Харамсалтайгаар амиа алдсан Рива Стинкэмп гэж хэн байсан бэ
2013/02/25
Гэгээн хайрын баярын өмнөх шөнө найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амь насаа алдсан загвар өмсөгч Рива Стинкэмпийн тухай товч мэдээлэл хүргэж байна.
Загварын ертөнцийн хамгийн хүсэмжит 20 бүсгүйчүүдийн тоонд тэрээр багтаж байсан юм. 1983 оны наймдугаар сарын 19-нд Өмнөд Африкийн Кейптаунд төржээ. Түүний эцэг эх нь жирийн нэгэн аж ахуй эрхэлдэг хүмүүс байсан аж. Риваг ахлах ангид ороход нь тэдний гэр Кейптаунаас Порт Элизабет руу нүүжээ. Тийнхүү тэрээр шинэ хотын Хуулийн сургуульд орж хуульч мэргэжил эзэмшсэн байна.
Сургуулиа төгсөөд тэрээр хувийн нэгэн хуулийн байгууллагад хуульч, өмгөөлөгч, хуулийн зөвлөхөөр ажиллаж, чөлөөт цагаараа загварын агентлагт ажилладаг байжээ. Түүний загварын ертөнц дэх нэр хүнд нь өсч улмаар томоохон компаниудын нүүр царай болж “Avon” “Cover girl” “FHM” зэрэг алдартай сэтгүүлүүдэд зургаа гаргах болсон байна. Цаашлан амжилтаа бататгаж 2008 онд Өмнөд Африкийн “Fashion Tv”-г эхлүүлсэн юм. Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд их оролцдог, өөрийн орлогын хэдэн хувийг хүүхдүүдэд зориулдаг байсан.
Харин тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн найз залуу Оскар Писториустай болзож эхэлсэн. Болзоод дөрвөн сар ч бололгүй ийнхүү найз залуудаа харамсалтайгаар буудуулан амь алдсан нь дэлхий нийтийг цочроосон юм. Түүний оршуулгын ажиллагаа өнгөрсөн пүрэв гаригт болсон. Харин Оскарын шүүх хурал үргэлжилсээр байна.