Монголчуудыг хагарган бутаргах нь хэнд ашигтай вэ?
2016/04/30
Тэртээ XVIII зууны сүүлчээр Наполеоны эсрэг нэгдэн тэмцсэн Германд нэгэн шинэ ухамсар бүрэлдэн тогтжээ. Энэ нь бид НЭГ үндэстэн юм байна гэсэн ойлголт байв. Өмнө нь 300 гаруй жижиг улсуудад хуваагдан тус бүрдээ хил гааль байгуулж хураамж авахаас эхлээд амьдарч буй нутгаараа өөрсдийгөө овоглодог байсан эдгээр хүмүүс өөрсдийгөө нэг үндэстэн хэмээн үзэх болжээ.
Ганц Герман ч гэлтгүй нийт Европ, Америкийн колониудад ч ийм үйл явц явагдаж байлаа. XIX зууны сүүл үе гэхэд үндэстнүүд өөр өөрийн онцлог, түүх, соёл дээрээ тулгуурласан өвөрмөц зарчмыг баттай тогтоогоод байв. Үндэстэн гэдгээ илэрхийлэх сүлд тэмдэгтэй болж цэргийн жагсаал цуглааныг түүнгүйгээр төсөөлөх боломжгүй болов. Спортын төрлүүдийг ч мөн үндэсний бахархалын нэг болгож, нэг хэлтэй БОЛГОХ үйл ажиллагаанууд явуулав. Шинэ залуу үндэстнүүд өөрийнхөө онцлогийг хэвшүүлэхийн тулд төрөл бүрийн ёслол хийдэг байжээ. Жишээлбэл XX зууны эхэн үеийн АНУ-д гадаадаас цагаачилж ирсэн хүүхдүүдэд зориулан хичээл эхлэхийн өмнө Америкийн тугийг мандуулж тангараг өргүүлдэг байв. Энэ мэтчилэн нэг үндэстэн гэдэг ойлголт түгэн дэлгэрчээ. Хожим энэ нь нэг үндэстэн нөгөөгөөсөө илүү гэх мэт сөрөг үр дагаварт хүргэсэн ч үзэл санааны хувьд томоохон нэгдэл байв.
Энэ бүхнийг нуршихын учир нь өнөөдөр Монголд буй болоод буй нөхцөл байдалтай холбоотой юм. Монгол бол ганцхан үндэстэнээс бүрдсэн, элдэв төрлийн шашны тэмцэлгүй тайван орон. Харамсалтай нь бидний улс төрчид гэж өргөмжлөн нэрлэсэн хэдхэн хүний хор хөнөөл, тэдний гар хөл бологсодын харгайгаар худаг ус, нутаг бэлчээр, жалга довоороо хуваагдан, сум, аймгийн нутгийн зөвлөл байгуулан атомжиж байна. Ингэж олон түмнийг хуваах, жалгын байгууллагууд байгуулах, довны түүх бичүүлэх нь зөвхөн улс төрчдөд л ашигтай. Сонгуульд санал авахын төлөө л хийж байгаа үйлдэл билээ.
Бид яагаад нэг үндэстэн байж бие биенээ ийнхүү үзэн ядаж, хуваагдан талцана вэ? Эртнээс нааш монголчууд өөрсдийгөө нэг л үндэстэн хэмээн сэтгэж ирсэн байдаг. Гэтэл өнөөдөр аль болохоор л олон хэсэгт талцан хуваагдах сонирхолтой болжээ.
Энэ байдлыг засах, алдаа дутагдлыг нь хэлэх ёстой сэхээтэн хэмээн нэрлэдэг нийгмийн давхарга аль хэдийн үүнд дасан зохицоод харин ч бүр хагарган бутаргах ажиллагааг гардан хийж байна. Ингэхдээ монгол хэмээх нэг үндэстний төлөө тэмцсэн эх орончийн нэрийг бамбай болгон ашиглаж, өөрсдийгөө хаацайлж байгаа нь дэндүү харамсалтай. Жишээ нь боловсролын асуудал хариуцсан сайд байсан нэгэн хүн түүхийн ном бичиж түүнийгээ нэртэй түүхч эрхэмээр хянуулжээ. Тэндээ эх орончдын нэрийг улс төрийн тодруулбал намын зорилгоор ашиглаж өөрсдийнхөө үйл ажиллагааг хаацайлсан байна. Чин ван Ханддорж нийт монгол угсаатны сайн сайхны төлөө тэмцэж байна хэмээн сэтгэж байснаас бус Дайчин вангийн хүрээний төлөө буюу өнөөгийн Булган аймгийн төлөө тэмцэж байна гэж бодож байгаагүй биз ээ. Үүнийг үйл хэрэг нь ч батлан харуулдаг.
Дээр жишээлэн дурдсан нэг үндэстэн гэсэн ойлголтыг бий болгоход сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тухайлбал тэд үндэстнийхээ хэлээр зохиол бүтээлээ туурвиж, хүмүүсийг нэгдэн нийлэхэд уриалан дуудаж байв. Гэтэл манайд эсрэгээрээ. Ийм мэт үзэл суртал, сонгуулийн сурталчилгааны материал болсон номыг үгээ олж ядан магтах ажээ.
Цаашлаад нийгмийн хамгийн идвэхитэй хэсэг болох оюутан залуус үүнд толгойгоо бүрэн мэдүүлж аль нэгэн нам, хэн нэгэн улс төрчийн зорилгод ашиглагдан, жалга довоороо хуваагдаад байна. Түүнийгээ оюутны зөвлөл, залуусын зөвлөл, нутгийн зөвлөл гэх мэтээр гоёчлон нэрлэнэ. Ийнхүү бутран салах нь ямар үр дагаварт хүргэдэг вэ гэдгийг уг нь монголчууд хамгийн сайн мэдэх үндэстний нэг. Өнгөрсөн түүхээ эргээд харвал энэ бүхэн тодорхой.
Л.Энхсайхан
tsagtur.mn
Mcs · 2016/05/01
Hamgiin ikh Tatar tuldug MCS HERGTEI