УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Үүний дараа Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 0287-р ангид би ажиллаж байсан. Хилчдийн гэр бүлийн асуудал их хүнд байдаг. Хүүхдүүд нь цэцэрлэгт явж чаддаггүй, гэр бүлээрээ ажиллаж байгаа болохоор эргээд ирэхэд нь төрөөс дэмжих бодлогогүйгээс болоод хохирдог. Үүнд анхаарч үзэх зайлшгүй шаардлага байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Б.Бат-Эрдэнэ 4 дахь удаагаа УИХ-д сонгогдож байгаа гишүүн. Анх удаа сайдад томилогдож байгаад баяр хүргэе. Цэргүүд их нялзрай болсон. ААН-үүд цэргүүдийг ажиллуулах гэхээр олдоггүй гэж байгаа. Тиймээс цэргийн хүчээр ургац хураалтын ажлыг хийлгэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сайдад хандаж хэлэхэд БХ-ийн багц таван хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээгүй байгаа. Хуулийн эцсийн хэлэлцүүлгийг яаралтай хийгээрэй. Батлан хамгаалах салбарын хүмүүстэй уулзаж байхад цолны мөнгөний асуудал яригддаг. Цолны мөнгийг олгох асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Яаралтай батлуулаарай.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Офицеруудийн мөнгө төгрөгний асуудлыг нь анхаараарай. Мөн улс төрждөгийг болиулмаар байна. Та бол бүх цэргийн команплагч болохоор явж байсан хүн. Одоо бол бодлогыг хэрэгжүүлэхээр явж байна. Эрх зүйн бодлогын хувьд шинэчлэгдэж байгаа. Та болохыг нь аваад, болохгүйг нь хаяаарай. Улс орны бүтээн байгуулалтад цэргийг дайчлаарай. Хувийн хэвшлийнхэд хэрэггүй байх. Энхийг сахиулагчдын аюулгүй байдал, цалин мөнгөнд анхаараарай.

Үүгээр гишүүд санал хэлж, асуулт асуусны дараа Б.Бат-Эрдэнийн Батлан хамгаалахын сайдад томилох эсэхэд санал хураасан юм. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томиллоо.

Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн намтар:

Төгссөн сургууль, мэргэжил

1982 онд

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль

1990 онд

Цэргийн дээд сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Хууль зүйн магистр

Ажилласан байдал

1983 - 2000 онд

Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэгт тамирчин, Орлогч дарга, Дарга

1999 - 2004 онд

"Аварга" биеийн тамирын дээд сургуулийн захирал

2004 - 2008 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 - 2012 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин

1990 онд Монгол Улсын дархан аварга

1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал

1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, Сүхбаатарын одон