Түүх гэдэг он цаг улирах тусам өнгө нь өөрчлөгдөж байдаг олон хуудастай ном бөлгөө. Биднийг бага байхад дэлхийн хоёрдугаар дайн гэж айхтар ширүүн гамшиг хорвоог бүрхэж Гитлер гэдэг мангасыг Сталин гэдэг баатар чухамхүү таван жил зай завсаргүй нүдэж байж ялсан мэтээр бичдэг байлаа.

Дараа нь Сталин бол “баатар нь ч баатар аа гэхдээ жаахан харгис баатар” гэх аядуу юм ойлгуулдаг болсон. Үнэн чанартаа яг адилхан түрэмгий, харгис, эрх мэдлийн төлөө олон хүний амийг золиосолсон хоёр этгээд л байсан юм билээ. Ялгаа нь Сталин манай сор болсон хүмүүсийг устгаж Монголын түүхтэй их бага хэмжээгээр хутгалдсан тул бид түүнийг сайн мэддэг, харин Гитлерийг фашизмын эцэг, ХХ зууны нэг номерын алуурчин гэхээс цааш мэддэггүйд орших аж. Тухайн үед дэлхий дээр оршиж байсан 73 улсын 61 нь оролцож, зургаан жил үргэлжлэхдээ зарим нэгний тооцоогоор жаран сая хүний амийг бүрэлгэсэн гэгддэг энэ аймшигт дайны гол буруутан Адольф Гитлер гэгч хүн яагаад ийм тийрэн болсон юм бэ, түүхийн хүрд өөрөөр эргэх боломж байсангүй гэж үү, зөвхөн хар бараан амьдралтай хүн байсан юм уу гээд бидний бараг мэддэггүй амьдралынх нь хэсгээс жаахан сонирхъё. Учир нь тэр бол хар бараанаар ч гэлээ дэлхийн түүхэнд томоор бичигдсэн, заавал мэдэж байх ёстой нэгэн мөн тул тэр. Байг гэхнээ яаж яваад хагас галзуу байрын ийм эр “шалан дээр унасан” эдийн засагтай орныг аравхан жилийн дотор цэрэг зэвсэг-эдийн засгийн хүчирхэг улс болгон өөрчилж дэлхийн хөгжил дэвшлийн оргилд байсан бүх нутгийг хормын дотор эзэлж чадав аа гэдэг чинь өөрөө сонирхолтой асуулт мөн биз дээ.

Амраг Эве Брауны хамт

ДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТУХАЙ ХҮН БҮХНИЙ МЭДДЭГ ТОВЧ ТҮҮХ

Тэр 1889 оны дөрөвдүгээр сарын 20-нд Австрийн Браунау-ам-Инне хотод Алоис хэмээх тариачин эрийн гэрт төрсөн. Хожим нь эцэг нь гаалийн ажилтан болж амьдрал нь дээшилсэн тул Гитлерийн бага нас гачигдах дутагдах зүйлгүй өнгөрсөн гэнэ лээ. Эхийг нь Клара гэдэг, ирээдүйн фюрэрийн хайрлаж санагалзах ганц эмэгтэй, тийм ч учраас Гитлер “би ээжийгээ дуурайсан төрхтэй” гэж их ярьдаг байжээ. Дунд сургуульд бусдын л адил суралцаж байснаас биеийн тамирын хичээл, уран зураг хоёрт илүү дуртай байв. Багын сонирхлоо цаашид хөгжүүлэхийг эрмэлзсэн Адольф дунд сургуулиа төгсөөд Венийн Уран сайхны академид элсэх гэж хоёр удаа оролдоод бүтээгүй. Гэхдээ зураг зурах “хөөрхөн” авьяас байсан тул чөлөөт уран бүтээлч болж нэлээн хэдэн жил бийр будагтай ноцолдож гайгүй зурчихдаг байсны жишээ нь зургаа зараад өөрийгөө тэжээх хэмжээний мөнгө олчихдог байснаар батлагдана. 1913 онд Бавари муж руу шилжин тэндээ цэрэгт татагдаж дэлхийн нэгдүгээр дайнд ачигдлаа. Дайнд нөхрийнхөө ард нуугдаж, нуувчнаас гаралгүй нугдайн сууж байсангүй. Баварийн армид багтан байлдахдаа “Төмөр Загалмай”-н нэг, хоёрдугаар зэрэг, “Сэлэмтэй Загалмай” мэтийн медалиудаар шагнуулсан, хоёр удаа шархдаж бөөр, нүдэндээ гэмтэл авч байсан дайчин эр. Дөрвөн жилийн туршид сайн байлдаж хожмоо химийн дайралтад өртөн шархдаад эмнэлэгт хэвтэнгээ дайн дууссаныг сонсох үедээ түрүүч цолтой байжээ. Энд нэг зүйлийг түрүүлээд тэмдэглэхэд дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон 61 улсын цэргийн ерөнхий удирдагч, командлагч нар дотор ганцхан “ахлах бадка” байсан нь энэ туузан сахалт шүү дээ.

Дайнаас буцаж ирээд Мюнхэн хотноо хэсэг ажилгүй сэлгүүцэж дараа нь ухуулагчийн дамжаанд суралцан шар айрагны мухлагаар сэлгүүцэх өөртэйгөө адил хүмүүсийг еврейчүүдийн эсрэг тэмцэх үзэлд ухуулах болжээ. Дайнд ялагдаж үгүйрч хоосорсон, паб хэсч шар айргаар ходоодоо цэнэглэх ажил, амьдралгүй эрчүүдэд Гитлерийн хурц цэцэн цэлмэг ухуулгууд ихэд таалагддаг байсан нь Германы ажилчны намын үүсгэн байгуулагч Дрекслерийн сонорт хүрч түүнийг намдаа элсүүлэхэд 1919 он өнгөрч байлаа. Үүнээс жилийн дараа гэхэд уг нам нэрээ сольж NSDAP(НСДАП-Германы үндэсний социал ажилчны нам) хэмээх ирээдүйд дэлхийг чичрүүлэх тавилантай харгис нам болон өөрчлөгдөж түүний хязгааргүй эрх мэдэлтэй даргаар Адольф Гитлер сонгогдсон. 1923 онд хожмоо “пивоны үймээн” гэж нэрлэгдсэн төрийн эсрэг жагсаал зохион байгуулсан хэргээр таван жилийн ял авсан ч есөн сар суугаад суллагдсан. 1930 он гэхэд түүний нам Германы парламентын сонгуульд дээгүүр өрсөлдөх хэмжээний болтлоо нэр нь өссөн. Үр дүн нь ч удалгүй гарч 1933 он гэхэд тэр рейхсканцлер буюу Ерөнхий сайд боллоо. Дараа жил нь нөгөө Рейхстаг буюу парламентын байшин нь шатаж түүнийг коммунистууд шатаасан хэргээр өрсөлдөгч намаа нугасалж дөрвөн мянга орчим хүнийг шоронд илгээв. Хожмоо энэ шатаалтыг Гитлерийн намын Эрнест гэгч өөрийнхөө бүлгийн хамт нууцаар үйлдсэн нь батлагдсан. 1934 онд Ерөнхийлөгч 86 настай Гинденбург нас нөгчиж тухайн үеийн хуулиараа засаг тэргүүлж байсан хүн Ерөнхийлөгчийг орлоно гээд Гитлер шууд фюрэр боллоо. Дараа нь хуулийг өөрчлөх бүх нийтийн санал асуулгаар 84 хувийн дэмжлэг авсан Адольф зэвсэгт хүчин зөвхөн түүнд тангараг өргөнө, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг нийлүүлээд нэг хүн хашна гэх мэтчилэнг баталгаажуулж аваад л сүйтгэж эхэлсэн дээ. Еврей, цыган нарыг нутгаасаа хөөж устгалаа, коммунистуудыг устгалаа, социал демократуудыг устгалаа. 1938 онд Австрийг, 1939 онд Чехийг өөрийн эрхшээлд оруулсны дараа Польш руу халдах бэлтгэлдээ орсон. 1939 оны наймдугаар сарын 31-нд Польшийн армийн хувцас өмсөж зүсээ хувиргасан нацистууд хилийн зааг дээрх Глайвиц хотын герман иргэд рүү дайрч халдлага үйлдсэн бөгөөд үүний маргааш нь Гитлер радиогоор “польшууд 14 газраар хил зөрчин манай хүмүүс рүү дайрсан тул энэ балмад үйлдэлд хариу барих болно” хэмээн зарлаж Польш руу довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлжээ. Долоон сая цэрэгтэй Вермахт түүний удирдлага дор зургаан жил Европыг түйвээж 1945 оны тавдугаар сард л нам дарагдсан юм. Тэр өөрөө 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу яг энэ өдөр Берлин хот дахь нуувчиндаа амиа хорложээ.

Вена хотын сүмийг дүрсэлсэн түүний уран зураг

АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ТАЛААРХ ХҮН БҮР ЯРИАД БАЙДАГГҮЙ ТҮҮХ

*Тэр сайн зурдаг байжээ. Дайны төгсгөл үеэр Германд байлдаж явсан америк цэргүүд түүний зурсан зургуудыг олзолж далай давуулан авч явснаас зарим нь нийтэд ил болоод байгаа. Жишээ нь 2015 оны зургадугаар сарын 22-нд нэгэн дуудлага худалдаан дээр түүний зурсан 15 зураг дөрвөн зуун мянган еврогоор зарагдаж байв. Зургууд нь ихэвчлэн хуучны Вена хотын эргэн тойрон, барилга байгууламж, хүмүүсийг дүрсэлсэн байдаг.

*Залуудаа “галзуу тамхичин” байсан Гитлер өдөрт дөч хүртэл янжуурыг дуусгадаг байжээ. Хожмоо тамхинаас гарч түүний эсрэг идэвхтэй тэмцэх болсны нэг жишээ нь төрийн хэмжээнд гаргасан тамхины эсрэг хууль. Дэлхий дээрх хамгийн анхных гэгддэг энэ хуулиар тамхийг нийтийн унаанд татахыг хориглон татварыг нь нэмж, суртчилгаа хийхийг нь хязгаарлаж байлаа. Улс орон даяар тамхины хор хөнөөлийг тайлбарлаж, баар, ресторанд зөвхөн зөвшөөрөлтэй талбайд л татуулдаг байв.

*Гитлер гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах хуулийг бас л хамгийн анх дэлхийн хэмжээнд гаргасан хүн. Хууль гаргаж байх үедээ үй олон еврейчүүдийг устгаж байсан мөртлөө амьтан дээр шинжлэх ухааны туршилт хийх, гэрийн тэжээвэр амьтадтай харгис хандахыг тэвчдэггүй байж. Сонин шүү. Сая, сая хүнийг лабораторийн туршилтад оруулж хороох мөртлөө хулгана, туулайг өрөвдөнө гэж.

*Гитлер 1939 онд Нобелийн шагналын энх тайвны төлөө төрөлд нэр дэвшиж байснаас гадна TIME сэтгүүл түүнийг “1938 оны хүн” гэж өргөмжилж байсан. Сэтгүүлд түүний алдар цуу, албан тушаал зэргийг нэрлээд төгсгөлд нь “Энэ онд болж өнгөрсөн үйл явдлуудад 1938 оны Хүний оруулсан хувь нэмрийг тооцон үзвээс тэр 1939 оныг хэзээ ч мартахааргүй болгон өнгөлж магадгүй юм” гэж онцолж байжээ.

*Тэр Америкийн машин үйлдвэрлэгч Генри Фордыг шүтэж хөрөг зургийг нь тасалгааныхаа хананд өлгөж байв. Фордын адил хямдхан машинууд үйлдвэрлэж бүх герман хүнийг жолооны ард суулгана гэж мөрөөддөг, энэ мөрөөдлөө “Вольксваген”-ий эзэнтэй ярилцаж хэлэлцэж байсан гэдэг.

*Гитлер дөрвөн настай байхдаа голын усанд живж үхэх шахсан бөгөөд хажуугаар нь явж байсан санваартан түүний амийг аварсан гэнэ. Еврей гаралтай тэр лам ямар хүний амийг аварч байгаагаа мэдсэн бол ч… Яг үүнтэй адил Венийн Уран сайхны Акедеми түүнийг хоёр удаа шалгалтанд унагааж байхын оронд сургуульдаа оруулсан бол Ван Гог болдоггүй юм аа гэхнээ урлагийн замаар алхсан даруухан нэгэн болох ч байсан юм бил үү.

*Гитлер 1929 онд дөчин настай байхдаа 17 настай Ева Браун хэмээх охинд дурлаж эргүүлж эхэлсэн бөгөөд 1931 оноос эхлэн хамт амьдрах болсон. Гэхдээ тэд 14 жилийн туршид амрагийн хэмжээнд амьдарч байгаад 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд гэрлэсэн бөгөөд маргааш нь хамтдаа амиа хорложээ.

*Гитлерийг устгах гэж маш олон удаа оролдож байлаа. Зөвхөн 1933-1938 оны хооронд 16 удаа ийм халдлага үйлджээ. Эхэн үедээ дотоодынх нь өрсөлдөгчид буудах, дэлбэлэх, хор өгөх зэргээр олон удаа оролдсоноос хамгийн бүтэлтэй нь Нюрнбэргийн ойролцоо машинтай явж байхад нь буудсан үйлдлийг гэдэг юм билээ. Тэр үед гарыг нь шархдуулж байжээ. Хожим дайн эхэлснээс хойш өөр улсуудын “томчуул” оролдож эхэлсэн ч гэлээ хэн нь ч бүтэл олоогүй.

*Веймарын Бүгд Найрамдах Улсын үед эхлүүлсэн ажил болох том хотуудыг холбосон хурдны замыг дуусгасан нь эдийн засгийн хөгжилд их тус болсон. Ер нь түүнийг засаг барьж эхэлсэн эхний гурван жилд Германы эдийн засаг арав дахин өссөн гэдэг юм билээ. Зарим эдийн засагчид энэхүү дэвшилд нь Америкийн том том корпорациудын зээл тусламж, хөрөнгө оруулалт нөлөөлсөн гэлцдэг.

Д.БАТ-ЭРДЭНЭ