Өндөр өртөгтэй, бизнесийн байгууллага болох “Гранд мед” эмнэлгээр үйлчлүүлсэн 27 настай бүсгүй амиа алдсан хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал талийгаачийн хөл өвдсөн тул “Гранд мед” эмнэлэгт хандажээ. Эмнэлэг түүнээс шинжилгээ авч “нурууны дикс суулттай байна” гэсэн онош тавьсан бөгөөд хөнгөн зэргийн хагалгаа хийнэ, Тэгээд зүгээр болно гэжээ. Ингэхдээ эмчилгээнд нь 92 хувийн баталгаа өгч байна гэсэн аж.

Талийгаач урьд нь Шведэд хүүхдээ төрүүлэхдээ бүтэн наркозанд орж төрж байсан юм байна. Эмчилгээний нийт төлбөр 5 сая төгрөг болсон бөгөөд хэвтэн эмчлүүлэхэд дөрвөн ортой өрөө нь 52000, хоёр ортой өрөө нь 68000 байдагаас талийгаач 68000 төгрөгийн үнэтэй өрөөг нь сонгож хэвтжээ. Тэрбээр өөд болохынхоо урьд орой ээжтэй хамт хонуулаач гэж сувилагчаасаа гуйсан боловч хамт хонуулаагүй байна.

Ингээд 5 сарын 17-ны өдөр 9 цагийн үед хагалгаанд орохоор цааш орсон охин нь хагалгаандаа ч орж чадалгүй амиа алджээ. Тодруулбал гэрч нарын хэлж буйгаар "Өмнөх орой нь талийгаачид нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулсан банйа. Тиймээс зүрх нь ачааллаа даалгүй, нас баржээ”. Харин “Гранд Мед” эмнэлгийнхэн шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа учир тайлбар өгөхгүй гэж байгаа юм. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

Жигүүр Гранд Группийн дэмжлэгтэйгээр ажилладаг “Гранд Мед” эмнэлэг өндөр төлбөртэйгээр нуруу нугасны эмчилгээ, хагалгаа хийдэг ч зөвлөх эмчгүй гэх мэдээлэл байгаа юм.

Н.Чимэг