Загварын тайзан дээр алхахаас гадна дуулах, жүжиглэх, бүжиглэх авьяастай гэдгээ “Яг түүн шиг” шоугаар харуулаад буй “Asian star model”, дизайнер С.Сарнайтай ярилцлаа.

-Багаасаа модель болъё гэж боддог байсан уу?

-Модель болох нь багын мөрөөдөл минь төдийгүй ээжийн минь хүсэл. Япон руу ээжтэйгээ хамт 1999 онд яваад ерөнхий боловсролын “Нагаоко Ноүгёо Коүко” сургуульд орсон. Тэр үед загварын агентлагт орж модель болох гараа минь эхэлж Японы “Harada inter­national”, “Satoru internation­al”, “Dxim international” гэсэн гурван агентлагт моделиор ажилласан. Мөн Калифорниад моделиор хэсэг ажилласан юм. Японд моделиор ажиллах нөхцөл боломж илүү байдаг. Өөрийгөө аваад л очиход болох тийм нөхцөл боломжтой, цалин нь 10 дахин их. Харин Монголд туфль, нүүр будалтаа өөрөө бэлдэх тохиолдол их байдаг.

-12 жилийн турш Японд амьдарсны дараа Монголд ирэхэд хүндрэлтэй зүйл байсан уу?

-Америкт байж байгаад Японд очоод удаагүй байхад газар хөдөлсөн. Газар хөдөлсний дараахан ээж маань “Монголдоо ир ээ” гээд ярьсан л даа. Есөн жил эмээтэйгээ уулзаагүй байсан болохоор ирэхээр шийдсэн юм. Монголд ирээд хоёр сар гаруйн дараа эргээд Япон руу явсан. Японд ирээд гэртээ иртэл хана, цонх цуурчихсан, зурагт уначихсан, угаалтуур хагарчихсан байлаа. Тэр үед өдөрт 40-50 удаа газар хөдөлдөг, айдастай үе байсан. Тэгээд л ингэж айж амьдарч байхаар амар тайван Монголдоо амьдаръя гэж шийдээд ирсэн дээ. Багадаа явсан учраас ирээд хэцүү зүйлүүд байсан. Заримдаа хүмүүсийн тоглоом шоглоомыг ч ойлгохгүй үе зөндөө л байлаа. Одоо л арай дээрдэж байна. Эргээд дасаж, учраа олж эхэлж байна.

-Таныг Ш.Дулмаагийн зээ охин гэдгээр нь хүмүүс андахгүй. Шүлэг, уран зохиол сонирхдог уу?

-Шүлэг дуунд бол уярамтгай, гэхдээ бичээд байдаггүй. Харин ээж минь шүлэг зохиодог боловч нийтэлдэггүй. Хааяа эмээ, өвөөгийндөө очдог байлаа. Тэр үед эмээгийн минь шавь нар их ирдэг байсан. Эмээ минь их сайхан эмэгтэй. “Яг түүн шиг” шоунд бүтээж байгаа дүрүүдэд минь маш мэдрэмжтэй шүүмжүүдийг өгдөг. Бүх зүйл дээр минь намайг дэмжиж, тусалж, урам хайрлаж байдаг. Японд байхад өвөө маань өнгөрөөд өвөөтэйгөө уулзаж чадаагүй. Түүнээс хойш их удаж байж эмээтэйгээ уулзсан даа, их ч санадаг байсан. Эмээ маань миний хүүд амь.

-“Monroze” салоныхоо тухайд яриач?

-2011 онд “City” дээд сургуульд хувцас, загвар зохион бүтээгчийн чиглэлээр сурсан. Сурч байхдаа урлангаа нээхээр болж “Monroze” гэсэн нэрийг ээж минь өгсөн юм. Олон улсад гаргахад Монгол гэдгийг илтгэх “Мон”, сүүл хэсэг нь чиний нэрийг илтгэхээр “Roze” байвал зүгээр гэж зөвлөсөн. Харин логог нь ханьтайгаа хамтарч зохиосон. “Monroze”-ийн загварын онцлог нь эмэгтэй хүний биеийн өө сэвийг далдалж хүчирхэг, халуухан харагдуулдаг. Мөн пластик материалаар багсны жижиг сав, нүүр будалтын жижиг цүнх, гар цүнх зэргийг хийдэг. Материалаа зүсэх, оёх, чимэглэх гээд бүх зүйл нь гар ажиллагаагаар бүтдэг. Цаг зав бага байгаа болохоор санаануудаа хэрэгжүүлж чадахгүй л байна. Бодож байгаа санаанууд их байна. “Яг түүн шиг” шоунд өөрийнхөө өмссөн бүх хувцсыг урландаа оёж байгаа. “Хар сарнай” хамтлагийн Амараа ах болохдоо пиджакийг нь адилхан торгоор урласан.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Э.Мөнх-Эрдэнэ гэдэг. Хөлбөмбөгийн “FC Улаанбаатар” багт хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн “Монгол модель” агентлагт ажилладаг. Нөхөртэйгөө “Говь” компанийн зураг авалтад орж байхдаа танилцсан. Тэр үеэс л үеэрхэж эхэлсэн дээ. Миний ханийн хүн чанартай, хүмүүжилтэй, даруу байдал нь таалагддаг. Би ханиа дуурайсан хүүтэй болох юмсан гэж боддог байсан. Яг аавтайгаа адилхан хүүтэй болсон доо. Аав нь “Миний хүү төгс байг” гээд М.Төгс-Эрдэнэ гэдэг нэр өгсөн. Ээжийн минь захидгаар бүх зүйлийг сайн сайхнаар бодвол биелэхгүй зүйл гэж байддаггүй юм байна лээ.

-Та аав, ээж хоёрынхоо хэнийг нь илүү дуурайсан бэ?

-Миний ээжийг З.Саранчимэг гэдэг. Орчуулагч мэргэжилтэй, таван хэлтэй. Дуулж хуурддаг авьяас нь ээжийгээ дуурайсан. Ээж маань залуудаа “Айзам” хамтлагт дуулдаг байлаа. Харин оёх дуртай маань аавтай холбоотой. Аавыг минь Ч.Энхболд гэдэг, архитектурч мэргэжилтэй. “Урлах эрдэм” дээд сургуульд багшилдаг. Өөрөө л хувцас хийгээд өмсчихдөг. Одоо өөрийн гэсэн урлантай, савхиар хувцас, гутал хийдэг. Их сургууль төгсөхөд хийдэг шоунд аав маань тусалсан. Тэр үед жирэмсэн байсан учраас зарим зүйлсээ хийж чадахгүй хүндрэлтэй байсан.

-“Яг түүн шиг” шоунд орох саналыг яаж хүлээж авсан бэ?

-Шоу эхлэхээс хоёр сарын өмнө санал тавьсан. Өөртөө итгэлтэй байгаагүйн дээр нялх хүүхэдтэй болохоор эхлээд татгалзсан. Сарын дараа дахиад санал ирсэн. Тэгээд л зориглоод орохоор болсон доо. Хоёр ээж маань тэтгэвэрт гараагүй хүмүүс болохоор хүүхэд хараад байх боломжгүй. Нөхөр маань л зав чөлөө гаргаад ажлаа хойш нь тавиад хүүгээ харж байгаа. Одоо шоундаа ороод нүүр хагараад сандрах нь багасаад сайхан байгаа. Миний хувирсан дүрүүдээс ихэнх нь бүжигтэй байсан учраас хүндрэлтэй байсан. Бүх л дүрийнхээ бүжиг, хөдөлгөөн, дууны үгийг сайн цээжлээд л тайзан дээр гардаг боловч эхний хэдэн дугаар дээр сандарсан. Харин “Хар сарнай” хамтлагийн Амараа ахыг дуурайхад үзүүлье гэснээ үзүүлсэн. Өөрийгөө ч танихааргүй хувирсан даа. Нүүр будалтаа хийгээд, сахлаа наагаад, шилээ зүүгээд хартал маш адилхан болчихсон. Бүжигчид, арын албаны хүмүүс гайхаад л хөгжилтэй байсан. Хүмүүст “Хар сарнай” хамтлагийн Амараа ахын болон Лана Дел Риегийн дүр илүү хүрсэн болов уу. Гуравдугаар шатанд тайзан дээр гарахын өмнө миний хань мессэж бичсэн. “Чи минь чадна аа, нэгэнт л сэтгэл зүрхээ зориулаад оролцож байгаа юм чинь сандрахгүйгээр хийсэн бүх зүйлээ үзүүлээрэй” гэсэн. Маш гоё урам орсон доо. Лана Дел Риегийн хувьд дуу хоолойны өнгө нь минийхтэй төстэй. Байгаа байдал нь надад ойр дүр. Харин Мадоннагийн латин бүжиг хурц, хүчтэй хөдөлгөөнтэй учраас амаргүй байсан. Ер нь тэр хүн шиг дуулж, бүжиглэж, жүжиглэнэ гэдэг амархан зүйл биш. “Яг түүн шиг” шоуг зохион байгуулж буй “Боловсрол” телевизийн хамт олны уур амьсгал маш их таалагддаг. Хэрэгтэй зүйлийг маань тэр дор нь олоод өгчихдөг.

-“Яг түүн шиг” шоунд орсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Хүмүүс илүү таньдаг болсон юм болов уу. Хүүхдүүд илүү сайн таниад байх шиг. Саяхан нөхөр, хүүхэдтэйгээ дэлгүүр орчихоод гэр рүүгээ явж байтал гурван охин дагаад байсан. Гэртээ орж ирсний дараа хонх дуугараад гараад хартал нөгөө гурван охин чинь ил захидал, уруулын будаг бэлэглэсэн. Захиан дээр нь амжилт хүссэн сэтгэлийн үг, нас, гэрийн хаяг нь байсан. Эргээд тэр гурван охиндоо бяцхан бэлэг барья гэж бодож байгаа. Миний хувьд ололттой зүйл их байгаа. Зөвхөн тайзан дээр гараад алхдаг байсан бол дуулж бүжиглээд өөрийгөө илүү нээж чадсан. Үзэгчидтэйгээ яаж харьцах, тайзаа яаж эзэгнэх гээд олон зүйлийг сурлаа.

-Ямар дууг дуулахад хамгийн хэцүү байсан бэ?

- Марэй Керигийн дуу хамгийн хэцүү нь байсан. Тэр дуун дээр хоолой хүрэхгүй. Ч.Насантогтох багш зөв дуулах техникийг зааж өгсөн. Хүн буруу дуулахаараа нүүр нь улайгаад, хоолой нь гардаггүй юм байна лээ. Өөрийнхөө хэмжээнд боломжийн дуулсан гэж бодож байгаа. Хүмүүс мэргэжлийн дуучид ч дуулахад хэцүү дууг боломжийн дуулсан гэж байсан.

-“Байна уу? ээжээ” дууг “Guys” хамтлагийн М.Мягмартай хамтран дуулснаар үзэгчдийн хүртээл болсон. Дуу яаж бүтсэн бэ?

-Би дуулах дуртай болохоор миний үеэл, хөгжмийн зохиолч “Брос Рекордс”-ын продюсер, Г.Онон ахаасаа “дуу зохиож өгөөч ээ” гэж их гуйдаг байсан. Г.Онон ах нэг өдөр утасдаад “Студи дээр хүрээд ирээч” гэсэн. Очиход “Guys” хамтлагийн М.Мягмар ах шинэ дуу бичих гэж байсан. Тэр дууг нь сонсоод хамаг биений үс босож байлаа. Үнэхээр сэтгэлд хүрсэн сайхан дуу байв. М.Мягмар ах бид хоёрын хоолойны өнгө тохирох учраас намайг дуулуулахаар болсон юм билээ. “Байна уу? ээжээ” дууг дуулсандаа баяртай байдаг. Клип хийгдэх үеэр жирэмсэн байсан. Анзаарсан бол клипэн дээр байнга сууж дуулдаг. Сүүлд төрөх хугацаа дөхчихсөн үед нэгэн шоун дээр дуугаа дуулахаар болсон. Сандарсандаа тайзан дээр төрчих вий дээ гэж их санаа зовж байсан. Дараа нь дахиад өөрийн гэсэн дуутай болно гэж бодож байгаа.

-Кинонд тоглох хүсэлт ирвэл тоглох уу?

-Нэг удаа кино пробонд орж байсан. Их олон юм асууж лавладаг юм байна лээ. Шүд чинь өөрийнх чинь үү гэх мэт. Морь унаж чаддаггүй болохоор тэнцээгүй. Кинонд дүр бүтээвэл эмэгтэйлэг уяхан, зөөлөн дүрийг бүтээж чадахгүй харин сөрөг, хүчирхэг эмэгтэйн дүр тохирох байх гэж боддог. Тийм дүрд тоглохыг хүсч байна.

-Японд моделиор ажиллаж байхад чинь “Asian beauty” гэж дууддаг байсан гэсэн. Бусад ази охидоос юугаараа ялгардаг байсан бол?

-Бусад ази охидоос ялгагдах зүйл нь урт хар үстэй байсан. Тухайн үед урт үстэй охид төдийлөн олон биш, бас хар гэхээсээ илүү бор үстэй охидууд олон. Урт хар үстэй байсан болохоор “Lux” шампунийн рекламанд тэнцсэн юм. Ахлах ангид байхад нэгэн аймшгийн киноны дүртэй адилхан гэдэг байсан. Тэр дүр нь урт хар үстэй учраас адилтгадаг байсан.

-Таны мөрөөдөл биелсэн үү?

-Дуучин болохыг мөрөөддөг байсан, яг мэргэжлийн дуучин болоогүй ч дуу дуулсан. Модель, дизайнер болохыг хүсдэг байсан нь биелсэн. Би бүх зүйлд өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Гэхдээ нэг зүйлийг л барьж авч хийж бас амжилтад хүрнэ. Тиймээс дизайнерын чиглэлээ дагнаад өөрийнхөө брэндийг улам амжилтад хүргэхийг хичээж байна. Ингээд бодоход мөрөөдлөө биелүүлж амьдарч байгаа юм байна. Санаа зөв бол заяа зөв, хүнд муу санахгүй өөрийнхөөрөө л бай гэж ээж минь хэлдэг. Ээжийнхээ хэлснээр яваа учраас бурхан харж үздэг байх. Халуун дулаан гэр бүлтэй, өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд хүнээс дутахааргүй сайхан л амьдарч байна.

О.АРИУНЦЭЦЭГ