууллагын хэмжээнд амлалтаар ажил явуулах нь хэр зохистой вэ. Нэгэнт хүлээлгээд өгчихсөн талбайд эрсдэл гарахад тэд амласнаараа хариуцах уу.

 

ХӨРСНИЙ ДОРОЙТОЛТОЙ 110 ГА ГА ТАЛБАЙГ ЯАХ ВЭ?

Ажлын хэсгийнхний дараагийн шаардлага нь буцаах талбайд эрх бүхий байгууллагаар газрын төлөв байдал, чанарын баталгааны ажлыг гүйцэтгүүлэх байжээ. Энэ ажлыг “АТТП” гэх компани гүйцэтгэсэн бөгөөд Тосон-Уул 19 дүгээр талбайн буцаагдаж буй 29 цооногоос 16-нд ургамлын бичиглэл хийсэн байна. Бичиглэлд хөрсний доройтолд 15.3 га газар нэрвэгдэж, 5.6 га газарт шороон овоолго үүссэн гэжээ. Мөн тус талбайн газарзүйн нөхцөл, хөрсөн бүрхэвч зэргийг харгалзан 18 нэгж талбарт хувааж онцлогийг нь тодорхойлсон байна. Үүнээс 10 нэгж талбар хөрсний доройтолгүй, найман нэгж нь зам, цооногийн орчин, хаягдлын сангийн шороон овоолго зэргээс нийт 54.1 га талбай хөрсний доройтолд орсныг тогтоожээ. “Тамсаг 21” дээр ч хөрсний доройтол үүсч, 55.9 га талбайг хамарчээ.

Хамгийн ноцтой зөрчлийг Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалж тогтоосон байна. Тэд Тамсагийн сав газарт газрын тос олборлож буйтай холбогдуулан тус бүс нутгийн хүнцлийн хэмжээг тодорхойлохоор Монгол орны зүүн хэсэгт орших таван сумын хэмжээнд хийжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Монгол орны зүүн хэсэгт хөрсөнд агуулагдах хүнцлийн байгалийн агууламж 17.5 мг/кг байсан бол Тамсаг 21 дүгээр талбайн дундаж агууламж 14.6 мг/кг болж. Энэ нь “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2008” стандартаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их болохыг тогтоожээ. Тосон-Уул 19 дүгээр талбай дахь хүнцлийн хэмжээ “Тамсаг 21”-ээс өндөр, 17 мг/кг болж дээд хэмжээнээс бүр илүү давсан байна.

Ийнхүү 20 орчим жил газар доорх баялгаа гадаадынханд соруулсны хариуд монголчууд хүнцлийн өндөр агууламжтай, хөрсний доройтолтой Мэнэнгийн талтай болж үлдэж буй бололтой.