Увс аймгийн Тэс сумын нутагт орших нарийны голын гүүрийг өнгөрсөн 2012 онд төсвийн 5.3 тэрбум төгрөгөөр “НБК” компани барьж, ашиглалтанд оруулсан байдаг. Үүнээс өмнө гүүр барих гэж 500 гаруй сая төгрөг төсөвлөсөн ч тухайн компани нь барьж чадалгүй, царцаасан түүхтэй. Тодруулбал Увс аймгийн засаг даргаар ажиллаж байгаад өөрийн хувийн компаниараа дамжуулан хэд, хэдэн тендэр авч төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр шүүхээс гурван жилийн ял авсан Э.Цасчихэр эл гүүрний ажлыг эхлүүлсэн байдаг.

Э.Цасчихэр нь 2005 онд Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа иргэн Ц.Энхбаатар, Э.Насанбат, Б.Пушкин нартай хамтран «Мөнхжин- Өргөө» ХХК-г байгуулжээ. «Мөнхжим-Өргөө» ХХК нь мөн «Мөнхжин» гэх охин компанитай юм байна.

Барилга, зам, гүүр барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг «Мөнхжим-Өргөө» ХХК-ийн 25 хувийг Э.Цасчихэр, 25 хувийг Б.Пушкин, 7.5 хувийг Ц.Энхбаатар, 9.5 хувийг Э.Насанбат нар тус тус эзэмшдэг аж.

Ингээд Э.Цасчихэр 2006 онд өөөрийн эрх мэдлээрээ түрий барьж, Увс аймгийн Бөхмөрөн сумын соёлын төвийн барилга засварын ажлыг “Мөнхжим-Өргөө” ХХК-иараа хийж, мөн Увс аймгийн Биеийн тамир спортын газрын авто гражийн барилгын ажлын гүйцэтгэлийг хийж, ихээхэн хэмжээний мөнгө завшсан нь тогтоогдож, нарийны голын гүүрийг эхлүүлсэн зэргээрээ шүүхийн хаалга татсан байдаг.

Ингэхдээ 2007 онд Нарийны гол дээгүүр 325 метр төмөр бетон гүүр барихаар тооцож, 514.2 сая төгрөг төсвөөс гаргуулж авчээ. Гүүрний доод шонгийн заримыг нь босгоод орхисон байна. Мөн уг гүүрний зураг төсөл алдаатай байсан юм билээ. Ингээд алдаатай зураг төсөл, дээр нь дутуу барьсан суурь багана зэрэг дээр дараагийн компани нь үргэлжүүлж бариад гүүрээ босгочихсон байгаа юм. Мэдээж, хундаам суурийг муу тавьбал “нурдаг” гэдэг барилгын болон амьдралын зарчим Нарийны голын гүүрэнд үйлчилсэн байгаа нь энэ.

Өчигдөр ямартай ч энэхүү нурсан гүүрийг засварлуулахаар аймгийн Засаг даргын тамгын газраас "HKB" интерэйшнл холдинг компанид албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Уг компани нь 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай компани аж. Одоогийн байдлаар Увс аймаг Тэс сум хоёрын хооронд иргэд зорчиж чадахгүй байдалд хүрч, хөдөлгөөн хоригдоод байгаа юм байна. Хонконгийн хөрөнгө оруулалттай “HKB Internatoinal Holding” компани нь манай улсад үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн зам, талбай, гүүрийн бүх тендэрийг авдаг байна. Мөн Хөвсгөлийн авто замыг тавьсанаас гадна Авто зам, гүүрийн байгууламж барих, засварлах, барилга угсралт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар иржээ. Мөн их сургуулийн гудамжийг 32-ын тойрогтой холбосон зам, Яармагийн гүүрийн их засварын ажил, Гурвалжингийн хос төмөр бетон гүүрийн их засвар, Улиастайн голын хос төмөр бетон гүүр, Сэлбэ болон Бэлх гол дээгүүрх 83 км төмөр бетон гүүр гээд нийслэлд хийгээд орон нутагт дэд бүтцийн хамаг л ажлыг гүйцэтгэжээ. Ингэхдээ Хятадаас ажиллах хүчээ авдаг байна.

Харин эл компани хэрхэн яагаад зам гүүрийн тендэрт ногоон гэрлээр оролцдог вэ гэх асуудал урган гарч байгаа юм. Уг компанийг Н.Алтанхуягйин Засгийн газрын үед нэлээд дэмжсэн байдаг. Өөрөөр хэлбэл зам барих хөдөө орон нутгийг Нийслэлтэй авто замаар холбох гэдэг нэрийдлээр Ардчилсан намын зарим нөхөд өөрийн нэр хүндийг өсгөж, хятадын компаныг дэмжиж, тендэр өгөөд шан хүртэж нэг сумаар хоёр туулай буудсан байж болзошгүй байгаа юм. Ямартай ч сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж буй гудамж төсөл болон авто зам, гүүрийн хамаг ажил болоод, богино настай эвдрэл гэмтэлийн ихэнх нь уг компанитай холбоотой юм байна. Хятадын компаниар зам тавиулж, хятад иргэдийг ажиллуулж байгаагаас харахад төсвийн хөрөнгийн нэлээдгүй төгрөг Хятадуудын халаасанд оржээ.

Үргэлжлэл бий

Н.Ганаа

  • 1

  • 2

  • 3