Улсын заан Ч.Батзориг: Cанасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ
2016/06/28
Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чогсомын Батзоригтой ярилцлаа.
-Таны төрж өссөн нутаг болон ажил хөдөлмөрийн гараанаас яриагаа эхлэх үү?
-Тэгэлгүй яахав. Хүн төрж өссөн нутаг усаараа тэжээгдэж явдаг учиртай. Би 1971 онд Ховд аймгийн Чандмань суманд Жаргалант, Бумбат хайрхны өвөр, Хар-Ус, Хар, Дөргөн хэмээх холбоо гурван нуурынхаа хөвөөнд мэндэлсэн азтай хүү. Эцэг эхээс есүүлээ. Би гурав дахь нь юм. Наймдугаар ангиа төгсөөд л аав, ээждээ тус дэм болж үйлдвэр бригадад ажилласан даа. Тэр үед нэгдэл гэж сайхан хамтын аж ахуй байж. Биднийг нэг баг болгоод л нэгдлийн хамаг хүнд хүчир ажилд явуулна. Чулуу зөөж хашаа барина. Өвс хадлан хадна. Өвөл цас ухаж бэлчээр гаргана. Нэг жил уурын зууханд галч хийж байлаа. За тэгээд хийгээгүй юм бараг байхгүй дээ.
-Хэзээнээс барилдаж эхлэв. Анх хаанахын ямар наадамд зодоглов?
-Биднийг бага байхад хөтөлж аваачаад л том хүмүүсийн аманд өгчихдөг байлаа шүү дээ. Нөгөөдүүл маань нэг өргөж үнсчихээд л яваад өгнө. Миний хувьд 15 настайдаа анх сумынхаа наадамд дөрөв даваад, тавд сумын заан Сэрж хэмээх нутгийнхаа хүндтэй бөхөд унаж билээ. Дараа жил нь одоогийн Ховд аймгийн Засаг дарга болох Д.Цэвээнравдантай (цэргээс халагдаж ирсэн сайхан залуу, сүрдмээр ч байсан) дөрвийн даваанд таарч барилдаад унасан. Ер нь манай сумын наадмын дэвжээ их хатуу шүү. Тиймдээ ч монгол бөхийн өлгий нутаг гэгддэг байх. Багш (Ч.Бямбадорж заан), Мөнхөө ах (И.Мөнхбаатар заан) бид гурвыг оруулахгүйгээр зөвхөн манай сумын бөхчүүд гэхэд л сүүлийн долоон жил төрийн их баяр наадмын дунд, их шөвөгт завсаргүй хүрч барилдаж байна шүү дээ. Тэр үед манай суманд Ч.Бямбадорж багшийн нэрэмжит сумын цол олгох тойргийн барилдаан зохиогддог уламжлалтай байсан юм. 1990 онд уг барилдаанд түрүүлж сумын заан болсон доо. Ерээд оны эхээр манай нутгаас хот орно гэдэг хол, зам харгуй муутай, тэрэг техник ч ховор байсан цаг л даа. Том ахыгаа өвөл хот руу явахад нь улсад ид барилдаж байгаа Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын зураг хөрөг байвал олоод ирээч, бие хаагаар надаас хэр том юм бол үзье гэж захилаа. Хол газрын мань мэт нь ар гэр, адуу мал, аж ахуйн ажил гээд барилдааны арга мэх гэж бараг мэдэхгүй. Ах маань хэдэн сайхан бөхчүүдийн зураг авчирч би ч харлаа. Цуг харж суусан ах маань “Батзориг оо бие хаагаар чамаас хол зөрөөд байх юм алга байна даа” гэлээ. Тухайн үед энэ сайхан бөхчүүдтэй барилдах юмсан гэж мөрөөдөж байсан юм. Ингээд 1991 онд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Монгол Улсын заан Чадраабалын Бямбадорж хэмээх эрхэм багш маань нутгаасаа ирээдүйд бөх болох хэдэн сайхан залуу сонгож авсны нэг нь би юм.
-Мөрөөдлөө биелүүлэхээр хотод орж ирсэн хүүгийн анхны барилдаан ямар болов?
-Хувь тавилангаараа нутгийнхаа сайхан заан ахыгаа дагаад хотод ороод ирлээ. Миний багш өөрөө хүнд сорилтыг давж, баргийн хүнээс гарахгүй тэсвэр тэвчээр зааж бөх болсон хүн. Тэр чинээгээрээ бидэнд ч өндөр шаардлага тавина. Хэдэн сар хөлс хүчээ шавхсаны хүчинд зааланд барилдахтайгаа боллоо. Торгон зодог шуудагтай эсгий малгайтай намайг улсын цолтой бөхчүүдтэй шууд барилдууллаа. Нэгийн даваанд Батбаяр начинг, хоёрын даваанд Өвөрхангайн Хужиртын Батхуяг начинг хаяад суулаа. Нутгийн бөхчүүд намайг магтаж байна гэж жигтэйхэн. Би ч урам зориг дүүрэн гурвын даваанд Хадбаатар аваргын аманд очлоо. Надад хэн ч зааж өгөөгүй мэдрэмжээрээ хийчихдэг зүүн морддог мэхтэй. Багш маань “За чи мордчихоорой” гэлээ. Гараад өрлөө. Төд удалгүй мордоод дайрчихлаа. Тэгсэн юу болсныг ч мэдсэнгүй, нээг их том хар юм дээрээс нөмөрч ирээд уналаа. Даруулж унасан болохоор доороос нь арай гэж нэг юм сугарч гарч ирлээ. Ямар ч том хүн юм (инээв). Тэгэхэд заалны барилдаан болмоор ч юм шиг санагдаж байсан. Багш маань “Хүч” спорт хороо, дотоодын цэргийн 805 дугаар ангид оруулаад бүтэн жил барилдуулахад зааланд нэг ч даваагүй шүү. Анх зааланд яаж хоёр давсан юм бүү мэд. Хөдөөнөөс орж ирсэн юу ч мэдэхгүй, хүүхэд байж дээ.
-Ц.Мягмарсүрэн заан та хоёр нэг багшийн шавь нар. Та хоёр тээр жилийн аймгийн наадамд барилдсан тухайгаа яриач?
-Цэргийн алба нэг жил хаагаад халагдах болоход намайг дахин нэг жилээр улираалаа. Дараа жил нь бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин боллоо. Ингээд халагдаж ирээд Манхан, Зэрэг сумдын наадамд түрүүлчихээд аймгийн наадамд барилдахаар очлоо. Ц.Мягмарсүрэн ч хэд хэдэн сумын наадамд түрүүлчихээд аймагт ирчихсэн байв. Бид хоёрын нэг нь түрүүлнэ гэсэн бодолтой. Хамгийн гол нь доор даваанд туначих магадлалтай байв. Наадмын асарт сууж байхад нутгийн ах нар хүрч ирээд “За хоёр дүү ямар бодолтой байна?” гэж асуухад нь “Бид хоёр даваа гуйхгүй, харин хооронд нь битгий оноогоорой” гэхэд тэд их л дурамжхан байж билээ. Тэр үед ид барилдаж байсан аймгийн хүчит арслан Г.Цоож гурвын даваанд Мягааг маань амлачихлаа. Би ч учраа бөхтэйгөө барилдаж байтал хүмүүс шуугиад явчихлаа. Гэтэл өнөөх арслан чинь манай хүнийг ганцхан маниулдаад шидчихдэг байгаа. Би ч дөрвийн даваанд аймгийн хурц арслан Р.Галсандаваа ахтай таарч барилдаад уначихлаа. Их санаатай байсан бид хоёрын хувьд тэр жилийн аймгийн наадам ингээд дуусав. Багш маань “Зүгээрээ, миний хүүхдүүд. Наадмын дэвжээ гэдэг ийм л байдаг. Унаанаасаа суралцаж л бөх болдог юм” гэж байсан сан.
-Ус нутгийнхнаа баярлуулж улсын цол анх авч байсан үе үнэхээр сайхан дурсамж үлдээсэн байх?
-1993 оноос л улсын баяр наадамд зодоглож эхэлсэн дээ. Эхний жил нь хоёрын даваанд, дараа жил нь дөрвийн даваанд унаад 1995 оны улсын баяр наадмын тавын даваанд Хөвсгөлийн Баянмөнх бид хоёр туналаа. Өмнө нь Баянмөнхийг ганц нэг хаяад байсан болохоор илүүрхэж барилдъя гэж бодоод дайрч ороод ардаа алдчихаж билээ. Гэхдээ тэр үедээ “За яахав, энэ даваа дахиад надад ирэх л даваа” гэж бодоод нэг их харамсаагүй. Дараа жил нь буюу “хоёр Эрдэнэ” дөрвөн цаг барилдаж од түгсэн хойно хаялцдаг 1996 оны наадамд багшаараа тав даваад, зургаагийн даваанд О.Одгэрэлтэй тунан барилдаж унасан. Ингээд л мөрөөдөж явсан улсын начин цолондоо хүрчихээд итгэж өгөхгүй байн байн тэмдэг залаагаа харж байдагсан. Тийм их аз жаргал, баяр баяслыг мэдрүүлсэн багшийнхаа ачийг үргэлж санаж явдаг юм аа.
-Улсын начин болсныхоо дараа жилүүдийн наадамд А.Сүхбат аваргатай хэд хэдэн удаа таарсан?
-Тийм ээ. Бид хоёр 1997, 1998, 1999 оны улсын баяр наадамд гурван жил дараалан тавын даваанд тунаж барилдсан. Сүхбат аваргатай бяр тэнхээ, бие бялдраар илүүрхэж барилдана гэсэн ойлголт байхгүй. Барилдааны ур ухаан, хурд, мэхээр барилддаг бөх шүү дээ. Одоо эргээд бодоход энэ сайхан аваргатай тунан барилдаж залуу насны ид хав, эрч хүчээ сорьж явсан минь бахархалтай сайхан санагддаг даа.
-Сүхбат аварга анх түрүүлснийхээ дараа танд нэг үг хэлсэн байдаг?
-2000 онд улсад анх түрүүлчихээд надтай уулзахдаа. “За Батзориг оо, чи бид хоёр дундуур тунахын зовлонгоос саллаа. Миний хөгшин сайхан барилдаж санасан цолондоо хүрээрэй. Хөгшин чинь ч гэсэн цолоо ахиулж аварга гэдэг цолонд хүрэхийг хичээе” гэсэн. Тэгээд ч хүрсэн дээ.
-Заан цол авсан наадмаа дурсахгүй юу?
-2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмаар зургаад том Сүхбат (Монгол Улсын гарьд) долоогийн даваанд Мөнхэрдэнэ арсланг тус тус өвдөг шороодуулж заан болж байсан. Ер нь заан цолтон төрдөг наадам тун ховор байдаг. Зүлэг ногоон дэвжээн дээр дуслуулсан хөлснийхөө үнэ цэнийг мэдрэх шиг сайхан юм хаа байхав. Тэр үед миний аав амьд сэрүүн байсан. Хүүгээ заан болохыг харна гэж үргэлж хэлдэг байж билээ.Аав ээж, багш, нутгийн түмэн, уул усаа баясгаад том цол аваад очно гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан л даа.
-Зургаан залуу зааны үед тэдэнтэй гол өрсөлдөгч нь таны үеийнхэн л байсан даа?
-Зургаан залуу зааны дундуур заан цолонд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү л дээ. Гэхдээ яг эднийг залгаад бас зургаан заан гарч ирсэн нь И.Доржсамбуу, Д.Бумбаяр, Ц.Мягмарсүрэн, О.Одгэрэл, М.Баяржавхлан бид зургаа юм аа. Бид чинь өмнөх зургаагаа бас тийм ч амар дээш нь явуулдаггүй л байлаа шүү дээ. Жинхэнэ өрсөлдөөн, монгол бөхийн жудаг, сайхан нөхөрлөл цогцолсон бөхчүүдтэй нэгэн үед барилдаж, унаж даваж явсан минь миний бахархал.
-Ард түмэн таныг заанаас цаашаа ахиж барилдах бөх гэж харж хүлээж байсан.Одоо ид барилдаж байгаа олон залуусыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн. Таны багш ч гэсэн тийм хүн байсан?
-Заан цол чинь өөрөө барилдсан хүн болгон хүртээд байдаг цол биш шүү дээ. Энэ цолонд хүрэхийн тулд ямар их хүч хөдөлмөр, хөлс, тэсвэр тэвчээр гаргадаг гэж санана. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа минь Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Чадраабалын Бямбадорж гэдэг хүний л ач (хоолой нь зангирав). Энэ сайхан хүнийг бурхан дэндүү эрт авч явлаа даа. Би багшийнхаа цолыг хүртсэн. Тийм болохоор ирээдүйд цолондоо эзэн болон залуучуудыг дэмжиж тунаанаас гаргах уламжлал байдаг. Ер нь миний суган доогуур гарч начин цолонд хүрсэн бөхчүүд бүгд л цолоо ахиулж баталсан байдаг юм. Тухайлбал, аварга С.Мөнхбат, арслан Д.Азжаргал,заан Д.Амгаланбаатар, харцага Т.Амартүвшин, Н.Түвшинбаяр (олимпийн аварга) гээд тоолоод байвал адаглаад л цолоо батлаагүй бөх байхгүй ш дээ. Эдэн дотор чинь тэгээд дэмжээд явуулсан нь ч бий, дийлэлгүй явуулсан нь бий (инээв). Тэгээд энэ сайхан залуучууд маань бөхийнхөө ёс жудгийг дээдэлж, сайхан барилдаж, ард түмэн, нутаг усаа баярлуулж яваасай л гэж бодох юм.
-Энэ цагт ид барилдаж байгаа хүчтэнүүдийн нэг Улсын харцага Пүрэвсайханыг бөхийн замд оруулсан хүн та. Энэ талаар жаахан хуучлах уу?
-Миний төрсөн ах Ч.Баатархүүгийн бага хүү нь юм. Анх Ховд аймгийн Чандмань суманд дүү маань 16 настай наймдугаар анги төгсөхөд нь ах Ховдод санхүүгийн мэргэжлээр сургах гэж байхад нь би болиулаад “Энэ хүү чинь улсын цолтой бөх болгож өгье” гээд хот руу аваад ирсэн. Миний дүү чинь биеэр жижиг ч баргийн хүнд бярдуулдаггүй, тэсвэр хатуужил сайтай, хүний заасныг амархан сурдаг, сэтгэлийн хат сайтай гээд олон давуу чанартай л даа. Улсын харцага цолтой хүн ямар хэмжээнд барилдах ёстой вэ. Тэр л хэмжээнд барилдаж нутаг усныхаа нэрийг дуурсгаж яваа бөх. Түүнийг олон хариуцлагатай барилдаан хүлээж байгаа. Зөвхөн бяр чадлаар биш ухаанаар барилддаг гэж ахмад бөхчүүд ярьдаг нь хоосон үг биш. Үнэхээр бөхчүүд улс төр, бизнесийн аль ч салбарт амжилттай явна.
-Та бас бизнест хүч үзэж байгаа хүн?
-Зөв сайхан амьдрах ухааныг хүн амьдралын явцад л олж авна. Миний хувьд бие дааж амьдрах болсон цагаасаа л бизнест хөл тавьсан. Анх хиамны цех, дэлгүүртэй байлаа.Бэлтгэл сургуулилалт гээд зав гарахгүй болохоор нь цехээ ажиллуулахаа больсон. Хоёр жилийн өмнө барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж тоосго, лотки, суурийн блок, цоохор блок зэргийг стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр 50 гаруй ажиллагсадтай,өвөл зунгүй ажилладаг. Би чинь багаасаа малын дэргэд өссөн хүүхэд. Малд их хайртай. Энэ ч утгаараа “Шим заан” нэртэй мал аж ахуйн компанитай. Манайх сүү махны чиглэлийн 1000-аад үхэртэй. 11 малчин өрхтэй. Дорнодын сайхан талд бэлчээрээр голдуу маллагаатай. Үүнээс гадна угшил харж цуглуулж авсан хэдэн сайхан адуу бий.
-Зүүн хавирдаг дархан мэхийг тань хүмүүс их ярьдаг юм?
-Би ч олон мэхтэй хүн биш л дээ. Ганц сайхан хавирах мэхтэй. Хааяа зүүн мордоно.Даалгаж хийж чадвал мэх цөөддөггүй юм аа. Надтай барилдсан бөхчүүд тийм мэх ирнэ гэдгийг мэдсээр байгаад л хийлгэчихдэг байлаа. Гэхдээ алхаа гишгээ хүндийн төв нь хаанаа байна гээд л анхаарах юм зөндөө байлгүй яахав. Барилдааны явцад л бүх зүйлийг мэдэрч байх ёстой.
-Наадам дөхлөө. Та ид барилдаж байх үедээ наадмыг хэрхэн хүлээдэг байв?
-Санасандаа хүртэл барилдаж чадаагүй үед дараа жилийн наадам ч хол шүү дээ. Наадмын маргаашаас л алдаагаа засч, бэлтгэлээ чамбайруулж дараагийн наадмыг хүлээнэ дээ.
-Та энэ жилийн наадмаар зодоглох уу? Хэн түрүүлэх бол?
-Наадам гэдэг бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр. Хэн од хийморьтой байна. Хэн хичээл зүтгэл гаргаж, уйгагүй хөдөлмөрлөж чадна . Түүнийг л есөн хөлт цагаан туг хэд тойруулахаа мэднэ дээ. Одоо ид барилдаж байгаа залуус маань бүгд л тогтмол бэлтгэлтэй байгаа. Түүхт сайхан ой тохиож байна. Монгол түмнээ хүндэтгэж, бөхөө дээдлээд хийморио сэргээж нэг гарна даа. Бөх хүн зодог шуудгаа өмсөөд ногоон торгон дэвжээн дээрээ дэвнэ гэдэг хамгийн их аз жаргал даа.
Э.МӨНХТҮВШИН