УИХ-ын 2016 оны ээлжилт сонгуульд есөн суудал авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон Ардчилсан намынхан сэтгэл санааны хувьд гундуухан яваа.

Сонгуулийн дараа намын дарга З.Энхболд ялагдалаа хүлээн мэдэгдэл хийсэн ч өчигдөр буюу УИХ-ын анхдугаар чуулганы өмнөхөн энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн хэлсэн үгнээсээ булзаж байв. Анхдугаар чуулганаас өмнө хэвлэлийн бага хурал зарлан цаг өрсөхийг завдсан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна Ард түмэн сонголтоо хийсэн хэмээн жинтэйхэн үг хэлээд авав.

Нэгэнт байдал ийм болсон учир Ардчилсан намыхан хувь тавилантай эвлэрэн УИХ дахь бүлгийн дарга зэргээ шинээр томилж, З.Энхболд ч үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тус намын залуучуудын хувьд ч Зи дарга аль хэдийнэ итгэлийг алдан тэднээс яаралтай огцорох шаардлагыг сонгуулийн дараа аваад байсан.

Харин одоо Ардчилсан намын ирэх дөрвөн жилийн удирдлагыг хэн авах вэ гэдэг асуулт үргэлжилсээр байна. Намын ҮЗХ, Гүй­цэтгэх зөвлөл шат шатны хур­л­ууд удахгүй болно. Гал ассан тулаан болно. Фракцууд тус тусдаа энэ дайнд бэлтгэж байна. Гэхдээ фракц болгонд шинэчлэлийн туг болчих хүн алга. Нөгөө л хуучин УИХ-д нэр дэвшээд унасан нөхдүүд гарч ирэх гээд зовлон оргиж байгаа дуулдана лээ. Харин 40-өөс доош насны залуус нь тусдаа хөдлөхөөр сэм уулзалдаж эхэлсэн тухай мэдээлэл байгаа. Гэвч тэд чадах эсэх нь эргэлзээтэй.

АН-ынхан шинээр байгуулагдсан УИХ-ын гишүүдээсээ арай дөнгүүрийг нь намын даргын суудалд зална гэсэн үг. Ийм хувилбараар намын дарга болох хоёр хүний нэр дуулдаж байгаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Лу.Болд хоёрын аль нэг З.Энхболдоос намын тамгыг гардах бололтой.

Одоогоор Д.Эрдэнэбат гишүүн намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл намын даргад яригдаж буй тэрбээр энэ албыг сайн хашина гэдэгт итгэлтэй хүн ховор байна. Улс төрийн гараагаа МАХН-аас эхлүүлсэн гэх мэтээр олон янзын ноотой энэ эрхэм өмнө нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тийм ч сайн ажиллагаагүй. Харин ч бусдын дургүйцлийг хүргэж байснаас гадна жижиг намын тогтолцоог улс төрөөс арилгана гэх мэт бодлого баримталж Буянгийн Жаргалсайханы бухимдалыг хүртэл бага үгүй хүртээд авсан нэгэн.

Өдийг хүртэл тоймтой сайн ажил гүйцэтгээгүй энэ эрхэм уналтанд ороод байгаа Ардчилсан намын удирдагч болвол ирэх дөрвөн жил хэрхэн ажиллах бол гэдэг нь таамаг мэт л үлдэх болов уу даа.

 

 

С.Отгон