Б.Ханбаатар, Х.Тамир нарыг өнөөдөр шүүнэ
2016/06/15
Өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд олон нийтийн зэвүүцлийг хүргээд байсан хэргүүдийг шийдвэрлэх юм. Тодруулбал, 2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэхбүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусан дахин шүүхэд шилжсэн байна. Энэ хэрэгт зөвхөн Б.Ханбаатарыг буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байна. Тодруулбал Б.Ханбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9, 125 дугаарзүйлийн 125.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.5, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Б.Ханбаатарыг яллах хуулийн заалтууд:
96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
96.2.1.танхайн сэдэлтээр;
96.2.6.онц харгис хэрцгий аргаар;
96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнд гэмтэл учруулсан бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах
125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
126 дугаар зүйл. Хүчиндэх
126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
126.2.5.албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг;
181 дүгээрзүйл.Танхайрах
181.2.1. догшин авирлаж үйлдсэн бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.
Хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ханбаатарын гэм буруутай эсэхийг шийднэ. Түүнийг гэм буруутай эсэхийг 2016.05.31-ны өдөр шүүх байв. Гэвч прокурор гадаад улсад томилолттой байгаа тул хэргийг өнөөдөр хэлэлцэхээр болсон байна. Харин энэ хэрэгт хамааралтай байж болзошгүй н.Ариунболд "уснаас хуурай" гарах юм байна. Тодруулбал, түүнийг гэмт хэргийг нуун дарагдуулсан хэмээн зүйл ангиар буруутгаад байсан ч хуулийн "цоорхойгоор" хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй байна. Гэхдээ шүүх хуралд н.Ариунболд оролцох юм байна. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас тодруулахад: Хохирогчийн өмгөөлөгч нарын хувьд Б.Ханбаатарын үйлдэл холбогдол дээр нь эрүүгийн хуулийн өөр зүйл ангиудыг нэмүүлэх санал гаргасан. Үүнийг прокурор үндэслэлтэй байна гэж үзэн буруутгасан зүйл ангиуд дээр нэмж 181.2.1, 96.2.2, 96.2.6, 96.2.8, 96.2.9 зэрэг зүйчлэлээр ял төлөвлөсөн байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч эмэгтэй сэтгэл санаа, алдар хүнд, эрүүл мэнд, ажил байдлын хувьд хохирсон. Хохирогчийн эрх ашгийн хамгаалахын төлөө ажиллах болно гэв
Үүнээс гадна хууль сахиулагчид бүлэглэн удаа дараа хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг шүүхээр хэлэлцэх юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүүТээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Б.Амарбаясгалан, н.Сүхбаатар нар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3-р зүйл ангид зааснаар буюу энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн хэмээн үзэж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял оноохоор зүйлчлээдбайгаа.
Бид энэ хэргүүд хэрхэн шүүхээр шийдэгдсэн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа