Банкны хямрал яагаад болдог вэ?
2016/06/10
Манай тухайд санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банкны салбар дангаараа бүрдүүлж ирсэн нь яах аргагүй шүүмж дагуулж ирсэн сэдэв л дээ.
Учир нь Банк, Даатгал, Хөрөнгийн зах зээл гэсэн гурван сектор нь жигд хөгжиж байж санхүүгийн систем нь иж бүрнээр урагшлах ёстой байтал манай тухайд нэг нь хэт их ачааллыг үүрч өдийг хүрсэн гэхэд болно.
Тэрчлэн дэлхий дахины банк санхүүтэй холбоотой мэдээлэл бидний анхаарал тавьж байх ёстой асуудлуудын нэг байдаг.
Тэгвэл 21 жилийн өмнөх хоёрдугаар сарын 26-ны өглөө Их Британийн хатан хаан нэгэн таагүй мэдээ хүлээн авсан нь 233 жилийн настай Barings банк дампуурсан тухай мэдээ байв. Гэхдээ Британийн хатан хаанд л ийм таагүй мэдээлэл хүрээд байсан юм биш. Ерөнхийдөө 1990-ээд онд дэлхий дахины банк санхүүгийн секторт уналтын тухай мэдээ гарсаар байсан юм. Тиймээс ч банкны салбарынхан эрсдлээс бултан зайлахын тулд боломжит арга механизмуудыг эрэлхийлж, тодорхой хэмжээнд нэвтрүүлж ч иржээ.
Гэсэн ч асуудал зөвхөн банкныхнаас хамаардаггүй. Бүхэл бүтэн эдийн засгийн дархлааны асуудалтай хамаатай. Тэрчлэн АНУ-ын санхүүгийн зах зээлийн мэдээнүүд долоон оны арванхоёрдугаар сараас эхлэн унаж, улмаар найман оны аравдугаар сар гэхэд олон арван банкууд үүдээ барьж, дэлхийн эдийн засаг шинэ хямралтай нүүр тулж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч байв. Хямралын шалтгаан нь Америк улс 80-аад оны сүүлчээс орлого багатай иргэдийг орон сууцжуулах зорилгоор банкуудаар дамжуулж хэт хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгож эхэлсэнтэй, тэр бодлого нь зах зээлийн бодит нөхцөлтэй уялдаагүйгээс шалтгаалсан, ерөнхийдөө үл хөдлөх хөрөнгийн захын хямралтай холбон тайлбарлагддаг.Мөн нөгөө талд компаниуд засаглалын зарчимаа барьж ажиллаагүйтэй ч холбон яригддаг. Тэгвэл эдийн засгийн мөчлөгийн уналт банкны салбарт уналт дагуулдаг болохыг, тиймээс банкны хямрал болох үеийг урьдчилан мэдэх боломжтой байж болохыг СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, MBA, докторант Б.Мөнхзаяагийн судалгаанаас харж болохоор байна.
1990-2011 онд манай улсад нийт 31 банк байгуулагдаж байсан бөгөөд тэдгээрээс 15 нь дампуурч, 2 банк нэгдсэн байдаг. Энэ хугацаанд банкны систем тогтворгүйгээс эрүүлжих тийшээгээ замнаж ирсэн бөгөөд ингэхдээ багагүй зүйлийг үзжээ. Өдгөө манай улсад 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа.
Судалгаанаас иш татахад манай улсад банкны тогтолцоо бий болоод 20 гаруй жил болж байгаа ч хэд хэдэн удаа санхүүгийн хямрал үүсчээ. Тэгвэл санхүүгийн хямралын нэг төрөл нь банкны хямрал. Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өөрийн хөрөнгөөс их болсон буюу их хэмжээний зээлийн эрсдэл, тухайн зээлийг олгох шийдвэр гаргасан удирдлагуудын алдаатай шийдвэр нөлөөлсөн зэрэг шалтгаануудын улмаас олон арилжааны банк нэг зэрэг дампуурч, их хэмжээний алдагдал хүлээж, төлбөрийн чадваргүй болохыг банкны хямрал гэж үзэж болох аж.
Гэхдээ банк хямралд орох хүртэлх хугацаандаа ужгирсан их асуудлуудтай явдаг аж. Ямартаа ч манай улсын банкны тогтолцоо үүссэн цагаас хойш 1993-1996 онд,1999-2000 онд, 2008-2009 онд нийт 3 удаагийн банкны хямрал болсон гэж докторант Б.Мөнхзаяа үзсэн байна.
Тэрээр ОУВС-ийн судлаачдын зүгээс санхүүгийн салбарын тогтвортой байдлыг тухайн жилд төлбөрийн чадваргүй болсон банкны тоо, банкуудын их хэмжээний алдагдал, ДНБ-ны бууралт, гадаад валютын ханшийн огцом өөрчлөлт, хөрөнгийн зах зээлийн индексийн бууралт гэсэн үзүүлэлтийг ашиглан судалсан судалгаанд үндэслэн Монголын банкны салбарын хямралыг 3 үе шатанд хуваажээ.
Эхнийх нь 1993-1996 онд тохиожээ. Энэ хугацаанд 6 арилжааны банк дампуурсан аж. Ер нь бол банкны сектор төдийгүй улс орны хувьд шилжилтийн үедээ байсан ба ДНБ буурч, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ өссөн нь банкны системийг хямралын үедээ байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хоёр дахь нь 1999- 2000 онд тохиосон байна. Энэ хугацаанд Баянбогд, ММ Инвест, Монгол бизнес, Сэргээн босголт, Хотш ,Эдийн тэнгэр, Экспорт импортын банкууд төлбөрийн чадваргүй болж дампуурчээ. ДНБ өмнөх оноос 66%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 54,3%- д хүрсэн байна. Тухайн үед Засгийн газраас 100 тэрбум төгрөгийг төсвөөс гарган хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгожээ.
Гурав дахь нь 2008-2009 он: Энэ хугацаанд Зоос, Анод банкууд төлбөрийн чадваргүй болж, үүдээ барьсныг бид сайн мэднэ. Эдгээр банкуудын хадгаламж эзэмшигчдэд “Банкны мөнгөн хадгаламж баталгаа гаргах тухай” хууль батлагдсантай холбогдуулан одоогийн байдлаар 225 тэрбум төгрөгний зардал гарган хохирлыг барагдуулсан. Ямартай ч энэ үед ДНБ өмнөх оноос 1,6%-иар буурч, арилжааны банкуудын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 17,4%-д хүрчээ.
Харин түрүүн өгүүлсэнчлэн эдийн засгийн мөчлөгийн уналт банкны салбарт уналт дагуулдаг уу гэдэг асуултын хариуг харвал: Манай улсын эдийн засгийн мөчлөг 1990-1993 он, 1998-2003 он, 2009-2010 оны хооронд тус тус уналтын үедээ байсан аж. Тэгвэл банкны хямрал болж байсан хугацааг эдийн засгийн мөчлөгийн хугацаатай харьцуулан авч үзвэл эхний эдийн засгийн мөчлөгийн уналтын дараа буюу 1993-1996 онд нийт 6 арилжааны банк эрсдэлд оржээ. Харин хоёр дахь уналтын үед буюу 1999-2000 онд нийт 7 арилжааны банкны үйл ажиллагаа унасан бол сүүлийн уналтын үед буюу 2008-2010 онд нийт 2 арилжааны банкны үйл ажиллагаа төлбөрийн чадварын эрсдэлд орсон.
Тэгэхээр эдийн засгийн мөчлөгийн уналтын үед банкны хямрал болж байсан гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа аж. Түүнчлэн эдийн засгийн мөчлөгийг түрүүлэгч индикаторын тусламжтайгаар банкны хямрал болох үеийг урьдчилан мэдэх боломжтой гэсэн дүгнэлтийг судлаач хийсэн байгаа юм. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийг олигтойхон өндийлгөөд дотоодод хөрөнгийн эх үүсвэрээ нэмж чадахгүй байгаа манай тухайд банк хэзээ эрсдэлд орж болзошгүй вэ гэдэгт сайтар анхаарч байх нь зөв юм.
Э.Болорхажид
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/06/10
nice
Зочин · 2016/06/10
TIIM UCHRAAS BANK SANHUUGIIN BAIGUULAGUUDIIG BAGA OROLDOO GESEN UG SANHUUGIIN BAIGUULAGUUD NIIGMII CHINE SANHUUG ZOHITSUULJ CHADAN YDAN YVAA SHUU DEE OORSDOO L DARAA NI AMA BARIV DAAA.