Монголчууд бид цалин нэмэгдэхийг их хүлээдэг ч бараг нэмэгдсэнээс нэмэгдээгүй нь дээр гэж бодох цаг хэдийн ирсэн. Учир юу гэхээр цалин, тэтгэвэр нэмэгдээд ирэнгүүт л долларын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадчихдаг.

Иймд цалин нэмэгдсэн, нэмэгдээгүй чанарын ялгаа үгүй болж байгаа юм. Угтаа бол төрийн албан хаагчдын цалин нэмэгддэг ч хувийн хэвшлийнхэний авдаг хэд нэмэгддэг. Ингээд үүнийхээ хөлд чирэгддэг гэдгийг шийдвэр гаргадаг нөхдүүд мэддэггүй нь гаслантай.

Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг тооцоолон гаргадаг. Тэгвэл энэ оны тавдугаар сарын байдлаар Монголчууд бид ямар цалин авч буйг харцгаая.

Улсын хэмжээнд 36.6 мянган аж ахуйн нэгжийн 550 мянган ажилчид нийгмийн даатгал төлжээ. Тэдгээрийн 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалинтай, 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192-300 мянган төгрөгийн цалинтай, 100 мянга буюу 18.2 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай, 211.4 мянга буюу 38.3 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай, 84.9 мянга буюу 15.4 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай, 20 мянга буюу 3.6 хувь нь нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн төгрөгийн цалинтай, 54 мянга буюу 9.8 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалин авч буй аж.

Албаны хүмүүсийн хийсэн судалгаанаас харахад 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 700-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9.3 мянгаар, нэг сая 100 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар буурсан үзүүлэлтэй гарчээ.

Харин 300-500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 500-700мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 2.9 мянгаар нэмэгджээ.

Түүнчлэн хамгийн их цалинг уул уурхайн салбарынхан авч байгаа бол хамгийн бага цалинг нийтийн үйлчилгээний салбарынхан авдаг байна. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 900 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 584 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 594.4 мянган төгрөг 10-49 ажилчинтай байгууллагынх 732 мянган төгрөг, 50-99 ажиллагчинтай байгууллагынх 812.4 мянган төгрөг, 100-199 ажилчинтай компани 910 мянган төгрөг, 200 болон түүнээс дээш ажилчинтай компанийн дундаж цалин нэг сая 200 мянган төгрөгийн авдаг ажээ.

Үүнээс харахад, гадны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, компаниуд хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг гэж ажилчид нь хэлдэг. Гэтэл монгол компани, байгууллагууд хамгийн бага үнэлгээгээр ажиллуулах хүсэлтэй байдгаас зарим залуус цалингаа голж ажилгүйчүүдийн эгнээнд шилждэг хэмээн учир мэдэх хүмүүс ярьдаг. Дээрхээс харахад энэ нь ч үнэний ортой бололтой дог оо.

Х.Даваа

Холбоотой мэдээлэл:

Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!

Өндөр цалинтай хэрнээ “байр” -гүй залуус

Иргэд 851.4 мянган төгрөгийн цалинтай ч хоногийн хоолны махаа залгуулж чаддаггүй

Иргэд 457 мянгаас 1 сая 500 мянган төгрөгийн цалин авч байна

Ажилтай иргэд 500-900 мянган төгрөгийн цалин авдаг

Иргэдийн авдаг цалин нь нэмэгдээгүй ч, хэрэглэх хүнснийх нь үнэ тэнгэрт хадах нь ээ