-“”МАКМАХОН” ЛИМИТЕД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н УДИРДЛАГУУД ХЭЛЭЛЦЭЭРИЙН АРД ДАХИН СУУЖ БАЙГАА ГЭНЭ”-

 

Австралийн хөрөнгө оруулалттай нүүрс олборлох “МакМахон” лимитед Тавантолгойгоос гарна гэх мэдээлэл монголчуудад эргэлзээ төрүүлсэн. Гэвч энэ компанийн мэдэгдлээс нэг их цочирдох хэрэггүй болж байх шиг байна. Тодруулбал Тавантолгойн ордын зүүн Цанхиас нүүрс олборлож өгөхөөр өнгөрсөн 2011 онд гэрээ байгуулсан тус компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал хүндхэн болонгуут хийж байсан ажлаа орхиод явах сүржин мэдээлэл цацсан. Тэгвэл эл компанитай холбоотой сүүлийн үеийн ямар мэдээлэл байгааг хүргэе.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт болсон “Монголын нүүрс-2013” уулзалтад энэ салбарынхан өргөн хүрээтэй оролцсон. Харин анхаарлын төвд ороод буй “МакМахон”, “Чалко” компанийн төлөөллүүд уг уулзалтад ирсэнгүй.

Гэхдээ Уулзалтын үеэр Уул уурхайн яамны Бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс дээрх хоёр компа­нитай холбоотой асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр “Авст­ралийн “МакМахон” компанийн удирдла­гуудтай манай “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд дахин хэлэлцээр хийж байгаа юм билээ. Мөн Хятадын “Чалко” компанийн асуудал нэг их өөрчлөгдсөн зүйл байхгүй байна” гэлээ.

Тэгэхээр “МакМахон” лимитедийн хувьд Монголоос гарч чадахгүй байх үндэстэйг эх сурвалжууд онцолж байгаа. Яагаад гэвэл Австралийн гэх тодотголтой уг компани Тавантолгойн гэрээт олборлогч болохын тулд тендерт зүгээр нэг ялчихаагүй. Өөртөө байгаа хамаг нөөц боломж, хөрөнгө мөнгөө шавхан байж зүүн Цанхид гол олборлогч болсон. Нөгөөтэйгүүр тендерт ялсныхаа дараахан гадаадын томоохон цахим хуудаснаа тус компанийн захирал нэлээд алсыг харсан яриа өгсөн байдаг. Тухайлбал Оросын Викепедиа сайтад “МакМахон” компанийн гүйцэтгэх захирал Ник Бауэн энэ талаар зарлахдаа “Тавантолгойн төсөлд гаргасан энэ ололт манай компанийн хувьд дэлхийн хамгийн томоохон өсч дэвжиж буй уул уурхайн бүс нутагт удаан хугацааны бизнес эрхлэх суурийг тавьж өглөө. Бид бэрхшээлүүдийг даван туулах болно” хэмээн мэдэгдэж байсан цаг саяхан. Бүр өөрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн томоохон банкуудаас удаа дараа зээл авсан гэх. Тодруулбал нийт 475 сая  хүртэлх ам.долларын зээл авах эрхтэй болсноо өнгөрсөн онд мэдэгдэж байв. Тус компанид зээл олгох банкуудын эгнээнд Австралийн Хамтын нөхөрлөлийн банк, HSBC, Сүмитомо Мицүи банк багтсан байдаг. Өнгөрсөн оны зургаадугаар сард “МакМахон” компани эдгээр банкнаас 240 сая хүртэлх ам.долларын зээл авах эрхтэй болоод байсан бол тус компанийн зээл авах чадамжийг дахин харгалзан үзэж, банкныхан санхүүжилтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон мэдээлэл бий. Энэ хүрээнд уг зээлийг “МакМахон”-д 75:125:275 сая ам.доллараар,  гурван үе шаттайгаар олгосныг эх сурвалжууд хэлж байна.

Банкууд тэднийг зөвхөн уул уур­хайн олборлогч болсонд нь зээл өгсөн биш юм. Харин нүүрсний чанар, нөөцөөрөө дэлхийд томоохонд тооцогдоод буй Тавантолгойн ордод гол олборлогч болсон учраас хөрөн­гийн баталгаатай гэж үзэн хэдэн зуун сая ам.долларын зээл олгосон нь компанийн удирдлагуудын мэдэгдлээс ч харж болохоор. Зээл олгосон банкууд хүртэл Тавантолгойн ордод тендерт шалгарсан компаниуд нэлээд удаан хугацаанд итгэж болох учраас тэдэнд зээлийн үүд нээлттэй байх талаар хэлсэн аж. Нөгөөтэйгүүр уг компани манай Засгийн газарт сүрдүүлэг хийж “Нүүрс олборлож өгөхгүй” гэсэн мэдэгдлийг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь тэд асар өндөр үнэ цэнээр олж авсан энэ эрхээ хэзээ ч алдахыг хүсэхгүй. Үүнийг бас нэг нотлох зүйл нь “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагуудтай дахин уулзах талаар ярьсныг хэлж болно.

“МакМахон” лимитед бол урьд өмнө нь нүүрс олборлож байгаагүй, өөрөөр хэлбэл туршлагагүй компани. Гэхдээ манайхаас зарласан тендерт тэд зөвхөн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлаар шалгарсан гэхэд хилсдэхгүй. Хэрэв эл компани Монголоос бүр гарлаа гэхэд бид мухардалд орохгүй нь тодорхой. Монгол Улс ямар ч туршлагагүй, мөнгөгүй, нүүргүй орон биш. Харин ч бүр “МакМахон”-ыг Тавантолгойгоос гарвал алгаа ташаад ирэх дэлхийн томоохон компаниуд ч олон бий. Гэхдээ уг компанид Тавантолгойн багахан газрыг зарж, барьцаанд 10 гаруй сая ам.доллар манай талынхан авсан гэх яриа буй. Тэд худалдан авсан жаахан газраасаа нүүрс олборлож аваад явна. Гэсэнг цаашид илүү их орлого олох гэж байгаа юм бол тэд нүүрс олборлож өгөхөөс эрс татгалзана гэж ер байхгүй л боловуу. Уг компанийн удирдлагууд ирэх дөрөвдүгээр сар хүртэл Тавантолгойн хөрөнгийн эх үүсвэр шийдэгдэхгүй бол үйл ажиллагаагаа зогсооно гэх мэдэгдэл нь үнэнд нийцэхгүй бололтой.

 

Л.Баатархүү