УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилов. Үүний дараа Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Дөрвөн сайдын нэрийг хэзээ оруулж ирэх юм бэ? АТГ-аас түтгэлзүүлсэн юм уу? Ямар зөрчил гарсан талаар Ерөнхий сайд тодорхой хариулт өгнө үү? МАН 20 хонолгүй амлалтаасаа буцлаа. Мэргэжлийн биш нэг тийм бизнесийн засгийн газар боллоо. Давхар дээлгүй байна гэсэн амлалт чинь худлаа боллоо. Ж.Мөнхбатаа сэтгэлийн хөөрлөөр битгий хандаарай. Чи хоёр жилийн өмнө давхар дээлийг эсэргүүцэж байсан. Залуу хүн ихийг сурах байх, хэлсэн үг хийсэн үйлдээ эзэн болоорой. Амжилт хүсье, зөв дээр дэмжиж, бурууг чинь шүүмжлэх болно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хуулийн хүрээнд Ерөнхийлөгчтэй дахин зөвшилцөн нэрийг оруулж ирнэ. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн дүгнэлт ирсэн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсийн хичнээн хувь нь мэргэжлийн хүн бэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Миний нэр дэвшүүлсэн 11 сайд бүгд мэргэжлийн, салбартаа ажиллаж байсан, эрдмийн зэрэг хамгаалсан. Би сайн баг бүрдүүлсэн гэж бодож байгаа. 100 хувь мэргэжлийн баг.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 40 хүрээгүй залуу хүн гэдгийг мэднэ. Залуу хүн төгс төгөлдөр биш. Алдаагаа засаад самбаачлаад хийж чадвал чадна. С.Бямбацогт чадсан болохоор чи чадна. Хэдэн зүйл захиж хэлмээр байна. Захиргааны хуулийг шинэчлэн гаргасан. Сайд болсныхоо дараа хаан болсон юм шиг яамдыг самарна. Ноён нуруутай байгаарай. Наадуул чинь төр самарна шүү. Сайд нараа зөв чиглүүлж, удирдаарай гэж санал хэлсэн.

Үүний дараа Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхэд санал хураалаа. Санал хураалтад УИХ-ын 64 гишүүн оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар томилов.

 

 

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын намтар:

Тэрбээр 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын хоёрдугаар төрөхөд төрсөн. 34 настай, морь жилтэй. Батцэнгэл сумын уугуул.
1995 онд Архангай аймгийн Тунгалагтамир хоршооллын найман жилийн хоёрдугаар дунд сургууль,
1997 онд Архангай аймгийн арван жилийн “Авъяас хөгжүүлэх тусгай сургалттай цогцолбор” сургууль,
2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
2008 онд АНУ-ын Жоржтауны их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцсан.
2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах,
2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт,
2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч,
2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга,
2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.