Соёл урлагийн ажилчид баяраа амжилтаар дүүрэн тэмдэглэлээ
2013/09/08
Монголын соёл урлагийн ажилтны өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай хэдий ч энэ жил соёл урлагийнхан маань өөрийн яамтай болсноос хойш анх удаагаа ёслол төгөлдөр тэмдэглэн тэмдэглэхээр болж, Үндэсний дуу бүжгийн эрдийн чуулга ерөнхий зохион байгуулагчаар ажиллан Хүй долоо худагт 2013 оны 09 сарын 07-ны өдөр “НОГООН БАЙГАЛЬ-ХӨХ НААДАМ” уриан дор амжилттай зохион байгууллаа.
Энэхүү баяр наадамд нийт 40 гаруй мэргэжлийн урлагийн байгууллагууд 1000 гаруй соёл урлагийн ажилтан албан хаагчид оролцож, хошин урлагийн продакшнууд нэгдэн “ХОШИН УРЛАГИЙНХАН” нэрээр, бие даасан кино продакшнууд соёлын байгууллагуудтай хамтран ажилладаг ентертаймент, телевизүүд оролцсон юм.
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан энэ баярын үйл ажиллагааг
- НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА
- БИД СОЁЛ УРЛАГИЙНХАН урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн хамтарсан үзүүлбэр мэндчилгээ,
- ҮНДЭСНИЙ БӨХ
- ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН
- СУРЫН ХАРВАА
- ШАГАЙН ХАРВАА
- Соёл урлагийн ТЭРГҮҮН ДЭЭД ГОО БҮСГҮЙ-2013 НААДАМ
- ЗАЛУУЧУУД-ЦАГ ҮЕ шоу цэнгүүн
- ХААЛТЫН АЖИЛЛАГАА зэрэг дэс дараалалтайгаар нарийн зохион байгуулалттайгаар явууллаа.
Нийт оролцсон соёл урлагийн байгууллагууд өөрсдийн хаяг, тугтай хүндэтгэлийн жагсаал хийж, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тус баяр наадмыг зохион байгуулсан ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл рапорт өгч, Монгол улсын төрийн далбааг Ардын уран зохиолч, төрийн шагналт Ш.Сүрэнжав, Төрийн соёрхолт, АЖ Н.Сувд, АЖ Д.Самбуу, МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Л.Баттулга нар мандууллаа.
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл үг хэлж, үйл ажиллагааг нээсэн бөгөөд Соёл урлагийн салбартаа амжилттай ажиллаж яваа 100 гаруй уран бүтээлчид, ажилтан албан хаагчид засгийн газрын болон яамны шагналаар шагнагдсан бөгөөд ҮДБЭЧ-ын бүжигчин Н.Энх-Амгалан, хөгжимчин О.Чинбат, Маркетингийн албаны дарга Б.Нямсүрэн, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, А.Алтантөр, мужаан Б.Адилбиш, УДБЭТ-ын бүжигчин Ц.Хонгорзул, Үндэсний номын сангийн Х.Алтанцэцэг, Хүүхдийн номын ордоны Адъяаням, Үндэсний музейн Ү.Баасанжав, Соёл урлаг хөгжүүлэх сангийн Ю.Энх-Амгалан, Улсын филармоний А.Эрдэнэжаргал, Хошин урлагийн Шинэ үе Мөнхгэрэл, Маск Чулуунцэцэг нар Монгол улсын засгийн газрын шагнал СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг-ээр шагнагдлаа.
Дараа нь “Бид-соёл урлагийнхан” нийт урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн мэндчилгээ өргөлөө.
Үндэсний бөхийн барилдаан болж, 64 бөх хүч чадал, уран мэхээ уралдуулан барилдаж, Улаанбаатар чуулгын дэргэдэх циркийн жүжигчин сумын заан Г.Адъяатөмөр түрүүлж, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжимчин Т.Бадамсэрээжид үзүүрлэж, АСА циркийн жүжигчин Аймгийн начин Б.Мөнхбат, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн Г.Өлзийбадрах нар тус тус шөвгөрлөө.
Хурдан морины уралдаанд их насны 26 морь уралдсанаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын морь түрүү магнайд ирж, аман хүзүүнд Монголын хошин урлагийн хамтлагийн морь, айргын гуравт АСА циркийн морь, айргын дөрөвт Үндэсний музейн морь,айргийн тавд Нийслэлийн соёл урлагийн газрын морьд давхиж барианд орлоо. УДЭТ-ын морь “Баян ходоод”-оор тодров.
Сурын харвааны тэмцээнд нийт 46 хүн оролцсон бөгөөд эрэгтэй харваачдаас 1-р байрыг Урчуудын эвлэлийн хорооны Д.Батзориг алтан медаль, 2-р байрыг Нийслэлийн Соёл урлагийн газрын Ц.Цэрэнбямба мөнгөн медаль, 3-р байрыг Монголын кино урлагийн зөвлөлийн Н.Даваадорж, Эмэгтэй харваачдаас 1-р байрыг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын н.Хандхүү, 2-р байрыг Улсын Драмын театрын эрдмийн театрын жүжигчин Д.Ганцэцэг, 3-р байрыг Үндэсний музейн Энхболор нар тус тус эзэлсэн байна.
Шагайн харваан тэмцээн 9-р сарын 06, 07-ний өдрүүдэд 2 өдөр үргэлжилсэн бөгөөд 13 байгууллагын 14 баг буюу 84 хүн оролцсон байна. Багийн шагайн харваан тэмцээний 1-р байрыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ХАРЦАГА баг, 2-р байрыг С.Нэргүй ахлагчтай Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын баг, 3-р байрыг Батцэрэн ахлагчтай СУИС-ийн баг тус тус эзэллээ. Ганцаарчилсан цуваа харваан тэмцээний 1-р байрыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын Ц.Мөнхболд, 2-р Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын Г.Энхтэмүүжин, 3-р байрыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын С.Нэргүй нар тус тус эзэлж, алт мөнгө хүрэл медалийн эздээр тодорлоо.
“СОЁЛ УРЛАГИЙН ТЭРГҮҮН ДЭЭД ГОО БҮСГҮЙ-2013 НААДАМ” зохион байгуулж, ҮДБЭЧ, УДЭТ, УДБЭТ, Улаанбаатар чуулга, АСА цирк, Улсын филармони, Хошин урлагийн Шилдэг өнгө продакшн, Үндэсний номын сан, МҮОНТВ, Чойжинлам сүм музей, Үндэсний музей, Хотын номын сан, Урчуудын эвлэлийн хороо, Хүүхдийн номын ордон зэрэг 14 байгууллагын 14 гоо бүсгүй оролцсоноос 1-р байр “ТЭРГҮҮН ДЭЭД ГОО БҮСГҮЙ”-ээр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Э.Номин шалгарч, мөнгөн титэм, тууз өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болж, 2-р байр- “СЭТГЭЛ БАХДАМ ГОО БҮСГҮЙ”-ээр Монголын хошин урлагийн Шилдэг өнгө продакшны Х.Баярмаа, 3-р байр “ОЮУН ТӨГС ГОО БҮСГҮЙ”-ээр Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Г.Отгонцэцэг, 4-р байр “ДУР БУЛААМ ГОО БҮСГҮЙ”-ээр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын О.Олонбаяр, 5-р байр “ЭРХЭМ ТАНСАГ ГОО БҮСГҮЙ”-ээр Монголын үндэсний музейн Г.Уугантуяа тус тус шалгарч, өргөмжлөл тууз мөнгөн шагналын эзэд болж, баярт оролцсон бүх хүмүүсийн сонирхол, баяр бахдалыг төрүүлсэн сайхан тэмцээн боллоо. Энэ тэмцээний ерөний шүүгчээр 2008 оны Монголын тэргүүн мисс н.Хулангоо, ССАЖЯ-ны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Энхтүвшин, ҮДБЭЧ-ын Ерөнхий удирдаач Н.Буянбаатар нар ажиллаа.
Баярын үйл ажиллагааны төгсгөлд бүх медаль шагналын эздийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, ССАЖЯамны сайд Ц.Оюунгэрэл, СУГ-ын дарга Н.Оргил, ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл нар шагналыг гардууллаа.
Баяр наадмын бас нэг томоохон хэсэг нь хаалтын ажиллагаа байсан бөгөөд 19 цагаас “Залуучууд-цаг үе” шоу цэнгүүнийг зохион байгуулж, Дуучин С.Наран, Улсын филормоний дуучин Т.Амина, Цагаан шөнө хамтлаг, Юпера, дуучин Хонгор, Дижитал хамтлаг, дуучин Чулуунбаатар, олон хамтлаг дуучид маань соёл урлагийнхандаа баяр хүргэж, ая дуугаа өргөлөө. Баяр наадам маань өндөрлөх дөхсөн ч баярлаж наадсан хүмүүс огт цөөрөхгүй, бүжиглэж дуулж баясацгааж байсан нь олны сэтгэлд нийцсэн сайхан баяр болсоны жишээ байлаа.
Эрхэм сайд маань энэхүү баяр наадмыг зохион байгуулсан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олонд баярлаж талархаж буйгаа илэрхийлж, хамт олны ажлыг өндөрөөр үнэлсэн юм.
Налгар сайхан нартай өдөр Соёл урлагийнхан маань уйдах завгүйгээр баяр наадмаа тэмдэглэж, хүчит бөх, хурдан морь, сур, шагайн мэргэн харваачтай, эрдэнийн тансаг гоо бүсгүйчүүдтэй, сайхан баяр болж өндөрлөлөө.
Зочин · 2013/09/14