Манай улс энэ сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дэх уулзалтыг нийслэлдээ зохион байгуулж байна. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд олон талт яриа хэлэлцээ болж, эхний үр дүн гарч эхлээд байна.

Сингапур руу 30 хүртэл хоног визгүй зорчино

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний айлчлалын хүрээнд “Иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих” баримт бичгийг холбогдох байгууллага хооронд байгуулах зарчмын тохиролцоонд хүрлээ.

Сингапур улсын Засгийн газрын тэргүүн Монгол Улсад хийсэн анхны айлчлалаараа энэхүү тохиролцоонд хүрэв.

Хятад Улс 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөв

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Хятадын тал хугацаа хэтэрсэн өрийн асуудал болох 1958, 1960 онд авсан зээлийн өрийн үйлчилгээний үлдэгдэл, 1991, 1992, 1994 онд авч ашигласан зээлийн үндсэн төлбөр нийт 38 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээс Монголын талыг бүрмөсөн чөлөөлсөн хэлэлцээр байгууллаа. Түүнчлэн уг хэлэлцээний үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ манай талаас тавьсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлэх ёслолын ажиллагаанд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян оролцож, тус төвийн барилгын ажлын гэрээ бодитоор хэрэгжиж эхлэлийг тавьлаа.

Хоёр улс худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчмын тохиролцоонд хүрч, нийтдээ 10 гаруй баримт бичиг байгууллаа.

Япон Улстай ЕБС-ийн жишиг сургууль барих асуудлаар хамтарна

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдлээ.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн хамтран ажиллах санаачлагыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат талархан хүлээн авсан бөгөөд цаашид эдийн засаг, тээвэр, байгаль орчин, батлан хамгаалах, хөдөө аж ахуйн болон жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Вьетнам Улс Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэв

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фукийн манай улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоо, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны гэрээнд Монголын ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ву Тиен Лок нар гарын үсэг зурлаа.

Мөн Вьетнам улсын талаас цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдээд байна.

Б.Туул

Эх сурвалж: http://www.montsame.mn/