Үүрэн холбооны операторууд үйлчлүүлэгчээ үл хүндэтгэсэн үйлдэл гаргадаг. Энэ удаад Үндэсний гэх тодотголтой “Скайтел” хэрэглэгчдээ “Одоохон” гэж худлаа хэлэн 90 минут хүлээлгэж үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулсан байна. Тодруулбал Мэдээлэл технологийн үндэсний паркт байрлах Скайтелийн Залуус салбар тодорхой тайлбар өгөлгүйгээр үйлчлүүлэгчээ 90 минут хүлээлгэн хүнд суртал гаргажээ.

Уг нь тус салбар цайны цаггүй ажлын өдрүүдэд 09-20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-20 цаг хүртэл ажилладаг ажээ.

Гэтэл ямар ч тайлбаргүйгээр салбараа цоожлон алга болсон байна. Улмаар лавлахаас нь тодруулахад “Удахгүй орлоо, та түр хүлээгээрэй” хэмээн хэлж 90 минут хүлээлгэжээ. Энэ хооронд үйлчлүүлэгчид удахгүй гэж итгэн хүлээсээр байсан юм.

 

 

90 минут хүлээлгэсэн үйлчилгээний ажилтан нь “Удаан хүлээлгэсэнд уучлаарай. Цайндаа орсон юмаа. Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа” хэмээн уучлал хүсч байгаа харагдсан.

Уг нь үйлчилгээний байгууллагын ажилтан цайндаа орох нь жам ёсны хэрэг. Гэхдээ “Одоохон” гээд 90 минут хүлээлгэх нь үйлчилгээний соёлд нийцэхгүй юм. Ядаж үүдэндээ “Цайны цаг” гэсэн бичиг хадсан бол үйлчлүүлэгчид ажил, амьдралаа зохицуулах л байсан.

Үйлчилгээний байгууллага ийм соёлгүй үйлдэл гаргаж бусдыг хохироосоор байх уу? Агуу зүйл жижиг зүйлээс эхэлдэг гэдгийг санах хэрэгтэй шүү Скайтелийнхаан !!!