П.Анужин: Алдагдсан гэх бичлэгийн бай нь би, "Намын бага" хурал байж ээ
2016/05/22
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн зочноор уригдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний гэргий О.Цолмон, хөтлөгч П.Анужин нарын хар дүрс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан нь шуугиан тарьсан. Энэ талаар тус нэвтрүүлгийн продюсер Б.Баатар тухайн үед, "МАХН-ын дарга Н.Энхбаярын болон бас бус бичлэг алдагдсан. Бид үүнийг маш нарийн зохион байгуулалттай, мэргэжлийн ажиллагаа гэж бодож байна. Цацсан процесс ч мэргэжлийн өндөр төвшинд байсныг харсан байх. Хийсэн эвлүүлэг ч тэр, тайлбар текст гээд үнэхээр өндөр хэмжээнд зохион байгуулалттай нь харагдаж байна. Манай серверийн хувьд хэн дуртай нь орж чадахгүй. Маш сайн хамгаалалттай. Энэ бол ганц, хоёр хүн эсвэл нэг жижигхэн компанийн хийх ажил биш. Энэ бол маш том бүлгийн хийсэн тусгай ажиллагаа гэж бодож байна" хэмээн сэтгүүлчдэд тайлбар өгсөн байдаг.
Тэгвэл одоог хүртэл маргааны сэдэв болсоор байгаа дээрх асуудлаар П.Анужин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,"Сэтгүүлч Б.Ганчимэгийн асуултанд таван сарын дараа хариулав. Алдагдсан гэх бичлэгийн бай нь би. "Намын бага" хурал байж ээ.
Намын бага хурал дөхөж байгаа нь мэдрэгдэж байна. Хамтран уран бүтээл хийж байсан газарт маань "том бүлэглэл" орж бичлэг алдлаа гэж байсан. Энэ удаа өөрсдөө тараахаа заналхийлэн бичлээ. Хүн уншимгүй үгээр өөрийн утасны дугаараас ил тод бичсэн байна бил ээ, түүнийг энд тавьчих муухай биз ээ. Өнөөхийг нь манай намын нэр бүхий эрэгтэй улайран тарааж явна өнөөдрөөс. Нэрийг нь биччих гэхээр "гишүүн" бөгөөд ахиад дэвших гэж яваа..., замд нь ерөөл өргөж, эр хүнийг давж ухаан заая! Тэгээд ч "журмын нөхөр" гэж үг бий.
Бичлэг энэ тэр зарсан нь мөнгөжиж, тараасан нь хожоо гаргаж байгаа бол буян хийж байгаа л юм байна гэж бодож сууна. Дүрс сүүдрийг нь зараад амьтан хүн хоолтой, сэтгэл тэнүүн явж байгаа бол болоо болоо. Хэдэн өдөр шуугиад, дайрч доромжилдог юм байна лээ. Балбуулж балбуулж, тэгээд өөрийгөө толинд харахаар "хөөрхий" минь байдгаараа байж л байх юм байна лээ.
Дайрч дайлсан хүн бүхэнд баярлалаа гэмээр санагддаг юм бил ээ тодорхой хугацааны дараа. Ямар их хат суулгаж, ямар их ууч сэтгэлийг үүсгээд явсанаа тэд төсөөлөхгүй ээ. Хат, тэвчээр гэдэг чинь ном уншаад, эрхэлж суугаад эсвэл мөрөөдөөд олчихдог зүйл биш юм бил ээ.
Бичлэг тарааж байгаад бага хуралд нь "алаад" өгнөө гэж бодож байгаа бол, би улсаа худалдаж, амьтан хүн хохироож, худал ярьж, хор найруулж, хулгай хийгээгүй болохоор эв эгц хуралдаа суучихна гэдгээ хэлчихье! Надад үнэн буй!
П.Анужинг байгаагаас нь гоёчилж ойлгох хэрэггүй ээ. Уйлж, уурлаж, хайрлаж, итгэж, гэнэдэж бас цэлмэн уужирч чаддаг зүгээр л нэг эмэгтэй. Хүн бүхэнд ийм чанар бий хүрэл зүрхтэй л биш бол. Гэлээ гээд энэ талаа хүн бүхэнд харуулж үзүүлээд явдаггүй, хүн гэдэг чинь нарийн нандин зүйлээ итгэж найдаж байгаа улсдаа л нээдэг. Түүнийг нь хулгайч лугаа бичээд, эцэст нь сүрдүүлэн дарамталж, амьдрах аргаа хийж буйг юу гэлтэй бил ээ!
Би сайлуулах гэж хичээдэг хүн биш, тийм ч учраас шүүрэн шанага адил сэмэртлээ хэлүүлж, бичүүлж буй өнгөрсөн он жилүүдэд гүдэсхэн яваад ирсэн. Нэг ч хэвлэл, сонинтой хаалтын гэрээ хийгээгүй, мөн төлбөртэй яриа, нэвтрүүлэгт орж үзээгүй ээ" гэжээ.
Х.Онон
www.zuvsongolt.mn
Зочин · 2016/05/23
худлаа өөрийгөө рекламдаж байна
baharhana · 2016/05/23
Amjilt husie.bitgii shantraarai.humuus chamaig demjij bga gedegt itge.gaihaltai baharhmaar emegteichuudiin neg shuu.amjilt
Зочин · 2016/05/22
ENE DOLDOI AVGAI XEN YUM BE. SETGUULCH GEJ L XEN CH XELEXGUI.