Бага насных нь улаан бурханд, өсөж яваа хүүхдүүд нь газанд булшлагдсаар байх уу!!!
2016/04/28
Манай улсад сүүлийн жилүүдэд хийн газыг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Энэ нь цахилгааныг хэмнэх зориулттай ч нөгөө талаараа бидний ирээдүйд заналхийлж, аюулын харанга хэдийнээ дэлдчихсэн. Гэтэл бид мэдсэн ч мэдээгүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг царайлсаар олон жилийг үдлээ.
Өдөр болгон шахуу хийн газ үнэртэж хүүхэд мансуурлаа гэх аймшигтай мэдээ сонсдог болоод нэлээдгүй хугацааг өнгөрөөлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. Газ үнэрлэж мансуурч зүрх нь зогсож амиа алдах тохиолдол хэдэнтээ гарсан.
НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглосон. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт замхарчээ.
Хийн газ үнэртэж байхдаа тамхи татснаас хүүхдүүд дэлбэрэлтэд өртжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 25-ны өдөр таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэртэсэн байна. Ингэхдээ тамхи татснаас болж газ нь дэлбэрчээ. Дэлбэрэлтэд өртөж гэмтэл авсан хүүхдүүд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүд өдгөө ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж буй. Уг хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ үйлдлээс эхлээд маш олон газ үнэртэж мансуурсан хэргүүдийн цуваа үл тасарна.
Эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа энэ аюулын харангыг зогсооход төр оролцмоор. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний төлөө үгээ хэлж болоод ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд заналхийлж байгаа асуудалд дуугарч болдоггүй юм. Ахуйн газыг бүүр хилээр нэвтрүүлэхгүй, үйлдвэрлэхгүй байх шийдвэр гаргасан ч болно доо.
Наркологийн эмнэлгийн Эмчилгээний тасгийн их эмч М.Гансүхээс гаазанд хордсон хүүхдүүдийн сэтгэцэд хэрхэн өөрчлөлт ордог талаар тодруулахад, "Ухаан санаа самуурсан, орон гаран, орон зайн баримжаа алдагдсан. Нүдэнд нь хий юм харагдаж чихэнд нь хий юм сонсогдсон байдалтай байдаг. Үүдээр ороод ирэхэд л газ хамар цоргиж хүүхдийг ярих тоолонд үнэртэнэ. Мөн байн байн гар хөл нүүр амаа маажина. Ер нь тогтворгүй, айдас түгшүүртэй болчихоод ирдэг" гэв.
Хүүхдүүд яагаад газ үнэртдэг вэ, Тухайн хүүхдийн хүмүүжил, айдас, түгшүүр, стресс, гутрал, гуниг дарамт, бэлгийн хүчирхийлэл гээд бусад олон зүйл нөлөөлж сэтгэлзүйн дарамтанд орсноос болж тэр айдсыг даван туулахын тулд аливаа зүйлд донтдог гэдгийг мэргэжлийн эмч зөвлөсөн юм. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа, хяналт сул байгаатай холбоотой.
Ийнхүү монголын ирээдүй болсон хүүхдүүд маань бага насных нь улаанбурханд, өсөж яваа хүүхдүүд нь гаазанд булшлагдсаар байх уу!!!