Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа
2016/07/14
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах уулзалтуудыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, манай оронд хүрэлцэн ирсэн Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер-т талархал илэрхийлээд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж шинэ шатанд гарсныг онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс Европын холбооны тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, боловсруулах үйлдвэрлэлд Европын технологийг нэвтрүүлж, олон улсын стандартад нийцсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэх зэргээр тус хөнгөлөлтийг бүрэн ашиглах, уул уурхайн салбараас хэт хараат байдлыг сааруулах зэрэг шаардлага байгааг дурдаад, энэ чиглэлд дэмжиж ажиллахыг Европын комиссын ерөнхийлөгчөөс хүслээ.
Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд ажилд нь амжилт хүслээ. Мөн Монгол Улсад гурав дахь удаагаа зочилж байна гэдгээ тодотгоод цаашид Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллана гэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газар нээх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал болохыг тэмдэглэлээ. Тус холбооны зүгээс манай улсад Дипломат төлөөлөгчийн газар нээх талаар улс төрийн ямар нэгэн асуудал байхгүй, гагцхүү төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдал тулгамдаж байна. Цаашид энэ асуудлыг үргэлжлүүлэн ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.