"Улсдаа хаягдсан Музей"-н барилгыг бариулах гэж гаднаас гуйж явна
2016/05/19
Одоогоос 92 жилийн өмнө Монгол улсад Үндэсний түүхийн музей байгуулагдаж байжээ. Энэ нь одоогийн Байгалийн түүхийн музей юм. Тус музейд газар зүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой үзмэрүүд бий. Гэтэл 2013 оны зургаадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар түр зогсоосон. Тус музей байрлаж байгаа барилгыг нурааж, суурин дээр нь орчин үеийн музейн зориулалтын барилга барих ажил хийгдэнэ гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл төсөв хөрөнгийг нь шийдэж өгөөгүй байна.
Өдгөө долоон төрлийн 14 мянга гаруй үзмэр барилгагүй улмаас зориулалтын саванд хадгалагдаж байгаа юм. Харамсалтай нь аялал жуучлалаа хөгжүүлэхэд анхаарч байгаа улс хамгийн их хүнийг татдаг үзмэртэй музейн барилгыг барих ч чадал алга. Жилдээ ганцхан энэ музей 160-180 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Хаагдаад гурван жилийн нүүрийг үзэж байхад хөрөнгө мөнгөний талаар дорвитой дуугарч, асуудлыг шийдэхийг дээд суудалтнуудаас хэн нь ч үг унагасангүй ээ. Музей хаалгаа барих үед салбар яамнаас нь шууд 350 гаруй сая төгрөг гаргаж музейн шинэ барилгын зураг төслийг боловсруулж, батлуулсан. Ингээд долоон давхар өндөр, 15 мянган м.кв талбайтай Ази тивдээ томд орох Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг 24 тэрбум төгрөгөөр босгох тооцоо гарчээ. Гэтэл энэхүү санхүүгийн асуудлыг улсын төсөвт тусгах нь бүү хэл, төсөв хэлэлцэх үеэр ч оруулж ирээгүй юм.
Музейн удирдлага, салбар яам нь зөвхөн улсын төсөв хараад гурван жил зүгээр суугаагүй гэнэ. Буцалтгүй тусламж үзүүлдэг олон төрлийн олон улсын байгууллагуудад хандсан ч одоогоор нааштай хариу ирээгүй байгаа аж. Мөн музейн захиргаа, БСШУЯ, Гадаад хэргийн яамаар дамжуулан БНСУ-ын Засгийн газарт хандаж 60 жилийн настай хэзээ мөдгүй нурах аюултай болж, үүдээ барьсан музейн барилгаа барих мөнгийг хүсчээ. Ийнхүү улсдаа хаягдсан музейн 14 мянга гаруй үзмэрийн 30 хувь нь элэгдэж, заавал шинэчлэх шаардлагатай болжээ.
иргэн · 2016/07/24
Музейн барилгын мөнгийг Солонгос улсаас гуйж байдаг нүүрээ ширүүлсэн амьтад вэ. Энэ музейг Улаанбаатар хотод биш Хар хорин эсвэл Өмнөговь,Дундговь аймагт барих хэрэгтэй. Аялал жуулчлал хөгжүүлж, гадныхнаас мөнгө олох гэж байгаа бол УБ-т шавааралдуулаах хэрэггүй
Зочин · 2016/06/23
Naad.muzegee.MAN-n.S.Bat-boldoos.nuugaarai.