Монголын дууны урлагийн нэрт мастеруудын авъяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдсөн “Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон сайхан дуунуудыг өөрийн уянгалаг дуу хоолой, увидас мэдрэмжээрээ амьдруулж дуунд дуртай дуучин монгол түмэндээ хэдийнээ танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан уран бүтээлийн амьд тоглолтоо “Баясгалантай сайхан” хэмээх нэртэйгээр ирэх 10 сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр болсон тухайгаа зарлалаа.

    Дуучин бүсгүй нь хувьд 1998-2005 онд Хөгжим Бүжгийн Коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг МУГБ Ц.Дэлгэр багшийн удирдлага нь дор уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Үнэхээр сүүлийн хэдэн жилүүдэд монголын дууны урлагийн ерөнцөд өөрт заяагдсан авъяас билэгээрээ 2010 онд “Ирээдүй минь” цомгийг МУСТА Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргаж байжээ.

    Түүнчлэн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг бие даасан кино концертуудаа туурвисны зэрэгцээ 2013 онд МУСТА П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо туурвиж дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан ажээ. Ийнхүү уртын дуучин, хөгжимчин бүсгүй маань сүүлийн хэдэн жил бодож төлөвлөж, хүсэж мөрөөдөж явсан уран бүтээлийн анхны тоглолтоо хийж өөрийн бүтээж туурвисан олон гайхалтай уран бүтээлүүдээ монголын ард түмэндээ толилуулах нээ.

Та бүхэндээ дуучин А.Түмэн-Өлзийгийн 2011 онд туурвисан "Баясгалантай сайхан" дууны клипийг толилуулж байна


Таныг урлагийн тэнгэр ивээг...