Монголчууд бид “Мэдээллийн технологийн эрин үе эхэллээ”, “Даяарчлалын зуун”, “Ардчилал”, “Хэвлэлийн эрх чөлөө” гээд л амтай бүхэн нь ам уралдан ярьдаг байсан цаг саяхан сан.

Гэтэл дээрх үгс сүүлийн үед өгүүлбэрт хэрэглэгдэх, хар ярианд хэлэгдэх нь цөөрч, утга агуулгын хувьд ч бүдэгрээд байна уу даа гэсэн айдас бүхнийг нөмрөх боллоо. Дээрх үгс ийнхүү хэлж яригдах нь цөөрсөөр нэг л өдөр монгол хэлний үгсийн сангаас бүрэн мөсөн арчигдаж, мартагдвал эмгэнэн гашуудаад ч хожимдох вий. Ялангуяа сүүлийн үед цахим мэдээллийн салбарт төр засгийн зүгээс дарамт шахалт байнга ирэх болсон билээ. Тэгвэл хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн сайтууд хуран чуулж эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Энэхүү үйл ажиллагаанд 75 орчим мэдээллийн сайт нэгдээд байгаа аж. Түүгээр ч зогсохгүй саяхан хэвлэн нийтлэх эрхээ цуцлуулсан Zaluu.com сайт ч дуу хоолойгоо нэгтгээд байгаа ажээ. Интернэтийн орчин дахь сэтгэгдэлийг хянах, мэдээллийн сайтуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж “хятадчилах” бодлого явуулж байгаа эрх баригчдын эсрэг урьд өмнө эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож дуу хоолойгоо илэрхийлж байгаагүй төвийг сахисан мэдээллийн сайтууд ч нэгдсэн байна. Үүний араас эрхээ түдгэлзүүлээд байгаа 20 гаруй кабелийн телевизүүд ч тэмцэлийн хэлбэрт шилжихээ мэдэгдээд байгаа ажээ