УИХ-ын нэгдсэн чуулган 21:40 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 61 буюу 95.3 хувь нь дэмжснээр У.Хүрэлсүхийг Шадар сайдаар, Ж.Мөнхбатыг ЗГХЭГ-ын даргаар, Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилов. Мөн УИХ-ын 64 гишүүн санал хураалтад оролцсноос 58 буюу 90.6 хувь нь дэмжснээр Б.Бат-Эрдэнийг Батлан хамгаалахын сайдаар томилсон. УИХ-ын 63 гишүүн санал хураалтад оролцсноос 59 буюу 93.7 хувь нь дэмжснээр Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдад томилсон. Үүний дараа Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн томилох эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төвсийн алдагдао 1.2 тэрбум төгрөг болоод байна. Бид өнгөрсөн хугацаанд төсвийн реформыг хийж чадаагүй. Уялдаатай, томоор нь төсвийн бодлогуудаа харахгүй бол бид алдана. Өнгөрсөн засгийн газрын хийсэн, үргэлжлүүлэх ажил их байгаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Сайд болох гэж байгаа хүмүүст хандаж хэлмээр байна. Ийм хүнд нөхцөлд итгэл хүлээн сайд болох гэж байгаа та бүхэнд амжилт хүсмээр байна. Нийгэмд тулгамдаж байгаа ажлыг төгс хийгээрэй. Сайд болох сонирхолтой олон хүн байх шиг байна. Тиймээс сайд болж байгаа хүмүүс сэтгэл гаргаж ажиллаарай. Үүнийг би өөрийнхөө амьдралаар ойлгож байгаа. Тэнгэрт гарч болохгүй шүү. Хэрвээ та бүхэн сайн ажиллахгүй бол та нөхдийн ажлыг аваад сайн хийх боловсон хүчин байгааг санаарай. Салбар бүрт орон нутагт анхаарах асуудал их байгаа. Асуудлуудад хамтран ажиллаж, та бүхнийг шахаж ажиллах болно.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төлбөрийн тэнцэл алдагдалтай хүнд нөхцөлд энэ албыг авч байна. Эрдэнэт саалийн үнээ хэвээрээ байгаа. Энэ том үйлдвэрийн 49 хувийн асуудал дэгдээд байгаа нь харамсалтай. Үүнд ЗГ ард түмэнд мэдээлэл өгмөөр байна. Манай арилжааны 13 банк ганцаараа авч чадахгүй. Тэгтэл нэг банк авсан байна. Хязгаарлалтыг давсан байх магадлалтай тул мэдээлэл өгөөрэй. Энэ нь Дарханчуудад нөлөөлөхөөр байна. Асуудал үүсэх юм бол 6 сар зогссон Дарханы төмөрлөгийн үйлдвэр дахин зогсох эрсдэлтэй.

УИХ-ын гишүүн С.Батболд: Хэцүү байгааг хүн бүр л хэлж байна. Эхний 6 сарын байдлаар макро эдийн засгийн үзүүлэлт, өрийн асуудлаар мэдээлэл хийж, ямар бодлого баримтлахыг ярих шаардлагатай байна. Төсвийн хуулийг хэрхэн зөрчихийг өнгөрсөн 4 жилд үзүүллээ. Үүнийг бид ирэх 4 жилд засах ёстой. Засах бодлогын ажлуудаа оруулж ирэх юм бол төсөвтэй хамт ярих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Эрдэнэтийн ажил дээр юунаас эхлэх гэж байна вэ?УИХ-тай хамтрах уу? Оюутолгойн гэрээ хэлэлцээрт зөрчил илрүүлсэн. Зөрчлийг арилгаагүй. Зөрчлийг арилгахад төсөвт мөнгө төвлөрөх боломжтой. Ажлын ачаалал даах чадвар өндөр байх. Гадаадын зээл тусламжинд мониторинг хийх хэрэгтэй байна. Буцааж төлдөг өр болохоор гарын салаагаар урсгамааргүй байна.

Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Эрдэнэт үйлдвэрт болж байгаа үйл явдалд таньтай адилхан мэдээлэлтэй байгаа. Гэрээнүүдийг хянаж үзээд эргээд таньд хариу өгье.

УИХ-ын гишүүн Тогтохсүрэн: Орон нутгийн төсвийг нэмэхэд анхаараарай. Орон нутгийн хөгжлийн санд анхаараарай. Төсвийн тодотгол хийхдээ Өвөрхангай аймгийн боловсролын төсөвт анхаараарай.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төсвөө батлахдаа буруу тоо оруулснаас болж эдийн засаг өнөөгийн байдалд хүрсэн. Төсвийн тодотголоо хурдан оруулж ирээрэй.

Нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн жилүүдэд худлаа тоо баталж байсан нь үнэн. “Сайн” нэртэй хөтөлбрүүдийг хэрэгжүүлэх мөнгө төсөвт суугаагүй.

 

 

УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Б.Чойжилсүрэн гишүүнийг Сангийн сайдад томилох эсэхэд санал хураалаа. Санал хураалтад УИХ-ын 61 гишүүн оролцсноос 58 буюу 95.1 хувь нь дэмжснээр Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилов.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн намтар:

 

Төгссөн сургууль, мэргэжил

1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1993 - 1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал

1995 - 1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал

1999 - 2006 онд "Хурд Хүнс" ХХК-ий захирал

2006 - 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга

2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

2009 онд Алтангадас одон

2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон