УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-ыг орхиж, МАХН-д элсэж байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар уг үйлдлээ давтах магадлал өндөр болжээ.

 

Ерөөс нь тэднийг МАХН-аас гарч, буцаад МАН-д элсэнэ гэх яриа нэг жил орчмын өмнөөс л гарч байсан бөгөөд тухай бүрт нь тэд холбогдох тайлбарыг өгч байв.

 

Тэр бүү хэл У.Хүрэлсүх Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоныхоо дараахан "Би өөрөө явуулсан учраас Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёрыгоо өөрөө буцаж намдаа авчирна" гэж намынхандаа хэлсэн тухай яриа бий.Тэгвэл уг яриа бодитой болох магадлал өндөр болжээ.

 

Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хувьд МАХН-аас гарч, МАН-ын гишүүн болох нь шалтгаан бол тодорхой. Гэхдээ албан ёсны тайлбар, шалтаг хэрэгтэй. Үүнийгээ ч тэд олсон бололтой.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өчигдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны үеэр намын бүлэг нь Цэцийн шийдвэрийг эсэргүүцэн завсарлага авсныг эсэргүүцсэн юм. Тэрээр : "Ард түмний 90 гаруй хувь нь хүсээд, сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна" гэсэн юм.

 

Мөн З.Баянсэлэнгэ гишүүнийг завсарлага авсны дараа Д.Тэрбишдагва микрофонгүйгээр "Манай намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжихгүй юм бол би бүлгээсээ гарна" хэмээн орилжээ.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан сэтгүүлчдэд: МАХН-аас гарч, МАН-д элсэх нь байж болох л асуудал. Гол нь хоёр намаа нэгтгэхийн төлөө л ажиллах ёстой" гэж хариулах болсон байна.

 

Өөрөөр хэлбэл МАХН, МАН-ыг нэгтгэхийн төлөө ажиллах, намын жагсаалтыг дэмжиж буй МАХН-ын удирдлагын зарчмын бус саналыг эсэргүүцсэн тул гэх мэт тайлбартайгаар УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэх нь цаг хугацааны асуудал болжээ.

 

П.Мандах

sonin.mn