Хувьцаагаа зарах гэсэн иргэд үүрээр банкны гадаа дугаарлаж байна
2016/06/16
Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Хувьцаагаа амьгүй байлгаж байхаар зарж болно шүү гэсэн саналыг Засгийн газраас тавьсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хуралдаж, 1072 хувьцааныхаа 30 хувийг зарах юм бол 300 000 төгрөгөөр авъя гэв. Дурын банканы дээр очоод л асуудалгүй ав гэж байгаа. Энэ ажиллагаа өнгөрсөн даваа гарагаас эхэлсэн. Даваа гарагаас эхлэн ихэнх банкууд ялангуяа хотын захын банкууд ачааллаа дийлэхээ болиод байгаа. Тиймээс иргэд үүр цайхтай зэрэгцэн дугаарлаж байна.
Та бүхэн Шар хаданд байрлах Хаан банкны гадаа өглөөний 7 цагт байдал ямар байгааг гэрэл зургаар харлаа. Банкаар үйчлүүлэхэд хүртэл төвөгтэй болсон.
Иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанид хувьцаа эзэмших болсон шалтгаан нь Монгол Улс баялагийн маш өргөн нөөцтэй учраас тэндээсээ иргэддээ хувааж хувиарлаж эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн тухайн үеийн төр засгийн удирдлагын бодлого байлаа. Маш зөв. Гэхдээ энэ шийдвэр элсэнд асгасан ус шиг чимээгүй ширгэсэн нь харамсалтай. Гэтэл өнөөдөр сонгуулийн өмнө гэнэт амь орж, иргэдийн халаасаар наадаж байгаа нь гунигтай юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай ахмадууд, “ядарсан” хэдэн оюутнууддаа хэдэн жилийн өмнө хэд тасалж, увуулж цувуулан нэг сая төгрөг өгснийг нь эс тооцвол энэ асуудал таг чиг байсан. Мэдээж амьгүй байсан хувьцаанд нь агаар оруулж бэлэн мөнгөөр худалдаж авна гэж байгааг нь буруутгахгүй. Гэхдээ гол нь эдийн засаг хямарсан, улсын төсөв нь тасарчихсан, гадаад өр нь дийлдэхээ байцан байгаа энэ үед авдараа хоосолж бусдаас зээлж иргэдэд бэлэн мөнгө тараана гэдэг зөв төрийн хийх ёстой ажил мөн үү? Иргэдэд тарааж байгаа энэ мөнгө хаанаас гарах юм бэ? Мөнгө хэвлэх юм уу? Энэ улс чинь дампуурлаа шүү дээ. Хувьцаа, хувьцааны ханшийг Засгийн газар, арилжааны банк биш, хөрөнгийн бирж зах зээл тогтоодог гэдгийг улс төрчид мэдэх ёстой баймаар.
Улс орон элгээрээ хэвтэж, төсөв алдагдалтай байгаа энэ цаг үед хэрхэн тэтгэвэр нэмж, 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах гэж байгаа юм бэ? Мөнгө хэвлэх юм бол дампуурал руугаа ойртож байгааг, зээл авах юм бол “өтөндөө” баригдахын цондон гэдгийг Засгийн газар мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл өөрсдөө оноо авахын төлөө ийнхүү аашилж байгаа нь иргэдийн сэтгэл зүйгээр тоглохоо болих хэрэгтэй. Та бүхнийг ингэж хайр зарласан зарлаагүй иргэд үнэлэлт дүгнэлтээ өгдгөөрөө л өгөх болно.
Уг нь Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй. Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болж буй юм. Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдөр 318 их наяд төгрөг болно. Тэгэхээр бид хүлээх юм бол өнөөдрийн 300 000 чинь хожмийн хэдэн сая төгрөг болох боломж байгааг иргэн та нэг бодоод үзээрэй.
654 · 2016/06/16
huvitsaagaa bitgii zaraa naadah chin huuramch shuu manai mongoliin huvitsaa ulii une hureh yostoi harin esregeeree huvitsaa hudaldaj avah yostoi