Т.Баасанхүү: Ард түмнийхээ амны билгээр улсын заан цол хүртэхийг хүсч байна
2016/06/09
Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын начин Төрөөгийн Баасанхүүтэйярилцлаа. Тэрбээр уран, хурц, хурдтай барилдаанаараа үзэгчдийг өндөлзүүлдэгбилээ. Ёстой л “Бөх, морь, хутга гурав жижигддэггүй” гэдгийг харуулах шиг болдог.
-Улсын баяр наадам ойртож буй энэ үед тантай уулзаж байгаад таатай байна. Бэлтгэлсайн байгаа биз дээ?
-Давгүй ээ. Заалны барилдааныг аль болох алгасахгүйг хичээж барилдаж байна. Энэ барилдаан бөхчүүд бидэнд асар их бэлтгэл, туршлага болдог. Үүнээс хэн хэнийхээ барилдааныг улам мэдэрнэ. Энэ жилийн баяр наадамд 1024 бөх хүч үэзх болохоор бэлтгэлээ улам чамбай хийхийг хичээж байгаа.
-Таныг бөх сонирхогчид энэ жилийн баяр наадмаас улсын заан цол хүртэх байх гэжхарж сууна. Харин танд энэ мэдрэмж “ханхалж” байна уу?
-2013 онд Монгол Улсын начин цол хүртсэн. Тэр цагаас хойш энэ цолоо хамгаалж барилдахын төлөө хүч үзлээ. Гэхдээ бөх болгоны мөрөөдөл цолоо ахиулах. Улсын заан цол хамгийн сайхан нь юм шиг санагддаг. “Ашдын билгээс амны билэг” гэдэг дээ. Ард түмнийхээ амны билгээр энэ цолонд хүрэхийг хүсч байна. 2011 онд улсын баяр наадамд анх удаа барилдахдаа дөрвийн даваанд улсын заан Ч.Батзоригт өвдөг шороодож байсан. Тэр цагаас хойш төрийнхөө наадамд тав дахь жилдээ зодоглох гэж байна. Бага ч гэсэн туршлага хуримтлагдсан байх.
-Таны хоёр ах сум, аймгийн цолтой. Ах нартайгаа их ноцолддог байв уу?
-Том ахыг Даваадорж гэдэг, сумын заан цолтой бол дунд ах Мягмаржав аймгийн арслан цолтой. Сум орон нутагтаа сайхан барилдаж явсан хүмүүс. Мягмаржав ах улсын баяр наадамд хоёр ч удаа гурав давж, аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн. Би багаасаа тэдэнтэйгээ ноцолдож, бөхийн спортод дурласан. Мөн 2006 онд Увс аймгийн Тэс сумын дунд сургуулийн биеийн тамирын багш Баттогтох багшийн удирдлага дор үндэсний бөхийн бэлтгэл хийж байлаа. Харин Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням багшийн зөвөлсөнөөр “Увснуур” галдаа бэлтгэлээ хийж байгаа.
-Дээхнэ Мягмаржав ахтай тань андуурдаг хүн олон байсан. Жигтэйхэн адилханхарагддаг байсан шүү. Мөн улсын баяр наадамд хоёр удаа гурав давсан хүн начин цолхүртхэд ойрхон л байж дээ?
-Тийм. Намайг аймгийн цолтой байхад ах бид хоёрыг андуурдаг хүн олон байсан. Харин одоо би улсын цолтой болсон тул ядаж малгайны тэмдгээр таньдаг байх. Тэгээд ч ах маань тэр бүр барилдахаа байсан. Уг нь ах маань их барилдаанч. Би улсын цолтны эгнээнд орох болов уу гэж горьдож байсан ч энэ цол хүссэн аавын хүү болгонд ирдэггүй болохоор аймгийн арслан цолтойгоо үлдэж байна.
-Та анхны цолоо хаана хүртсэн бэ?
-Манай аймагт аваргуудын нэрэмжит тойргийн барилдаан болдог. 2008 онд болсон тус барилдаанд 28 даваагаар хоёрдугаар байрт шалгарч аймгийн начин цол хүртсэн. Харин 2009 онд аймгийнхаа баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цолоор энгэрээ мялаасан. Тэгэхэд Мягмаржав ах түрүүлж байлаа.
-Тэр барилдаан шударга болсон уу?
-Ах маань тэр үед аймгийн заан цолтой байсан юм. Би цаашид цолоо ахиулах боломжтой харин ахыгаа аймгийн арслан цолтой болгьё гэж бодсон хэрэг. Бид хоёрын насны зөрүү их л дээ.
-Та маргааш (өнөөдөр) нутаг руугаа явах гэж байгаа гэсэн үү?
-Тийм. Тун удахгүй манай гал бэлтгэлдээ гарах болохоор тэрнээс өмнө нутагтаа очиж, уул овоондоо улсын баяр наадамд амжилттай барилдуулж өгөөч гээд залбирчихаад ирэх гэж байгаа юм. Ер нь би жил бүрийн улсын наадмын өмнө нутагтайгаа золгодог л доо. Тэгэхгүй бол сэтгэл нэг юм нэхээд байх шиг санагддаг.
-Ээж тань бөхийн удамтай гэсэн үү?
-Тийм. Ээжийг Л.Жавзанхорлоо гэдэг. Авга ах нарыг Арслан, Сундуй гэдэг байсан. Аймгийн хурц арслан цолтой хүмсүүс. Аав маань ч сумынхаа наадамд зодоглодог байлаа. Удам гэвэл ээжийнхээ талыг л дагасан даа.
-Аав ээж тань улсын баяр наадмын бөхийг Төв цэнгэлдэхээс үздэг үү?
-Үгүй. Нутагтаа байгаа. Телевизээр л үздэг. Намайг улсын начин цол хүртхэд тэд маань маш их баярласан гэсэн.
-Барилдаан таардаггүй бөх гэвэл та хэнийг нэрлэх вэ?
-Зүлэг ногоон дэвжээ дээр гарсан л бол бүгд “хатуу боорцог” шүү дээ. Яг тэр гээд онцолж хэлэх хүн алга.
-“Бөх, морь, хутга гурав жижигддэггүй” гэж Монголчууд ярьдаг. Та бусад бөхөөсбиеэр жижиг. Гэвч улсын цолтны эгнээнд багтсан нь дээрх үгийг батлах шиг болсон ...
-(инээв). Тийм ээ би жижиг биетэй. Гэхдээ өөрийнхөө барилдааны онцлогт тохируулж барилддаг. Аль болох сэрвүүнээс хүч үзэхийг хичээдэг. Надад бусдаас ялгарах давуу тал юу байна вэ, тэрийг л гаргаж барилдахыг эрмэлздэг.
-Гэхдээ таны хамгийн том давуу тал хурд шүү дээ?
-Тийм. Хүмүүс ингэж хэлдэг л дээ. Надад үндсэн мэх бараг байдаггүй. Тухайн үеийн барилдаан, мэдрэмжээсээ шалтгаалж тохирсон мэхээ сонгодог. Зарим бөх барилдахаасаа өмнө тактик боловсруулдаг. Харин би тэгдэггүй. Барилдаан эхэлсэн бол угсраа мэх хийхийг хичээдэг.
-Танай нутгийн бөхчүүд сүүлийн үеийн улсын наадмын түрүүг хүртсэн. Монгол Улсынаварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд нарыг эс тооцвол. Энэ жил танайгалын бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа вэ?
-Сайн байгаа. “Увснуур” бөхийн дэвжээнээс маань сүүлийн үед төрийн наадамд дөрвөн түрүү тодорсон. Энэ жил ч манайхан хичээж барилдах болно оо.